Н.Золжаргал: Валютын ханш зах зээлийн жамаар зохицуулагдана

сайдын 30Ерөнхий сайд тогтсон ёсоороо өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Ам.долларын ханш чангарсан тул хэвлэлийнхний асуух зүйл тодорхой байв. Засгийн газрын тэргүүн үүнийг тооцож Монголбанкны еренхийлөгч Н.Золжаргалыг дагуулж иржээ.
Сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хариулав.

-Эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл өгөөч. Сөрөг хүчний мэдээлж байгаагаар улаан гал ассан уу. Валютын ханш өсч буй шалтгааныг оношлосон уу?

Н.Золжаргал: – Сүүлийн таван жил Монгол Улсын гадаад худалдаа тогтмол алдагдалтай байж сардаа 100-200 сая ам.долларын алдагдал хүлээж байсан. Өнгөрсөн онд гадаад худалдааны гол бүтээгдэхүүнүүд, тэр дундаа нүүрсний үнэ сул байсан нь Монголын эдийн засагт тохиолдсон хүндрэлийн нэг. Энэ жилийн хувьд оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд эерэг тоонууд харагдаж эхэлсэн. Өнгөрсөн оны энэ үед 214 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон бол энэ оны эхний хоёр сард 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон байна. 2014 оны эхний нэг сарын худалдааны тэнцэл анх удаагаа тэнцвэртэй гарлаа. Оны эхэнд байсан нэг доллартай харьцах 1700 төгрөгийн ханш нь гадаад
худалдаа тэнцвэржихэд боломжтой ханш гэж манай мэргэжилтнүүд үзэж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад гадаад валютын орох урсгал нэмэгдэж, гарах урсгал багассан үзүүлэлттэй байна. Монгол банкны зүгээс гадаад худалдаа тэнцвэртэй болж эхэлж байгаа энэ ханшийг хамгаалах бодлого баримтална. Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өнгөрсөн оны эхний хоёр сард 500 кг байсан бол өнөөдрийн байдлаар 1300 кг алт тушаасан. Энэ нь нүүрснээс алдаж байгаа алдагдлыг нөхөх хэмжээний өсөлт юм. Монголын эдийн засаг нэлээд тэнцвэржиж байгаа. Төгрөг дээр барьж буй бодлого тодорхой. Бид хоёр долоо хоногийн өмнө бодлогоо танилцуулсан. Төгрөгөөр илэрхийлж буй бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих нь гол зорилго. Түүнээс ханш биш. Ханш маш олон зүйлээс шалтгаалдаг учир зах зээллйн жамаараа зохицуулагдаад явна.

-Валютын нөөц хангалттай байгаа юу?

-Хангалттай.

-Зээлийн эргэн төлөлт ямар байна. Ам.доллараар зээл авсан иргэд, бизнесийнхэн нэлээд хохирч байгаа. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Зээл хангалттай өсөлттэй байсан. Ханшийн хөдөлгөөнөөс бий болж ам.доллараар зээл авсан хүмүүс хүндрэл хүлээж байгаа нь мэдээж. Гэхдээ манай бизнесийнхэн ханшийн зөрүү гарахаар асуудлыг дотооддоо зохицуулаад сурчихсан.

Н.Алтанхуяг: -Ганцхан Монголбанк бүх зүйлийг хийдэг юм биш. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж нэг зүйл хэлмээр байна. Ер нь хэрэгтэй, хэрэггүй зүйл гадаадаас аваад байх  шаардлагагүй. Гарцаагүй шаардлагатай тоног төхөөрөмж авдаг л байх. Хоёрын хооронд чихэр, үзэг гадаадаас авах шаардлагагүй шүү дээ. Аль болох дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал. Засгийн газар энэ чиглэлээр “Монголдоо бүтээцгээе” уриа дэвшүүлэн ажиллаж байна.

-Цахилгааны үнийг 10-15 хувиар, дулааны үнийг хоёр дахин нэмэх саналыг Эрчим хүчний яам боловсруулж байгаа гэсэн.  Засгийн газар зөвшөөрөх үү?

-Яам, Засгийн газрын төвшинд огт яриагүй, цаашид ч ярихгүй.

-Төрийн албан хаагчдын цалинг хэзээ нэмэх бол?

-Гурван талт ажлын хэсэг ажиллаж байгаа. Цалинг нэмнэ гэж өнгөрсөн намар яриад энэ оны төсөвт тодорхой хэмжээний мөнгө тусгасан. Аль салбарыг хэдэн хувиар нэмэхийг тухайн үед нь шийднэ.

 

 

М.ГАН


URL:

Сэтгэгдэл бичих