Барцад ихтэй БХЯ хурандаа Х.Зоригтыгоо бас илгээх үү
Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн төв архивын газраас нууцын зэрэглэлтэй материал алдагдсан хэрэг маш
нууц байдалд өрнөж байна. Албан ёсоор мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаагүй ч энэ хэргийн буруутныг дотооддоо тандах, хэргийг сөхөх, үнэн мөнийг олох ажиллагаа нууц байдалд эхэлсэн аж. 2012 онд Цэргийн төв архивын газрын даргаар ажиллаж байсан Хурандаа Х.Зоригтыг “маш нууц” гэсэн цэргийн нууцтай холбоотой материалыг гаргаж хятадуудад өгсөн хэргээр шалгаж байцааж байсан билээ. Уг “маш нууц” гэсэн бичиг баримтыг нэгэн офицерийн мэдээлж байснаар Хатанбаатар Магсаржавтай холбоотой түүхийн чухал баримт байсан хэмээсэн ч энэ нь шалгалтаар тогтоогдоогүй тухай шуугиж байсан. Нөгөө нэг эх сурвалжийн хэлж байгаагаар бол 1945 оны чөлөөлөх дайны материал байсан бөгөөд нууцын зэрэглэлт хугацаа нь дуусаагүй байсан хэмээж байсан. Мөн хөндлөнгийн зарим эх сурвалж 1939 оны Халхын голын байлдааны нууц материал байсан ч гэдэг. Ийнхүү тодорхой зүйл олоогүй учир 2009 онд батлагдсан өршөөлийн хуулиар цагаатгасан юм. Гэтэл өдгөө энэхүү хэрэг дахин амь ороод эхэлснийг эх сурвалжууд мэдээлээд байна.
Өнөөдөр тодорхой албан тушаалтнууд энэ хэргийг сөхөх гэж байгаагаас үзэхэд хятад руу гарсан гэх тэр баримт зүгээр нэг цэргийн дүрэм журам байгаагүй хэрэг. Магадгүй, түүхийн болон маш нууц хэлбэрийн томоохон баримт бичиг байсан бололтой. Энэ хэрэг ид мандаж ахуй үед Х.Зоригт хурандаа огт хэрэггүй цаас хаягдалд тушаана гэх зэргээр ярьж байсан ч хятад руу гаргасан хэмээн баримтаар нотлохыг ч хичээж байсан.
Ямартай ч байлдааны онгоц хил дамнуулан худалдаалсан гэх хэрэгт нэр бүхий албан тушаалтнууд ял авснаар БХЯ-нд бугшаад байсан хэргүүд сөхөгдөж эхэлсэн. Түүгээр ч зогсохгүй, саяхан БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга, хурандаа Л.Ариунболд, БХЯ-ны газрын даргаар хурандаа цолтой ажиллаж байсан, өдгөө ГХЯ-ны Консулын газрын захирлаар ажиллаж буй Ш.Сүхбаатар, УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү, “МоХөТэ” компанийн захирал Б.Баттулга нарыг баривчлан саатуулаад байсан бол өдгөө энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа билээ. Ингээд барцад ихтэй байгаа Батлан хамгаалах яам ахиад нэг дээд офицероо шалгуулж таарах нь. БХЯ нэгэнт л барцадаа арилгаж байгаа бол хурандаа Х.Зоригтыг ч өмнөх хэдийнхээ хойноос илгээж магадгүй юм.
Н.Дөл
URL: