“Хүч”-гүй хуулиар түрий барьсан хүчирхийлэгчид

527-13938143371Айл гэр гэх хаалттай хаалганы цаана гэр бүлийн хүчирхийлэгч хэмээх “хадны мангаа” олон байна. Уг “мангаа”-тай тэмцэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль манай улсад 2004 онд батлагдсан ч өдгөө хүртэл ид хавыг нь үзсэнгүй. Харин ч эсэргээрээ хуулийн цоорхойгоор хэрцгий “мангаа”-ууд гэмтэй ч гэмгүй юм шиг гэдсээ илж гэртээ хэвтэх болов.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл юм.

Үнэхээр чих сонч, нүд төсөөлөхийн аргагүй гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд удаа дараа гарлаа. Тухайлбал, Төв аймагт аав нь архи уусны төлөө ээж нь гурван настай хүүхдээ заазуурдаж амь насанд нь хүрсэн, найз бүсгүйгээ 72 цагийн турш зодож амь насыг нь бүрэлгэсэн, татварын байцаагч хоёр бүсгүй гэр бүлийн маргаантай асуудлаас үүдэн нэгнээ хүйтэн мэсээр хөнөөсөн, зайрмагны мөнгө аавынхаа халааснаас авсны төлөө бяцхан хүүгээ заазуурдсан, эхнэрээ хардаж хадмуудаа гэртэй нь шатаасан гээд ноцтой хэргүүд шил даран гарсан.

Бүгд л гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг байв. Харамсалтай нь эдгээр хэргүүдэд хариуцлага хүлээсэн хүчирхийлэгч тун ховор. Татварын байцаагч хоёр бүсгүйн дунд “жороолж” яваад гэмт хэрэг үүсгэсэн Д.Батболд өнөөдөр албан тушаал ахиад улам л тэнгэрт мандаж яваа. Гэр бүлийн тухай хуулиндаа Д.Батболдод гэмт хэрэг үүсгэх зүйлчлэлгүй гэж үзсэн гэж байгаа.

Хэдийгээр Т хэрэг үйлдэж 22 жилийн ял авсан ч, өдөөгч нь дээрх залуу байсан. Харамсалтай нь нэг нь өргөст торны цаана сууж, нөгөө нь эрдэнэт амиа алдав. Үүний цаана хүүхдийн эрх давхар зөрчигдөж, гурван хүүхэд өнчирч хоцров.

Харин Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг болон манай эрх баригчид гэмт хэрэг гарсны дараа талуудын нэгдсэн хурал, хэлэлцүүлэг хийх юм. Миний мэдэх өнгөрсөн хавраас эхлээд л Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцсан. Гэтэл уг хууль дуншсаар байтал сүүлийн хоёр жил 43 иргэн амь насаа алдлаа.

Уран цэцэн үгээр хуулийн заалт ярьж байхаар түргэн шуурхай баталж амьдралын хөрсөнд буулгавал “Хадны мангаа”-уудыг намнахад дөхөж очих байв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өдгөө мөрдөгдөж байгаа нь ч ихээхэн нууц хууль. Өөрөөр хэлбэл, батлагдаад хэрэгжээгүй хууль гэж хэлж болно.

Хуулийн хамгааллыг хэрхэн авахаа мэдэхгүй амь насаа алдах тохиолдол жилээс жилд өссөөр байгаа нь үүнийг гэрчилнэ. Гэр бүлийн хүрээнд ойр дотныхоо хүний амь насыг хөнөөх, гэр бүлээр нь хүйс тэмтрэх, хүүхдийг зовоон тарчлаах зэрэг хүнд ноцтой гэмт хэргүүд онц хэрцгий аргаар үйлдэгдэх болсон нь хуульгүйн хар гай юм даа.

Гэр бүлийн хүчирхийлэл цаг ямагт далд хэлбэрээр үйлдэгдэж ирсэн. Одоо ч далд л байгаа. Чухамдаа хэрцгий харгислал эцэстээ хүрч нэгнийхээ амь насыг хөнөөх үед л олны сонорт хүрч байна. Түүнээс биш сэтгэл санааны болон бие махбодийн хүнд, хөнгөн гэмтэл авсан иргэд барагтай л бол цагдаад мэдэгдэхгүй өнгөрүүлж байна. Өөрөөр хэлбэл, “чимээгүй хохирогчид” юм.

Цагдаад мэдэгдсэн ч архи уугаагүй бол гэр бүлийн маргаан хоорондоо зохицох хэрэгтэй гээд яваад өгнө. Арга буюу архи уусан бол нэг өдөр саатуулаад гаргачихна. Өнөөх баривчлагдсандаа уурссан “мангаа” дахиад л гэрийнхнээ айлгаж сүрдүүлэх байдал давтагдана.

Ийм болохоор л цагдаад мэдэгдэхгүй далд хэлбэрт орсноос иргэд хохирох байдал их гардаг. Тэдний дийлэнх нь хүүхэд, охид, эмэгтэйчүүд байна. Тухайлбал, сүүлийн хоёр жилд гэр бүлийн хүчирхийллээс болж 43 хүн амь насаа алдаж, 982 хүн гэмтэж хохирсны 87 хувь нь эмэгтэйчүүд байна.

Тухайлбал, нөхөр нь эхнэрээ таван жилийн өмнө хөнөөгөөд газарт булсан байсан хэрэг саяхан илэрсэн. Энэ хэрэг дарагдаж явсаар таван жилийн дараа өнөөх цогцос булсан хашаанд хулгай орсноор цогцос ил гарсан байдаг. Харамсалтай эхнэрийгээ булсан газартаа өнөөх этгээд хулгай хийж байгаад баригдаж өмнөх хэргээ ч илчилж орхисон нь энэ.

Айл гэрийн эзэгтэй харгис нөхрийнхөө гарт амиа алдаад таван жил сураггүй байхад энэ хууль хаана үйлчилж байв гэдэг бас л сонин. Түүний дараахан, Говьсүмбэр аймагт эхнэрээ хөнөөгөөд гаражиндаа нуусан байсныг нь хүү нь олж цагдаад мэдэгдсэн. Тухайн үед эхнэр нь нас бараад хоёр хонож байсан байгаа юм.

Эцэг нь байнга шахуу архи ууж хүүхэд, эхнэрээ дарамталдаг байсан ч тэд тэвчсээр байсан нь эцэстээ ийм байдалд хүргэсэн. Харин хэргийг үйлдэгч этгээд ялаа авч шоронгийн хаалга татсан ч өөрийгөө боомилж амиа алдсан. Энэ гэр бүлийн цаана бас л хүүхэд өнчирч хоцорсон.

Харамсалтай нь ийм аймшигт хэрэг үйлдсэн хүчирхийлэгч хөнгөн ял шийтгэл хүлээх, эсвэл ямар ч хариуцлага хүлээхгүй ял завших байдал үргэлжилсээр байна. Зарим тоо баримтыг дурдахад, Монгол Улсын хэмжээнд 2008-2013 оны эхний долоон сарын байдлаар 1589 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн хохирогч болжээ.

Үүнээс 61 хүн амь насаа алдаж, долоон хүн амиа хорлоход хүрч 1092 хүн гэмтэл авч, 53 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Гэвч энэ тоо гэр бүлийн хүчирхийллийн үнэн бодит дүр төрхийг харуулж чадахгүй. Хүчирхийллийн улмаас үүссэн дээрх гэмт хэргүүд буурахгүй байгаа нь нэг талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль болон бусад холбогдох хуулиудад хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах механизм, оновчтой зохицуулалт байхгүйтэй шууд холбоотой.

Нөгөө талаас бид нийгэм, хамт олноороо хүчирхийллийн энэ үйлдлийг буруутгахгүй, харин ч өөгшүүлэн дуугүй байсаар байгаатай хамааралтай. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг үгээр өөрийгөө тайвшруулж хэн нэгэн хүн хүчирхийлэлд өртөж байхад хажуугаар нь чимээгүй өнгөрч байгаагаас дээрхи “хадны мангаа”-ууд хариуцлага хүлээхгүй, ухамсарлахгүй ноёрхож байна.

Иймд манай улс Гэр бүлийн хуулиа өөрчлөх, гэр бүлийн хүрээнд гарч байгаа хүчирхийллийг зогсоохын тулд хүчирхийлэгчтэй хатуу тэмцэх шаардлагатай. Нэн тэрүүнд гэр бүлийн хүрээн дэх архидалтыг багасгах, нийгмийг эрүүлжүүлэх кампанит ажлуудыг зохион байгуулах нь зүйтэй юм шиг.

Мөн удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Энэ өдрийг манайхан эрхээ хамгаалах гэхээс илүүтэй идэж уухад зориулж, баярын өдөр болгон тэмдэглэдэг. Угтаа бол эмэгтэйчүүд эрхээ хамгаалахад дуу хоолойгоо нэгтгэх өдөр юм шүү дээ.

Иймд охид, бүсгүйчүүдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийллээр амь насаа алдсан бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлж, үр хүүхдүүдийг нь эргэж тойрохоос бидний хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа эхлэх болно гэдгийг энэхүү нийтлэлээрээ дамжуулж уншигчдадаа хүргэхийг зорилоо.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: Үнэн.мн

 


URL:

Сэтгэгдэл бичих