Хүний амь хөнөөсөн “Макс”-ын Д.Ганбаатарт хууль үйлчлэхгүй гэж үү
Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барилгууд өвөл ч, зун ч боссоор, хүний амь үрэгдсээр байна. Зөвхөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл 40 гаруй барилга дээр ажил өрнөж, долоон хүний амийг хөнөөжээ. Өмнөх жилүүдэд ч барилгын ослоор эрдэнэт хүний амь үрэгдсээр байлаа. “Үхлийн авс” болж буй тэдгээр барилгын компанийн эзэд харин юу ч болоогүй мэт аашлах нь даанч аймаар.
Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт, “Макс Өргөө” компанийн барилга дээрээс хавтан төмөр унаж, 30 гаруйхан настай жолооч залуугийн машиныг цөм цохин түүний амийг авч одсон хэргийн дуулиан үргэлжилсээр байна.
“Макс өргөө” бол хүмүүст нэгэнт танил болсон “Макс” группийн охин компани бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр нь “Зуншин” компани 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн ажиллаж байжээ. Гэвч “Зуншин” компани барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан тул мэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны зугаадугаар сарын 3-ны өдрийн шийдвэрээр уг барилгын ажлыг нь түр зогсоосон байв. Нөгөөтэйгүүр “Макс”-ынхан ямар ч магадлал хийгдээгүй зураг төслөөр олон давхар барилга барих гэж улайрч байсан байх юм.
Ер нь барилга баригдаж л байвал тэнд хүн үхэх, сэхэх “Макс”-ын том босс Д.Ганбаатарт үнэндээ хамаагүй бололтой. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард дээрх хүний амь хөнөөсөн барилга дээрээ “Мээж класс” компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээнд гарын үсэг зурсан байлаа. Мөн “Fasade in” компанийн захирал Ким Хэ Жун гэгчтэй ч ийм гэрээ байгуулжээ.
Осол гардаг өдөр Барилгын гадна талд засвар хийхэд зориулж суурилуулсан дүүжинт өргүүр дээр тухайн үед “Мээж класс”-ийн туслах ажилтан Ч.Цэнд-Аюуш, Т.Тулга, Т.Отгонбаяр нар ажиллаж байж. Ч.Цэнд-Аюуш нь дөрөвдүгээр давхраас дүүжинт өргүүр дээр цонхны 41 ширхэг рам ачаад дээшээ өгсөх үед өргөгчийн баруун талын хэсэг хазайж, өргөгчийг дээврээс бэхэлсэн дөрвөн ширхэг сум төмрийн баруун захын долоон метрийн урттай сум төмрийн түгжээ мултарч унасны улмаас уг осол гарсан болох нь хэргийн газрын үзлэг, хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоод байгаа юм.
Барилгын гадна талын дүүжинт өргүүр дээр тусгай сургалтаар бэлтгэгдсэн хүн ажиллах ёстой. Гэтэл “Мээж класс” ХХК-ийн ашиглаж байсан уг дүүжинт өргүүрийг тусгай эрх бүхий хүн хариуцаж ажиллуулаагүй, дүүжинт өргүүрийг зориулалтын дагуу ашиглаагүй байв. Гэхдээ эдгээр нь зөвхөн ослын үеийн шалтгаан нөхцөл юм билээ.
Хамгийн хачирхалтай нь барилга угсралтын ажлыг түр зогсоочихоод байхад дураараа үргэлжлүүлсэн байлаа. Тодруулбал, улсын байцаагчийн актанд тусгагдсан зөрчлийг арилгалгүйгээр “Мээж класс”-ын захирал Ш.Нямдаваа, “Fasade in” компанийн захирал Ким Хэ Жун нартай гэрээ байгуулж, барилгын ажлаа хулгайгаар хийхдээ тийнхүү хүний амийг хөнөөжээ. Энэ нь Д.Ганбаатар нарын “Бидэнд хууль үйлчлэхгүй” гэсэн хийрхэл буюу “Ямар ч үед мөнгөөр туйлаад уснаас хуурай гарчихдаг” гэх бардамналын гай юм. Гэвч “Мээж класс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа нь бас гайхмаар зүйл. Зүй нь улсын байцаагчийн актаар ажил явуулах эрх хаагдаад байх үед гэрээнд гарын үсэг зурж, ажил үүргээр хангасан “Макс”-ын ерөнхий захирал буюу “Бүдүүн босс” Д.Ганбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах учиртай байсан хэмээн зарим хуульчид өгүүлж буй нь үнэний хувьтай биз ээ. Талийгаач “Б”-ийн ар гэрийнхэн Д.Ганбаатарт голоо тасартал гомдсоор явна.
Б.Отгонбаяр
Eagle.mn
URL: