“Нуугдмал охин”-ны нууц түүх ил болжээ
Залуу эх Шайима амьдралаа газар дээрх диваажинтай зүйрлэн ярьж байна. Гэхдээ амьдрал нь үргэлж ийм байсангүй. Тэр Египетэд төрж өссөн нэгэн. Түүнийг найман настай байхад эцэг эх нь нэгэн айлд зарцаар худалджээ. Шинэ эзэгтэй жаахан охиноор өдөрт 20 цагийн хөдөлмөр хийлгэх бөгөөд яг л шорон шиг цоож цуургатай жижигхэн өрөөнд байлгана. Үргэлж харааж загнаж, заримдаа цохиод авахаа юман чинээ бодохгүй. Ийм л амьдралын дүр зургууд Шайимагийн хүүхэд ахуй үеийг илэрхийлж байлаа. Түүнийг худалдаж авсан гэр бүлийнхэн АНУ-д шилжин суурьшсан нь залуу охины амьдралд хожим тохиосон “алтан боломж”-ийн эхлэл болжээ.
Аз жаргалгүй цагаач охины гунигт байдлыг өгүүлсэн нийтлэл Daily Mail сонинд нийтлэгдсэнийг Калифорни мужийн нийгмийн ажилтнууд олж уншжээ. Эндээс л хожмын гэгээн өдрүүд эхэлсэн юм. Шайима 11 хүүхэдтэй ядуу гэр бүлд төрж өсчээ. Египетийн Александр хотоос өмнө зүгт тэдний тарчигхан гэр бүл амьдардаг. Хэдийгээр эцэг нь хүүхдүүдээ үе үе зоддог ч төрөлх гэртээ тэр аз жаргалтай, ах эгч нартайгаа бужигнасан шиг сайхан л амьдардаг байж. Гэвч энэ амьдрал удаан үргэлжилсэнгүй. Шайимагийн нэг эгч нь хулгайн хэрэгт холбогдсоноос бүх зүйл эхлэв. Эгч нь зарцлагдаж байсан айлаасаа эд зүйл хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж нөхөн төлбөр төлөх болов. Харин охины эцэг эхэд төлөх мөнгө байсангүй. Ингээд төлбөрийн оронд Шайима охиныг тэднийд зарцаар өгөх болжээ. Эцэг эхийнхээ ийм шийдвэрт охин хэдийгээр уйлж байсан ч энэ нь гэр бүлийнх нь тусын тулд учраас танихгүй айлын босгыг давахаас өөр аргагүй болов.
Наймхан настай балчир охин ийн Абдель Нассер Эйд Юсуф Ибрагим гэх баян гэр бүлийн зарц болов. Эхний хоёр жил үнэхээр хүнд хүчир өнгөрөв. Хөөрхий охин энэ айлын эзэн, эзэгтэй хоёрыг “аав, ээж” хэмээн дуудна. Өөрөөс нь гурван насаар дүү ихэр хоёр хүүхдийг нь бас харж хамгаалах учиртай. Харин хүүхдүүд нь Шайимаг эгчээ биш, зарц гэдгийг нь мэднэ. Эцэг нь Шайимаг зоддог, ээж нь түүнийг “тэнэг зарц” гэж дууддагийг бас мэднэ. Ибрагимын гэр бүлийнхэн Америкт шилжиж ирсэн ч зарц охины хувьд байдал дээрдсэнгүй. Каирт байхдаа тэднийх бас өөр нэг зарцтай байсан бол энд тиймгүй. Бүхий л ажил бяцхан охины нуруун дээр буув. Тэр өглөө 5:30 цагт босч шөнө дунд хүртэл борви бохисхийх завгүй ажиллана.
Өрөө нь агаажуулагч байхгүй, шалан дээр хаясан ганцхан гудаснаас өөр эд хогшил үгүй. Гэрийн эзэгтэй түүнийг угаалгын машин хэрэглэхийг хориглосон учир хувцас хунараа гараар угаана. Эзэгтэй бас охиныг гадаа гарахыг хориглосон бөгөөд хэрэв зугатах гэж оролдвол цагдаад барьж өгнө гэж заналхийлдэг байв. Энэ ч бас бага хэрэг. Хэрэв чи гадаа гудамжинд гарах гэж оролдвол эцэг эхтэйгээ хэзээ ч уулзахгүй гэж бодоорой хэмээн айлгана. Ийм айдас дунд байдаг болохоор тэр хэзээ ч оргож зугатах тухай бодож байсангүй. Гэвч амьдралд аз гийдэг өдөр байдаг аж. 2002 онд тэр нь санаандгүй байтал тохиов. Зарцлагдаж байгаа бяцхан охины талаархи мэдээллийг мужийн Нийгмийн хамгааллын ажилтнуудад хэн нэгэн илгээжээ. Эрх бүхий байгууллагынхан Египэт гаралтай гэр бүлийнд ээлж дараалан иржээ.
Харин энэ үеэр гэрийн эзэгтэй охинд хандаж “Зарцлагдаж байсан тухай бүү ярь. Харин эднийд зочлохоор ирсэн хэмээн итгүүл” гэж арабаар хэлэхийг нь анзаарчээ. Тэр эрх чөлөөтэй болов. Удтал уулзаагүй эцэг эхдээ боолчлолоос чөлөөлөгдсөнөө дуулгах гэж охин яарав. Энэ мэдээг сонсоод аав ээж минь их баярлана даа хэмээн охин бодож байв. Гэвч эндүүрчээ. Аавтайгаа утсаар ярьсан чинь толгой хоргодож өссөн орон гэрээ орхиж явлаа хэмээн уурсч, даруй Египетэд эргэн ирэхийг сануулсан байна. Харин Шайима америкт үлдэхээр шийдсэн юм. Түүнийг нэгэн сайн санаат гэр бүл “үрчилж авч” сургуульд сурч, коллеж төгсчээ. Одоо тэрбээр ажил эрхэлж бусдаас дутахгүй амьдарч байна. Тэр цаашдаа цагаачлалын албанд ажиллаж хүний наймаатай тэмцэхийг хүсдэг.
Америкт гэр бүлтэй болж хөөрхөн охин төрүүлжээ. “Чи охиноо өг. Тэгвэл дэлхий аврагдах гэж байна гэсэн ч би охиноо хэн нэгэнд зүрхэлж өгч чадахгүй” хэмээн Шайима ярьжээ. Эхийн хайр гэдэг ийм л байдаг. Тэр өөрийнхөө аз жаргалд хүрэх зам урт бөгөөд хүндхэн байсан хэмээн ярьдаг. Үнэхээр тийм байсан. Шайима амьдралаасаа сэдэвлэн “Нуугдмал охин” нэртэй ном бичсэн байна. “Өөрт тохиолдсон бүхнээ хүмүүсийн сонорт хүргэе гэж энэ номыг бичсэн. Боолчлол гэдэг зөвхөн өнгөрсөн түүхэнд л байсан хэмээн олон хүн боддог байх. Гэвч тэр бидэнтэй зэрэгцэн оршдог” хэмээн залуу бүсгүй өгүүлжээ. Шайима эрх чөлөөтэй болж сайхан амьдарч байгаа ч гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй хэвээр байна. Эцэг нь хэдийнэ мөнх бусыг үзүүлсэн сурагтай. Харин түүнийг худалдаж авсан гэр бүлийнхний хувь заяа тийм ч сайнгүй. Тэднийг боолчлолын хэргээр 2-3 жил шоронд суух ялаар шийтгэсэн юм. Дараа нь эзний эзэгтэйг Египет рүү албадан гаргасан бөгөөд харин эзэн Калифорнид амьдарч байгаа ажгуу.
URL: