Орчин цагийн үлээвэр хөгжим Богд хаант Монгол улсад үүсч дэлгэрсэн нь

527-13938328722bd7c1d7462261f6bigЭртний Ази, Дорно дахин, Грек, Египет улсад одоогоос 3000 жилийн өмнө флейт хөгжим үүссэн түүхтэй бөгөөд нэн эртний энэ хөгжмийг үлээвэр хөгжмийн “эцэг” гэж үздэг. XYI зууны үеэс цэргийн аян дайнд гуулин үлээвэр хөгжим хэрэглэгдэх болж, тэр цагаас Франц, Орос зэрэг орнуудад үлээвэр хөгжим үүсэн бий болж, одоо бүх улс оронд дэлгэрчээ.

Үлээвэр найрал хөгжмийг ёслол хүндэтгэл, цэргийн жагсаал, нийтийн баяр цэнгэлд өргөн хэрэглэдэг учир бусад найрал хөгжмөөс онцлог юм. Үлээвэр найрал хөгжмийн зохиолын гол төрөл нь марш. Дэлхийн алдартай хөгжмийн зохиолч Гендель, Меюль, Бетховен, Вагнер, Рубиштейн, Римский, Корсаков нар үлээвэр найрал хөгжимд зориулж шилдэг бүтээлүүдээ туурвисан байдаг.

Монголчууд эрт дээр цагаас олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй байж, түүнийгээ найрал хөгжим болгон тоглож байсан тухай түүхийн сурвалж бичигт тэмдэглэн үлдээжээ.

Энэ талаар Юань улсын судрын 77-71 дүгээр дэвтэрт бий. Мөн Шинжлэх ухааны хүрээлэнгээс 1960 онд хэвлүүлсэн монгол бичгийн багш Бадрахын “Монгол хөгжмийн тухай” номонд 60 төрлийн хөгжмийн зэмсэгтэй байсан тухай өгүүлсэн бол Тан улсын /618-917/ үед хөгжмийн зэмсэг өргөн хэрэглэж байсан тухай нангиад бичиг зохиолоос иш татаж дурьдсаныг үзэхэд монголчууд хөгжмийн соёлоороо бусад улс үндэстнүүдээс дутуугүй байсныг гэрчилнэ.

Ийнхүү монголчууд эрт дээр цагаас үндэсний хөгжмийн зэмсэгтэй байсан төдийгүй хөгжимдөх, дуу аялгуугаа тэмдэглэдэг “яньиг” нэртэй хөгжимдөх тусгай үсэгтэй байсан баримт мянган жилийг туулан бидэнд иржээ.

Өнгөрсөн зууны эхээр Өрнийн сонгодог үлээвэр хөгжмийг Богд хаант Монгол Улсын торгон цэргийн хөгжимчид анх эзэмшин боловсорч, орчин цагийн хөгжмийн HOT тэмдэглээний учрыг олж дэлгэрүүлсэн бөгөөд тэд дуулах, хөгжимдөх, нотны ухааныг түгээсэн монголын хөгжмийн урлагийн манлайлагчид билээ.

Улс үндэстнээ харийн эрхшээлээс чөлөелөх үйл хэрэгт зүтгэж, эх орноо хөгжүүлэхэд олон чухал зүйл сэдэж бүтээсэн зоримог хүмүүс Богд хаант улсад цөенгүй байжээ. Тэдний нэг нь Монгол Улсын ерөнхий сайд Т.Намнансүрэн юм.

Тэрбээр манай төр, засгийн төлөөлөгчдийг ахлан 1913-1914 оны заагаар Хаант Орос Улсад албан ёсны айлчлал хийж, улсынхаа тусгаар тогтнолыг зөвшөөрүүлж, олон улсын хэмжээнд баталгаажуулах, тус улсаас зээл тусламж авах гэрээ хэлцэл хийхээр явжээ. Ингэж явахдаа Санкт Петербургийн их бууны сургууль дээр Т.Намнансүрэнг зочлоход цэргийн хөгжим эгшиглүүлэн угтан авчээ.

Энэ ёслолын дараа монголдоо ийм хөгжимтэй болохыг хүсч байгаа тухай Хаант Оросын Засгийн газарт илэрхийлж, 20000 винтов, их буу, пулемёт, 3 сая рублийн зээл бүтээснээс гадна түүний хувийн хүсэлтийг хүлээн авч 8-10 хүн хөгжимдөх гуулин үлээвэр хөгжмийн зэмсэг бэлэглэснийг эх орондоо авчирчээ.

Богд хааны торгон цэрэг 86 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд түүний дэргэд бүрээчдийн салбар байгуулж, хүрээнд амьдарч байсан орос хар лам А.А.Кольцовыг сургагч багшаар урьж хөгжимдөх арга зүй, нот тэмдэглэгээг заалгажээ. Энэ үеэс л цэргийн хөгжимчид гуулин хөгжим үлээж, италиас гаралтай “нота” хэмээх хөгжмийн тэмдэглэгээг хэрэглэх болж Өрнийн хөгжмийн соёлыг Монголд анх удаа нэвтрүүлсэн түүхтэй.

Богд хааны торгон цэргийн бүрээчдийн салбар 1914 оны 11 дүгээр сард Их хүрээний ард олны өмнө хөгжим эгшиглүүлж, орчин цагийн үлээвэр хөгжмийн эх суурийг тавьсан гэдэг. Энэ хөгжим тухайн цагт Богд хааны ёслол хүндэтгэл, ордны зугаа цэнгэлд үйлчилж байсан агаад монгол ардын “Зуун лангийн жороо луус” дууны аялгууг Богд хаант Монгол Улсын төрийн дуулал болгох шийдвэр гаргаж, Орос улсын Санкт Петербургийн Марины театрын нэгдүгээр хийлч А.В.Кадлециар үлээвэр хөгжмийн найруулга хийлгэж байжээ.

Ардын    хувьсгалын партизан, дипломатч, нэрт соён гэгээрүүлэгч, хөгжмийн зохиолч, алдар гавьяат дууч Магсар-Хурцын Дугаржав 1934 онд “Долоон хошууны даншиг наадам” хэмээх гap бичмэлдээ “… Хаан өргөмжилснөөс хойш шадар цэрэг жагсаж цэргийн хөгжим үүсэх болов” гэж тэмдэглэсэн нь бий.

Төр шашны ёслол, олон ардын цуглааны үеэр мөнөөх “Зуун лангийн жороо луус” дууг эгшиглүүлэхээс гадна монгол ардын дуу “Ная хүрсэн настангууд”, “Гунан хар”, “Гандан уул” зэрэг дууны аялгууг үлээвэр хөгжмөөр хөгжимдөж олныг гайхшруулж байжээ.

Ийнхүү Богд хаант Монгол Улсад цоо шинээр үүсч хөгжсөн Өрнийн сонгодог үлээвэр хөгжим, хөгжмийн боловсрол, нотыг анх нэвтрүүлж хөгжүүлсэн түүхэн гавьяатай хүмүүс бол цэргийн хөгжимчид мөнөөс мөн билээ.

МХЗХ-ны шагналт хөгжмийн зохиолч Ж.Даваа

Эх сурвалж: “Соёмбо” сонин


URL:

Сэтгэгдэл бичих