Мөхөж буй Монгол судлал-II
Монгол судлалыг ч биш ер нь бидний нийгмийг алж байгаа нэг суурь эсэргүү байна. Энэ бол Би- хэмээх үзэл, миний хийлэн барих, аржил юм даа. Омогших, омогшил гэж ирээд л ярина бичнэ. Бурхны шашин бол сэтгэлзүйн шинжлэх ухаан гэж хэлж болохоор эрдэм мэдлэг. Хүнийг алдаа дутагдал гэм эрүүгээс нь салгах гэж бишгүй л үзсэнсэн. Харин үзэл суртлын хүлээснээс салсан манай эрдэмтдэд ёс зүйн хэм хэмжээг сахиулах суурь үзэл онол байсангүй. Тэгээд уугуул муу зан чанараа хөгжүүлсэн нэмж тэрийгээ сурталчилснаас л болоод ингээд уруудаж явна даа. Монгол судлал гэхээр л зөвхөн нийгмийн ШУ мэтээр ойлгож байна. Энэ буруу л даа.
Жишээ нь Австрийн Венийн их сургуульд химийн доктор хамгаалсан Дисаны Гүнбилиг гэж залуу бий. Жант буюу сохор хар хорхойг ардын эмнэлэгт гэдэс өвдөх үед залгиж эмчилдэг. Энэ сэдвээр хамгаалсан хүн. Баруунд хүлээн зөвшөөрөгдчихсөн химич. Монгол орны ургамлууд дахь стрессийн тухай илтгэлийг нь сонсч байлаа. Монгол судлалын хувьд байгалийн ШУ-аас нилээн гол төлөөлөгчийн нэг. Ер нь Монгол судлал яагаад их сонирхол татаад байдаг гээч. Энэ бол эмгүй, эмчгүй, эмнэлэггүй газар энэ нүүдэлчид яагаад ингээд амьдраад байж болоод байсныг л судлах гэсэн хэрэг. Зөгнөлт кинон дээр гардаг шиг хотжилтын дараах хөдөөжилт, мөстлөг, ган зуд гээд юу ч тохиолдож болно. Бидэнд инноваци болгож амжаагүй мянга, мянган туршлага бий. Монголчуудын мянга, мянган жил бүтээсэн үлгэр домгууд бол одоогоор академич Д.Цэрэнсодномын оюуны өмч болчихоод байгаа юм. Түүнээс зөвшөөрөл авахгүйгээр энд, тэнд хэвлэж, хуулбарлаж болохгүй. Яг үнэндээ энэ хүний гавъяа бол зүгээр л улсын томилолтоор цалан цавгийг нь аваад, явж эмхэтгээд, мөн л улсын мөнгөөр хэвлүүлж, зэрэг цуухыг нь авсан байх.
Да багш хэзээ ч кирилл үсэг, МНТ-оогоо ингэж хатуу хянаж, зоос мөнгөний нүдээр харахгүй л байсан байх л даа. Энэ хүн Богд хааны ордон музейн газраас музей байгуулна гэж авчихаад, APU, MSC компаниудад зарчихаад сууж байна. Юманд ханаж цадна гэж байх ёстой. Бид тэгээд ийм хүмүүсээс юу сурах юм бэ? Үлгэрийг хүүхдүүд л уншина. Тэд л худалдаж авна, тоглоно, хөгжүүлнэ. Академич Д.Цэрэнсодном гэдэг зохиогчтой гэдгийг нь харин хэлэх үү, болих уу? Монгол судлалд ханддаг хэд, хэдэн суурь сэтгэлгээ харагддаг. Ер нь НҮБ-д элсэх хүртэл ихээхэн нэгдэлтэй явж ирсэн юм билээ. Гадаадад ажилладаг дипломатууд хүртэл Монголын түүхтэй холбоотой, монголтой холбоотой номуудыг гадаад томилолтоосоо илүүчлэн олж, цуглуулж авчирснаар МҮНС-ийн Монгол судлалын хөмрөг бүрдсэн байдаг. Энэ бол алтан үе нь байсан байх. Тэгээд гадаад хэл дээр бичдэг. Монгол судлал бол зөвхөн гадныханд зориулсан гэж одоо ч ойлгодог хүмүүс олон бий. Академич Ш.Бира, Д.Төмөртогоо нарыг нэрлэж болно. Тэд бол гадаад хэл дээр бичдэг. Гадаадынхныг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж боддог. Эх оронд нь хэн ч таньдаггүй. Ер нь академич Ц.Дамдинсүрэн, Б.Ринчин хоёр бол тэгшхэн энгүй эрдэмтэд байсан юм билээ. Даан ч дараагийн үеийнхэн нь хонзонгоо хэтэрхий аваад, дэг сургууль нь ч шавь нар нь ч үлдсэнгүй. Тийм ээ судлаач хүн байхын тулд эхлээд хүн байх, дараа нь соён гэгээрүүлэгч байх, эцэст нь эрдэмтэн байх л дэс дараатай байдаг юм аа даа. Гэхдээ Монгол судлалыг тэр чигээр нь хар бараан гэж ойлгож болохгүй. Сайн, муутайгаа сав дүүрдэг хойно сайн ч юм бас их бий. “Адмон” компанийн захирал Р.Энхбат ах хувьдаа Монгол хэлний хүрээлэн байгуулсан. Толь бичиг, монгол хэлний лавлагаа, сурах бичиг гээд нилээн их ажил хийж байна. “Тод номын гэгээ” гээд ТББ байна. Түүхч На.Сүхбаатар маш олон цувралууд тогмол хэвлүүлж байна.
Мөн манай төвд судлалын “Mongolian Tibetology Series” гээд цуврал хоёр жилийн дотор 16 ном хэвлэн гаргаад байна. Энэ хүмүүс засгаас нэг копейк ч аваагүй. Ямар нэгэн санд хандаагүй. Баруун Монголын түүхийн судлал, Төвд судлал, Хэрэглээний монгол хэлний тол бичгүүд гэсэн эрэлт хэрэгцээ, захиалга дээр л ажиллаж байгаа. ШУА-аас гадуур ажил хийлээ гэж ад үзэгдэнэ. Ажлаасаа халагдана. Монгол судлал бол одоо ингэж л хөгжиж байна даа.”Багшийг шүтэх ёс” бол Монголын ШУ-ы суурь. Хэдэн үеийн турш багшийг бодитой бурхан мэт шүтэж ирсэн бөгөөд монгол хүний цусанд байдаг чанар. Харин өнгөрсөн зууны 60, 70-аад онд бол өөр итгэл үнэмшил байлаа. Багшийгаа шавь нь мэт дагавч, дайсан мэт матна. Сандал ширээнд нь санаархаж, нэргүй өгүүлэл хэвлүүлнэ. Амьдаар нь ална. Дэргэд нь амьдарч кайф авна. Дараа нь эрдэмтэй мэдлэгтэй нэгнээ яг тэгж намнана. Энэ үеэс нэг ийм буруу үзлийн үйлийн үрийн мэсэн хүрд эргэсэн юм. Үргэлж өглөгө үгүйрүүлдэггүй, ужиг өвчин үхүүлдэггүй гэж нэг үг бий. Шавь нартаа ч эрдэм шиг эрдэм зааж өгсөнгүй энэ академичид. Өөрөөр хэлбэл хүнтэй ном хаялцаад ялчих байтугай ялаа алчих золбоотой хүүхэд бэлдсэнгүй. Залуу зандан цагтаа Да, Ри-г өөрсдөө яаж явсан нь нүдэнд нь харагддаг байх даа. Одоо багш шиг багш ч үлдсэнгүй, шавь шиг шавь ч төрөхөөсөө өнгөрсөн. Хөөрхий.Монгол бичиг бол түүхэн үүргээ гүйцэтгэжээ. Чингисийн чулууны бичгээс эхлээд явж байсан ч Аюуш гүүшийн “али, гали” үсэг бүтээгдэж, бурхны шашин дэлгэрснээр зурвасхан хугацаанд хөгжлийнхөө дээд цэгт хүрчээ. Монгол асар том байсан учраас Тод үсэг, Вагндрагийн үсэг гэсэн жижигхэн дүрмийн өөрчлөлтүүд хийсэн ч дэмжлэг олоогүй, орон нутгийн шинжтэй л шинэчлэл байв.
Өнөөдөр монгол бичгээ хэрэглэж байгаа өвөр монголчууд бол бурхны шашнаасаа салсан учраас үгсийн сан баялаг биш ердөө 3000 үг л хэрэглэдэг. Ойлгохгүй зүйлээ хятадаараа яриад ойлгочихно. Бид сайн ч, муу ч кирилл үсгээрээ 16 000 орчим үг идэвхтэй хэрэглэж байна. Монгол бичиг гэж бужигнуулах, үсгийн дүрмэнд өөрчлөлт оруулна гэж бужигнуулах хэнд ашигтай байх вэ? Хэний захиалга вэ? Хэн гүйцэтгээд байна вэ? Энийг бас бодох л асуудал. Монгол бичиг хөгжөөд нэрээ бичдэг, уран бичлэг төдий л байна. Нэмэгдэж хөгжих хөрвөх тал руу бол ярилт байхгүй байх аа. Залуу хүн юм болохоор үеийнхээ эрдэмтдийн юмыг их хардаг. Байгалийн, нийгмийн, анагаахын гээд л… Уг нь бол яг одоо оюун сэтгэлгээний дэлбэрэлт болж байгаа цаг үе. Энэ жилийн төрийн шагнал авдаг Н.Нацагням байна. 2012 оны физикийн О.Чулуунбаатар, Оохнойн Батсайхан гээд түүхч байна. Энэ залуусыг ШУА-ийн академичид нэртэй өвөгчүүл харин ч нэг үзэн ядна даа. Нэг муу чуулган ч бил үү. Нүдгүй, шүдгүй чихгүй дуу хоолойгүй зөвхөн өөрсдийгөө баясгаж, өөрсдөдөө төсөв хуваарилдаг хуралдаа ч оруулчихгүй. Ер нь Бурхан багш хэлсэн байдаг. Миний шашныг гадны номтнууд биш миний шавь нар сөнөөнө гэж хэлсэн шиг. Монголын ШУ-ыг, Монгол судлалыг академичид, суддлаачид нь өөрсдөө л устгаж байна. Төр үнэлээд шагналаа өгчихсөн байхад, нэг муу ТББ байгууллага дагасан ч яалаа эсэргүүцсэн ч яалаа. Даан ч олон үеийнхний зүтгэл хайран залуу насаа энэ байгууллагын төлөө зориулж өнгөрүүлсэн болохоор л харамсдаг юм. За тэгээд дов дош, жалга судаг, ах дүү, гэр бүлийн хэлхээнд бүрэн автсан газар гэж хэлж болно. Нэг хэсэг Архангайнхан хамгийн том мафи байв.
Архангайн ерөнхийлөгч Архангайн ерөнхийлөгчид суудлаа өгөв гээд л. За тэгээд баруун зүүн гэж хуваагдаад л тэмцэж алдана. Химийн хүрээлэн бол бараг нэг гэр бүлийн хүрээлэн гэж болно. Аав нь захирал, ээж нь нягтлан ч бил үү, охин хүү, хүргэн бэрээр дүүрсэн. Ийм байхад юун хөгжил дэвшил инноваци, аж үйлдвэрлэл хөгжүүлэх вэ? Жижигхэн цэцэрлэгээс доор ардчилалтай ийм газрыг Шинэчлэлийн засгийн газар зүгээр л толгойг нь илээд өнгөрлөө. Хэрвээ ийм уураг тархитай, оюун сэтгэхүйтэй урагшаа алхана гэж бодож байгаа бол сэрүүн зүүд. Академид ажиллаж байсан улс эргэж ноцдог, хамгаалж чадаагүйдээ, ахиж дэвшээгүйдээ хорсдог гэсэн нэг үгийг энэ академийн аквариумныхан хэлдэг. Тийм биш ээ. Та нар шиг тавчигнуудаар удирдуулахгүй. Бид хаана ч, очоод юу ч хийж чадна. Эцэст нь Монгол улс, Шинжлэх ухаан гэсэн хоёр том эрх ашиг асар ихээр хохирч байгаад л чимээгүй сууж чаддаггүй юм.
Та нарыг гуйсан ч очихгүй. Одоо энэ Боловсрол, Шинжлэх ухааны яамны сайд өөрийнхөө гантай гангүй, төмөртэй төмөргүйгээ нэг харуулах цаг иржээ. ШУА-ийн хүрээлэнгийн захирлууд үхэн үхтлээ өөрчлөгдөж солигдохгүй байх захирамж тогтоолыг шинэчлэлийн засгийн газрын үед гаргалаа. Энэ хүрээлэнгийн захирлуудыг яг өөрийнх нь хийсэн ажил, төгссөн сургуулийн диплом, хамгаалсан ажлыг нь өөрийн биеэр нэг шалгаач. Яаж яваад доктор, академич болсон нь тодорхойгүй улс их байна аа. Манай Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд байна. Бас Химийн хүрээлэнгийн захирал байна. Узбекстанд химийн доктор хамгаалсан гэж байгаа боловч, диплом нь ч олддоггүй. Мендлеевийн үелэх системд тайлагдсан төдий гэж уулзаж үзсэн гадны эрдэмтэн шогширч байхыг би өөрийн нүдээрээ харсан. Монгол улсын сэтгэн бодох тархи, оюун санааны үүр уурхай нь ийм байхад өөрчилнө, шинэчлэнэ гэж үлгэр ярих хэрэггүй байх аа. Монгол судлал бол академи биш байх. Гэхдээ академийн нэрийн урд МОНГОЛЫН гэсэн нэг тодотгол бий шүү. Удаан ч харлаа. Удаан ч хүлээлээ. Соёлын сайд жүжигчин Н.Оргилыгоо халж чадсан байна. Шудрага байна. Бүсгүй хүнээс доор шийдвэр гаргаж онигоонд оров доо. Чамд уг нь засчих хугацаа байна даа.
URL: