Гурван давхар дээл “хүзүүг” нь ороов
“МАХН” гэх автор хоёр долоо хоногийн турш хэвлэлийн хуудаснаас салсангүй. МАХН-ынхан хоорондоо зодолдов, МАХН хүмүүсийг хүчээр намдаа элсүүлжээ, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвыг Их аварга Д.Дагвадорж дарамталсан гэнэ.
Шадар сайд намын даргаа эргэж тойрч явах зуур шүлхий өвчний голомт хүрээгээ тэлсээр байна гэх зэргээр хар бараан мэдээ мэдээлэл энэ намыг тойрох нь тэр.
Тэр дундаа өдөр алгасахгүй хатуу үгээр “бөмбөгдүүлсэн” хүн бол УИХ-ын гишүүн, Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва байсан юм. Тиймээс энэ долоо хоногийн дуулиант нөхрөөр Шадар сайдыг онцолж байна.
Сая гарсан үймээн шуудхан хэлэхэд, манай Д.Тэрбишдагва даргын улс төрийн гэх үү, эсвэл төрийн албаны сонголт л ийм байдалд хүргэсэн. Намын дэд дарга маань зөв шалгуураар сонголт хийж чадаагүйг энэ бүх үйл явдал харуулж байгаа юм. Энэ хүний ажил болохгүй байгаа гэхээс илүү завгүй байгаатай нь холбоотой гэж би боддог юм. Манай Д.Тэрбишдагва дарга чинь гурван давхар дээлтэй хүн шүү дээ. Хэцүү л байдаг байх. Уг нь нэг юмандаа анхаарлаа хандуулаад явбал сайн хийх байх. Гэтэл одоо чинь намын дэд дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн гээд нэг хүнд байхааргүй, ахдахаар ачаалал үүрч яваа хүн. Энэ ачаандаа ч түүртдэг байх. Үүрээр ажилдаа гараад, шөнө дунд л гэртээ харьдаг гэнэ лээ.
Түүний хувьд өнгөрөгч долоо хоног чамгүй барцадтай байсан гэж хэлж болно. Шүлхийн тархалтыг цаг алдалгүй намжааж чадаагүй хэмээн Засгийн газрын хуралдааны үеэр загнуулж, хэвлэлээр хэдэн өдөр шүүмжлүүлсэн. Шүлхий өвчний тархалт аймаг, сум дамжин үргэлжилж байхад МАХН-ын дэд дарга маань намын даргатайгаа золгох гээд эзгүй байсан гэдэг. Шүлхий улам хүрээгээ тэлж, хэдэн зуугаар нь үхэр малаа устгалд оруулсан малчинд сандарч тэвдэж байхад эрхэм Шадар сайд намынхаа байран дээр “од”-уудыг намдаа элсүүлэх гээд завгүй явсан юм билээ.
Намдаа хүчээр тамирчин элсүүлсэн гэх дуулиан нь намжаагүй байтал, өөрийнх нь халаасны хүн гэгдэх Г.Баярсайхан гэх үл бүтэх нөхөр намаа тараана хэмээн хурал хийж, тэр хурал дээрээ зодолдож чихийг нь халууцуулав. Төд удалгүй намынх нь гишүүн, улс төрд мөр зэрэгцэж яваа О.Баасанхүү нь дэд даргаа бүдэрсэн дээр нь цааш түлхсэн ярилцлага өгсөн нь бүүр дуулиан тарьж орхив.
О.Баасанхүүгийн хувьд намынхаа дэд даргыг муулах санаа агуулаагүй гэсэн. Зүгээр л өрөвдсөн сэтгэлээ илэрхийлсэн ч өнөөх нь буруугаар ойлгогдож, Д.Тэрбишдагва намынхаа гишүүдэд ч ад үзэгдсэн, Засгийн газрын танхимдаа ч хөөгдөх шахсан хүн болж хувирсан юм.
О.Баасанхүү “Сая гарсан үймээн шуудхан хэлэхэд, манай Д.Тэрбишдагва даргын улс төрийн гэх үү, эсвэл төрийн албаны сонголт л ийм байдалд хүргэсэн. Намын дэд дарга маань зөв шалгуураар сонголт хийж чадаагүйг энэ бүх үйл явдал харуулж байгаа юм. Энэ хүний ажил болохгүй байгаа гэхээс илүү завгүй байгаатай нь холбоотой гэж би боддог юм. Манай Д.Тэрбишдагва дарга чинь гурван давхар дээлтэй хүн шүү дээ. Хэцүү л байдаг байх. Уг нь нэг юмандаа анхаарлаа хандуулаад явбал сайн хийх байх. Гэтэл одоо чинь намын дэд дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн гээд нэг хүнд байхааргүй, ахдахаар ачаалал үүрч яваа хүн. Энэ ачаандаа ч түүртдэг байх. Үүрээр ажилдаа гараад, шөнө дунд л гэртээ харьдаг гэнэ лээ. Уг нь хүн биеэ бодох хэрэгтэй шүү дээ. Өөртөө цаг заваа зориулах ёстой. Хамгийн гол нь нэг юман дээрээ төвлөрөх хэрэгтэй. Тэгж л бодож байна. Түүнээс Д.Тэрбишдагва даргыг шүүмжилж байгаа юм биш шүү. Энэ хүн хэтэрхий завгүй байгаа учраас хяналтаа алдчихаад байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлж, намын дэд даргаа магтан матаж орхих нь тэр.
О.Баасанхүүгийн ёжилж хэлсэн энэ үгний цаана хэрээ мэдэхгүй байж, хоёр гурван ажил авч, түүнийхээ нэгийг нь ч олигтой хийж чадахгүй байгаа хүн шүү дээ гэх санаа цухалзаж байсан. Хүмүүс ч тэгж ойлгосон. Угаасаа ч ажлаа иймэрхүү маягтай хийж ирсэн нөхөр. Даахгүй нохой булуу хураана гэгчээр албан тушаал, нэр төрийн төлөө амбийцалж энэ олон албан тушаал авсан нь эцэст нь өөрийнх нь хүзүүг ороох нь тэр.
Түүний хувьд олон асуудал гаргасан. Шүлхий өвчний тархалтад анхаарал хандуулаагүй учраас Засгийн газар Шадар сайдтайгаа хариуцлага тооцох талаар ярьж эхэлсэн байгаа. Намын дарга Н.Энхбаяр нь эргэж ирснийхээ дараа намынх нь нэр хүндийг шалаар нэг тарааж орхисон дэд даргатайгаа хариуцлага ярина гэх яриа улс төрийн хүрээнд ч яригдаж, намын нөхөд нь ч энэ яриаг үгүйсгэхгүй байгаа.
Цаашлаад намын дэд дарга, Шадар сайдын ажилдаа түүртээд тойргийн сонгогчдоо таг мартчихсан учраас ирэх сонгуулиар дахин нэр дэвших эсэх нь бүүр бүрхэг болчихлоо. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийн үлгэрээр гурван давхар дээл Д.Тэрбишдагвад алдар нэр биш, гай болжээ. Тиймээс оройтоогүй дээрээ ядахдаа хоёр дээлээ тайлсан нь дээр биш үү, Шадар сайд аа.
Дан дээлтэй боллоо гээд даарч жиндээд байх нь юу л бол. Хяналтаа алдчихаад байгаагаа анзаарах сөхөөгүй явсаар нэг л өдөр алдар нэр, албан тушаал аль алин ч үгүй үлдэх вий дээ. Хэтэрхий өндөрт нисчихээр эргэж зөөлөн газардах гэдэг хэцүү дээ.
Б.Балжир
URL: