Хаалганы цаадах хүчирхийллийг “ёс суртахуун” л хазаарлана

e14426ecbef3e6fcd561728653c13281_LГэр бүлийн хүчирхийлэл нийгмийн нэг үзэгдэл болоод удлаа. 2010 оноос хойш 49 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас ойр дотныхоо хүний гарт амь насаа алдсан гэсэн тоо баримт байна.

Хорих ангид хүн амины хэргийн улмаас ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн 30 хувь нь нөхрийнхөө амь насыг хөнөөсөн  бөгөөд судалгаагаар тэдгээр эмэгтэйчүүд удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нь тодорхой болсныг албаныхан онцолж байв. Үнэндээ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол орчин цагийн асуудал биш. Гэр бүл үүссэн түүхийн туршид байсаар ирсэн асуудал юм. Монголчууд бүр эрт дээр үеэс гэр бүлийн гишүүдийн хоорондын асуудлыг ёс суртахууны  уламжлал дээр үндэслэн  шийдвэрлэж ирснийг 13 дугаар зууны үеийн түүхэн эх сурвалжаас харж болох юм. Тэр үед Монголын эмэгтэйчүүд ёс журамтай, хэрүүл тэмцэлгүй, эхнэр, нөхөр нь бие, биендээ үнэнч,элдэв самуун  явдалгүй” хэмээн бичсэн нь бий. Эндээс үзвэл  Монгол гэр бүлийн ёс суртахуун ийм зүйл дээр суурилж байж гэдгийг харж болох юм. Тиймээс эрх гэхээсээ илүүтэйгээр  үүргийн асуудлыг хөндөх ёстой болж байна. Эрт дээр үед үүргээ чин сэтгэлээсээ хэрэгжүүлэхийг чухалчилж байж. Тухайлбал, эцэг хүн  аав шиг, эх хүн ээж шиг, хүүхэд нь  хүүхдээрээ байж,  гэр бүл эв түнжинтэй жам ёсныхоо дагуу амьдарч байсныг түүхийн эх сурвалжид тодотгожээ. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл хэмээх нийгмийг хамарсан эл үзэгдлийн цаад шалтгаан нь дээрх  жам ёсны  холбоос үүргээ умартсантай холбож болох юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгаан нь эхнэр, нөхөр хоорондын ёс суртахуун жам ёсны  харилцаа эвдэгдсэнээс үүдэлтэй. Нийгэмд  гэр бүл болоод үр хүүхэд төрүүлж, өсгөж бойжуулах гол үүргээ умартан, бие, биенийхээ итгэлийг эвдэх, амьдралд гарсан бэрхшээлдээ сөхөрч сэтгэл санаагаар унах нь элбэг болжээ. Ихэнхдээ  уур хилэнгээр асуудлыг шийдэх болсноор гэр бүлийн хүчирхийлэл газар авч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Эндээс үзвэл хүчирхийллийн үндсэн шалтгааныг гэр бүлийн ёс суртахуунаас хайх ёстой болох нь.  Дээрх баримтаас гэр бүлийн хүчирхийллийн  асуудлыг хуулиар биш гэр бүлийн харилцаан дахь ёс  суртахуунаар  шийдэх нь зөв гэсэн гаргалгаа гарч ирж байна. Гэр бүлийн хүчирхийлэл  нийгмийн хавтгай үзэгдэл боллоо хэмээн шалтгаантай   бус  үр дүнтэй нь  тэмцсэнээр асуудал шийдэгдэхгүй ээ. Харин ч өөгших түүх бий. Тодруулбал 1917 онд америкчууд  архидалттай тэмцэхээр Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж  асуудлыг  шийдэхээр болж. Хууль санаачлагчид нь архидалтыг зогсоож гэмт хэрэг буурна гэдэгт итгэл төгс байжээ. Харин 1929 онд  бүх зүйл нь эсрэгээрээ эргэж зохион байгуулалттай гэмт хэрэг газар авч, биеэ үнэлэх, хулгай дээрэм ихэсч америкчууд “хуулиар асуудлыг хорьж  болохгүй юм байна” хэмээн хуулиа цуцалсан аж. Эндээс албадлагын хүчээр буюу хуулиар асуудлыг шийднэ гэдэг өрөөсгөл ойлголт гэдгийг харж болох юм.

2004 онд баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын эмэгтэй гишүүд ажиллаж  байгаа. Хуульд орж буй гол зохицуулалтад “хүүхдийн эсрэг хүчирхийлэл” гэсэн бүлэг нэмэгдэж байгаа аж.  Мөн л энд хүүхдийн хүчирхийллийн асуудал гэхээсээ илүү ёс суртахууныг хөндөх  хэрэгтэй. Учир нь монголчууд бүр эрт дээр үеэс эхлэн ёс суртахуунгүй үйл үйлдсэн үр хүүхдээ хаацайлдаггүй, буруу үйлдлийг буруушаадаг байсан. Балмад явдал гаргасан тохиолдолд үр хүүхдээ өмөөрдөггүйгээс гадна насанд хүрэгчдийн зүгээс хүүхдүүдэд тавих хяналт өндөр байж. Гэтэл өнөөдөр монголчууд хүүхдэдээ тавих хяналтаа сулруулснаас болж  охид харийн оронд хүний наймаанд өртөх, хөвгүүд нь хэрэг төвөгт орох явдал ихсэв.Ийм үед  яс үндэс, аж төрөх ёс, соёл, шашин шүтлэг тэс  өөр нийгмийн зохицуулах аргыг  монголын хөрсөнд буулгах нь зохимжгүй. Нэг үгээр хэлбэл хүүхэд нь эх, эцгийгээ хуулийн байгууллагад ховлодог “цэс”-ийг шууд хуулбарлах боломжгүй юм. Эцэг нь архи ууж ирээд эхнэр, хүүхдээ хядчих гээд байх юм бол тэнд жинхэнэ хүчирхийлэл үүснэ. Тэрнээс хүүхэд нь эцгийнхээ үгэнд орохгүй. Хүүхдэдээ сургамж болгох зорилгоор хэд алгадаад авсныг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчлөө гэж хэлж болохгүй юм.  Монголын нийгэмд  “хал нь гаднаа хайр нь дотроо” гэсэн ухаанаар үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн түүх уламжлал бий.

Улсын хэмжээнд 2008-2012 оны байдлаар 1589 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн хохирогч болжээ. Үүнээс 61 хүн амь насаа алдаж, долоон хүн амиа хорлоход хүрч 1092 хүн гэмтэл авч, 53 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт бий. Хүчирхийллийн улмаас үүссэн дээрх гэмт хэргүүд буурахгүй байгаа нь нэг талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль болон бусад холбогдох хуулиудад хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах механизм, оновчтой зохицуулалт байхгүйтэй холбоотой хэмээн зарим мэргэжилтнүүд тайлбарладаг.  Гэр бүлийн харилцаан дахь зөрчилтэй хурцадмал байдлыг хүчирхийлэл гэж томъёолоод төрийн албадлагын хэрэгслээр зохицуулснаар асуудал шийдэгдэхгүй аж.  Нөгөө талаас  нийгэм, хамт олноороо хүчирхийллийн энэ үйлдлийг буруутгахгүй, харин ч өөгшүүлэн дуугүй байсаар байгааг шүүмжилсээр ирэв. Хүчирхийлэл  хууль бусаар нигүүлсэнгүй,  харгис,  балмад араншид үндэслэсэн зүйл. Нэг нь үнэхээр буруу юм хийсэн. Нөгөөх нь буруу зүйлийг нь эсэргүүцээд түлхчихэд гэр бүлийн хүчирхийлэл гээд хуулийн байгууллагынхан хөндлөнгөөс оролцоод байвал гэр бүлийг  сарниахаас биш батжуулахгүй гэдгийг сэтгэл зүйчид хэлж байна.  Мөн сүүлийн жилүүдэд эд хөрөнгө, мөнгөний хүчирхийлэл бий болжээ. “Би энэ айлыг авч явж байна” гэсэн хандлагаар эр нөхрөө хараат байлгадаг эмэгтэйчүүд бий болсныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхэн хэлж байсан. Харин гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй хэргүүдийн  цаана албан ёсны  бус  хамтран амьдрагчид байдгийг  шүүх цагдаагийнхан онцолж байв.  Энэ нь манай нийгэмд хамтран амьдрагч гэсэн гадны хэв маяг орж ирээд үүрээ зассантай холбоотой. Гэр бүлийн хүчирхийлэл даамжраад хүний амь нас хохироосон  тохиолдолд  хууль ёсны гэр бүлийг хамааруулна хэмээн хуульчид тайлбарлаж байна. Тиймээс  хуулийн үг үсэг болгоныг маш нарийн  болгох, түүнийг нэг мөр зөв ойлгоход гажуудал үүссэн хэмээн салбарынхан шүүмжлэлтэй хандаж байна. Ийнхүү гэр бүлийн хүчирхийлэл улам нарийсч асуудлыг шийдэх эрэлд төрийн тэргүүнээс эхлээд хүн бүр  оролцож байна. Гол нь “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг үгээр өөрийгөө тайвшруулж хэн нэгэн хүн хүчирхийлэлд өртөж байхад чимээгүй бүү суу гэдэгт хүмүүс саналаа нэгтгэж эхэллээ. Гэхдээ цагдаа хүчний байгууллага, хуулиар  шийдүүлнэ гэхээсээ илүүтэйгээр гэр бүлийн маргаантай хурцадсан энэ асуудалд  сэтгэл судлаачид л туслах юм. Түүнээс биш цагдаа очсоноор тухайн гэр бүлийн маргаан цэгцрэхгүй. Дан ганц хуулийн хариуцлагыг яриад гэр бүлийн хүчирхийллийг зогсоохгүй гэдгийг бодолцох цаг хаана хаанаа иржээ. Хамгийн гол нь хүчирхийллийг багасгахад гэр бүлийн сэтгэл зүйг эрүүл байлгах, орон байр, нийгэм, эдийн засгийн  хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, архидан согтуурлаас  хөндий байлгах  гээд нийгмийн олон талт арга хэмжээг авахад төр бодлогоо чиглүүлж ажиллах ёстой. Амьдрах орчин нөхцөл сайжирснаар тухайн нийгэмд гэр бүлийн үнэ цэнэ нэмэгдэнэ. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын системд болон их, дээд сургуульд ёс суртахууны  талаар  хичээл  оруулж хүн болох суурийг сайн тавьснаар хэтдээ гэр бүлийн хүчирхийлэлээс ангижирна. Хөгжлийн өндөр түвшинд хүрсэн  улс орнуудын хувьд “ёс суртахуун”-ыг төрийн бодлого болгож хэрэгжүүлснээр хөгжиж буйг судлаачид хэлж байна. Тухайлбал дэлхийн шинжлэх ухаан технологийг тэргүүлэгч  Япон улс  “Самурай” уламжлалт ёс суртахуунд үндэслэн төрийн бодлогоо боловсруулсан бол  урд хөрш Кунзийн сургаалийг үндэслэн хөгжиж буй юм. Нэг ёсондоо  улс орнууд уламжлалдаа суурилан ёс суртахууныг чухалчилснаар хөгжлийн замаа засч байна. Үүнтэй адил манай улсын хувьд  монголын уламжлалт ёс суртахууныг  төрийн бодлогын хэмжээнд хүчтэй болгосноор ганц гэр бүлийн хүчирхийлэл  ч биш Монгол Улс  хөгжих нөхцөл бүрдэх юм.

Б.Ариунзаяа


URL:

Сэтгэгдэл бичих