Монгол ногооноос хорт бодис илэрчээ
Хүнсний эрүүл мэндийн асуудал өнөөдөр нэн чухал асуудал болоод байгаа бөгөөд Монголын хөрсөнд ургасан хүнсний ногооноос авсан дээжээс хорт бодис илэрсэн байна.
Гэтэл бид хятадын төмс ногоо хортой хэмээн аль болох үнэ өндөр ч монголын хөрсөнд тариалж ургуулсан төмс хүнсний ногоо хэрэглэхийг хичээдэг. Гэтэл өнөөх монгол ногооноос хорт бодис илэрсэн тухай мэдээллийг баримтаар дэлгэлээ. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийнхан Монгол ногооноос хорт бодис илэрсэн тухай мэдэгдлээ. Дээрх хоёр байгууллага хамтран хүнсний ногооны 275 дээжид хийсэн судалгаагаар 40 орчим хувьд нь дээрх хорт бодис илэрчээ. Сэлэнгэ аймгаас ирсэн дээжийн 55 хувь, Төв аймгаас 34 хувь, Өмнөговь аймгаас ирсэн дээжийн 33 хувьд нь бордооны орц, норм хэтэрсэн, өөр төрлийн хортой бодисын агууламж хэвийн хэмжээнээс илүү их байсан нь тогтоогджээ. Пестицид гэх бодис нь хүний төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг, дотоод шүүрлийн булчирхай, зүрх судасны тогтолцоонд нөлөөлөхийн дээр бэлгийн эсийг хордуулж, ургийн гаж хөгжилд нөлөөлдөг гэдгийг ЭМШУИС-ийн багш Г.Эрдэнчимэг хэлсэн юм.
Ингэхээр эрүүл хүнс гэдэг асуудал өнөөдрийн хувьд нэн тэргүүнд тавих асуудлуудын нэг болсны гэрч болсон аж.
Ч.Мөнхбат
URL: