ГОК-ИЙН АГУУЛАХЫН ҮЛДЭГДЭЛ БАРААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХЭЗЭЭ ГАРАХ ВЭ?
Монголын Залуучуудын Холбооноос авлигын эсрэг залуучуудаа уриалах, хор уршиг нөлөөллийг сурталчлах талаар аян өрнүүлж, 2012 оноос ажлуудыг хийсээр ирсэн. Азийн сангийн дэмжлэгтэйгээр avliga.mn сайтыг ашиглалтад оруулсан талаар ч бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн 2013 оны 09-р сард МЗХ-оос Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнд хандан тус үйлдвэрийн агуулахад үлдэгдэл бараа буюу бидний хэлж заншснаар шахааны бараа ихээр агуулагдаж байгаа.
Үүнийг олон нийтэд ил тодоор дэлгэж, сайтуудад үзэсгэлэн гаргая, улмаар тус бараануудыг зохих үнээр худалдаж олсон орлогыг Эрдэнэт үйлдвэрийн ажилтан залуучуудад зориулсан орон сууцны бүтээн байгуулалтад зориулъя гэсэн саналыг хүргүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн хүсэлтийг хүлээн авч тус санаачилгыг дэмжихээ илэрхийлж байсан.
Тэгвэл өнөөдөр болсон Ерөнхий сайдын 30 минут уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллийнхээ эхэнд өчигдөр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ажил байдалтай танилцсанаа дуулгажээ. Орос, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт” үйлдвэр нь өнгөрсөн онд “шахааны бизнес”-тэй тэмцсэнээр зарлагыг 2-3 сая ам.доллараар бууруулж чаджээ.
Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчдээс авдаг бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, долларын гадагшлах урсгалыг бууруулсан байна. Түүнчлэн хэрэглэгдэхээсээ илүүтэй хэрэглэгдэхгүй бараа материал агуулахад нь шахдагыг зогсоож чадсанаар 130 тэрбумын үлдэгдлээ мөн бууруулсан тухай мэдээлжээ. Энэ мэтчилэн шахааны барааны эсрэг Гок-ийн шинэ удирдлагууд тодорхой ажлууд хийж байгаа бололтой. Тун удахгүй залуучуудын санаачилсан дээрх үзэсгэлэнг зохион байгуулах болов уу гэсэн хүлээлт олны дунд байна.
URL: