Галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна

Галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна. Иргэдийн гар дээр байгаа галт зэвсгүүд хяналтгүй, хадгалалт хамгаалалтын горим байхгүй зэргээс үүдэн гэмт хэргүүд гарч байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Мөн галт зэвсгийн худалдан авалт нэмэгдэж байгаа гэдгийг ч эх сурвалж хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар 40 гаруй мянган галт зэвсэг бүртгэлтэй байгаа бөгөөд зориулалтаар нь авч үзвэл, ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 119, үзвэр урлагийн 260, цуглуулгын 199 ширхэг галт зэвсэг байгаа нь тогтоогджээ. Мөн Монгол Улсын хэмжээнд 2010 онд 40894, 2011 онд 43768, 2012 онд 44744 бүртгэгдсэн нь жилд дунджаар 2000 орчим галт зэвсэг иргэн хуулийн этгээдийн өмчид шинээр бүртгэгдсээр байдаг байна.

Харин 2014 оны галт зэвсгийн тооллогын явцад 90 орчим хувийн үзүүлэлттэй гарсан байгаа аж. Энэ талаар албаны хүнээс тодруулахад ”Галт зэвсгийн тооллого маань жил бүрийн дөрөвдүгээр улиралд явагддаг.  2013 оны дөрөвдүгээр улиралд “Зэвсэг 2013″ гэсэн нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагын зүгээс нэг сарын хугацаатайгаар явуулсан. Монгол Улсын галт зэвсгийн 11 дүгээр зүйл дээр галт зэвсэг хэрхэн хадгалах талаар зааж өгсөн. Галт зэвсгээ иргэн маань өөрийн амьдарч байгаа орон гэртээ сумнаас тусад нь хадгалахаар заагдсан” гэв.

Тэгвэл сүүлийн гурван жилийн байдлаар галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг 2010 онд 43, 2011 онд 36, 2012 онд 41, 2013 онд 14, 2014 он гарсаар нэг галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг гарчээ. Хэдий их тоо харагдахгүй байгаа ч үүний цаана хүний амь нас, нийгэмд учруулах аюул, хор хохирол нь их. Түүнчлэн Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг даган мөрдөж байгаа бөгөөд зэвсэгт хүчин, цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмшихийг энэ хуулиар зохицуулж иржээ. Юутай ч галт зэвсэгтэй холбоотой хэргүүдийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад ”Энэ он гарсанаас хойш галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг Хөвсгөл аймагт 1 бүртгэгдсэн байгаа. Үүн дээр нь цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж тухайн хэрэгтэнг илрүүлж ажилласан. Энэ хэрэг өс хонзонгийн сэдэлтэй үйлдэгдсэн байсан” гэв.

Мөн сүүлийн үед галт зэвсэг, сумны худалдаа эмх замбараагүй болж хяналт шалгалт ч муу байснаас үүдэн галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн тоо өсч, бүртгэлгүй галт зэвсгийн тоо өсөх хандлагатай байгааг хууль хяналтын байгууллагуудаас анхааруулж байна. Мөн гадаадын иргэн Монгол Улсад галт зэвсэг ашиглах хориотой талаар Галт зэвсгийн хуулинд тусгасан байдаг. Харин иргэд, аж ахуй нэгж өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийн татвар гэж жилдээ 10-35 мянган төгрөгийг улсад төлдөг юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих