ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарын луйврын хэрэг замхарсан уу?
Эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын авлигалын хэргүүд гэж сонин зүйл байх юм. Сүр дуулиантай эхэлчихээд гэв гэнэт нам болчихно.
Шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын нууц, мэдээлэл өгөх боломжгүй гэх халхавчин дор явж байснаа хэрэгсэхгүй болчихдог “муу зуршил” манай хууль хяналтын байгууллагынханы дунд гэм биш зан, гэнэтийн биш эртний юм болоод байна.
Үүний нэг жишээ нь ХААИС-ийн захирал асан Б.Бямбаагийн хэрэг болов бололтой. Өнгөрсөн 2013 оны намар бөөн шуугиан тарьж, гэмт хэрэгтний тоо эрдэмтэн доктороор сэлбэгдэх нигууртай болоод байсан уг хэрэг одоо ихээхэн бүдгэрч яваа гэх яриа байна.
Б.Бямбаа нь ХААИС-ийн эзэмшил газар дээр зөвшөөрөлгүйгээр бариулж байсан 4 давхар хаусныхаа каркасыг өөрөө 740 гаруй сая төгрөгөөр үнэлж ХААИС-д шахчихаад мөнгийг нь халаасалж аваад явчихсан, нэгэн найзаасаа 108 сая төгрөгөөр монгол гэр худалдаж авах гэрээ байгуулангуут 80 сая төгрөг ХААИС-ийн данснаас маш гавшгай байдлаар урьдчилаад шилжүүлчихсэн, УИХ-ын нэр бүхий гишүүдэд тус бүрт нь 2 өрөө орон сууцыг ХААИС-ийн хөрөнгөөр худалдан авч баярхан бэлэглэсэн, ХААИС-ийн хөрөнгө 120 гаруй сая төгрөгөөр Ланд-200- маркын автомашин худалдаж аваад дараачийн албан тушаал руугаа унаад явчихсан, ХААИС-ийн багш, ажиллагсдын цалин, амралтын мөнгө болох учиртай 1.3 тэрбум гаруй төгрөгөөр “Химон констракшн” ХХК-аас 20 орон сууц худалдаж аваад тойрон хүрээлэгчдээ суулгачихсан, хэд хэдэн барилгын компаниудад ХААИС-ийн эзэмшил газраас багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх “өгөөмөр сайхан сэтгэл”-ийн үүднээс “буян үйлдэж” “ямар ч үнэгүйгээр” бэлэглэсэн гэх мэт онц их хэмжээний мөнгөн дүнтэй албан тушаалаа урвуулан ашигласан, авлигалын гэмт хэргийг үйлдсэн талаархи баталгаа, нотолгоотой, эзэнтэй, баримттай материалууд хэвлэл, мэдээллээр гарч байсан билээ.
300 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх хаусныхаа каракасыг 740 гаруй сая төгрөгөөр ХААИС-д шахсан, 30 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх монгол гэрийг 108 сая төгрөгөөр үнэлээд 80 сая төгрөг ХААИС-иас урьдчилж аваад явчихсан, эдгээрийг худалдаж авахын тулд ХААИС-ийн архивын бичиг баримт дотроос зарим бичиг баримтыг нь авч устгаад, түүний оронд нийгэм эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ц.Амарсайхан нар нь дээр дурдсан барилга, гэр мэтийгээ тендер зарлаж авсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдээд нөхөж сольсон, ХААИС-ийн хөрөнгөөр худалдаж авсан орон сууцнуудаас Б.Бямбаа өөрийнхөө хүү, жолооч зэрэг хүмүүст бэлэглэсэн зэрэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэх мэдээлэл байна.
Гэвч Б.Бямбаа нарын үйлдсэн бусад онц их хэмжээний мөнгөн дүнтэй гэмт хэргүүдийг мөрдөн байцаалтын явцад бүрэн гүйцэд шалгаагүй бололтой. Түүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн Ц.Амарсайхан, Д.Янжмаа нарыг гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн дүгнэлтийг хууль хяналтынхан гаргажээ
“УИХ-д нэр дэвшигчдэд бэлэглэх гэсэн юм” гэж хэлээд нэр бүхий мэргэжилтнүүдийн данс руу олон арван сая төгрөг шилжүүлсэн, ерөнхий нягтлан бодогч Д.Янжмаа жолоочийг нь дагуулж очоод банкнаас бэлнээр их хэмжээний мөнгө гаргуулж аваад Б.Бямбаад аваачиж өгсөн гэх эзэнтэй, баримттай мэдээллүүд манай хууль хяналтынхны хурц харааны гадна үлдэж, шалгагдаагүй өнгөрсөн бололтой.
Түүнчлэн араб стандартын Ландкруйзер 200 машиныг евро стандартын Ландкруйзер 200 машины үнээр худалдаж аваад дундаас нь 40 гаруй сая төгрөг хулгайлсан нь бас л “байж болох зүйл” учраас шалгагдаагүй байж мэдэх нь.
Авлигалын том хэргүүд дотроос хэдэн арван саяын “жижиг” хэргүүд нь “гээгддэг” жишиг бас тогтож байх шиг байна. Хачирхалтай нь Б.Бямбааг сэжигтэн, яллагдагчаар татагдчихсан байхад ШУА-ийн ерөнхийлөгч Ц.Энхтүвшин нар түүнийг ХАА-н шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчид сонгохоор хоёр гараа өргөн дэмжсэн гэнэ ээ.
Л.Наран
Эх сурвалж: “Болсон явдал” сонин
URL: