Дизель түлш 5000 тонныг оруулж иржээ

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байна. Энэ асуудлын талаар бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдээлэл хийв.

Дизель түлшний нийлүүлэлт тасарснаас уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобусны 30 орчим хувийнх нь хөдөлгөөнийг хязгаарлалтад оруулаад буй. Тэгвэл ямар ч байсан эхний ээлжинд Монгол 5000 тонн дизель түлш оруулж иржээ. Ингэснээр 17 мянган тонн дизель түлшний нөөцтэй болсон аж. Түүнийг дагаад төмөр зам, нийтийн тээврийн шатахууны хангамж хэвийн болж эхэлжээ. Мөн шатахуун түгээх станцууд өнөөдрөөс эхлэн 20 мянга хүртэлх төгрөгийн дизель түлшийг хэрэглэгчдэд олгож эхэлсэн гэнэ.

Гэхдээ орон нутагт байдал амаргүй болохыг дуулгалаа. Тус бүлгийн дарга өнгөрсөн хоногуудад Өвөрхангай аймагт ажиллах үед зарим сумдад дизелийн түлшийг дамлаж зарж байсан аж. Нэг литр шатахуун 3000 төгрөгт хүрэх болжээ. Малчдын хувьд нүүдэл суудал хийх цаг нь болчихсон байдаг,
гэтэл дизель түлшний үнэ нь хүчрэгддэггүй.

Уг нь өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Газрын тосны хэрэг эрхлэх газрынхан МАН-ын бүлэгт нефтийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн оны мөн үед захиалж байснаас хоёр дахин илүү их шатахууныг хойд хөршид захиалсан. Хаслаа гэхэд гуравны хоёр нь орж ирэх ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч өнөөдөр тэрхүү амлалт биелэлээ олоогүй байгаа тул холбогдох газруудын хувьд шатахууны нөөц бүрдүүлэлтдээ анхаарал хандуулж хөөцөлдлөгөө орхиж болохгүй гэж бүлгийн гишүүд үзжээ.

Нөгөөтэйгүүр, нефтийн үйлдвэр байгуулах асуудалтай холбоотойгоор бүлгийн гишүүд тодорхой саналууд тавьсан байна. Тэр дундаа жаахан нефтийн бүтээгдэхүүнтэй болонгуутаа үйлдвэр байгуулах асуудлаа мартаад, үнэ өсч, нөөц тасрахаар үйлдвэр барихаар судалгаа хийж байна гэдэг жижүүрийн үгээр аргалсаар он жилүүдийг элээж байгаа шигээ одоо энэ асуудалд алгуур хандаж болохгүй гэдэг анхааруулгыг ч өгчээ. Д.Зоригт сайд нарт тодорхой төлөвлөгөөг гаргах үүргийг бүлгээс хүлээлгэжээ.


Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих