Дөрвөн шинэ троллейбус үйлчилгээнд гарав

Шатахууны хомсдолтой холбоотой нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус цөөрсөн. Тиймээс өчигдөр монголчуудын бүтээсэн дөрвөн шинэ троллейбусыг хотын замд гаргалаа.

Шинээр үйлчилгээнд гарч буй 110-180 хүний багтаамжтай троллейбусуудыг бүтээхэд хотын төсвөөс 500 сая төгрөг зарцуулжээ. Цаашид цахилгаангүй үед ч ажиллах чадвартай доубус 13-ыг нэмж үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Гадаадаас троллейбус худалдаж авахад нэг бүр нь 140 гаруй мянган ам.долларын үнэтэй байдаг бол Цахилгаан тээвэр компанийн инженерүүд 100 орчим сая төгрөгт багтаан эх орондоо троллейбусыг угсарсан гэнэ.

Одоогоор нийслэлийн хэмжээнд гурван чиглэлд 50 троллейбус иргэдэд үйлчилж байгаа аж. Автобус компаниуд үнээ нэмж, том хүн 400, хүүхэд 200 төгрөгөөр үйлчлүүлж байгаа өнөө үед троллейбус том хүнийг 200, хүүхдийг 100 төгрөгөөр тээвэрлэх юм байна.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих