Х.Тэмүүжин сайд өөрийн төрсөн хүү Т.Бүгүнүтэйг зүгээр үрчлүүлсэн үү?
Хууль Зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой дуулиан дэгдээд буй нь түүний хүүгээ бусдад үрчлүүлсэн явдал.
Хувийн амьдралтай холбоотой мэт уг үйл явдлын ард ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй хэмээн зарим улс төрчид үзэж байгаа юм.
Тодруулбал 2012 оны 2 сард тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн 15 настай хүүг тухайн үед Монгол Улсаас Канад улсад суух элчин зөвлөх байсан, “М-Си-Эс” группын дэд Ерөнхийлөгч, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Л.Элдэв-Очирт үрчлүүлсэн байна.
Харин 2013 онд яагаад ч юм бэ уг шийдвэрийг буцааж, Л.Элдэв-Очир Х.Тэмүүжинд хүүг нь буцаан өгсөн аж.
Энэ тухай Л.Элдэв-Очир :
” Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-нд томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” хэмээн өгүүлжээ.
Энэ асуудал нь “Ашиг Сонирхлын тухай хууль”-нд нийцэж буй эсэх, найзын нөлөөлөлд автсан эсэх асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгах гэнэ.
Э.Мягмар
URL: