Х.Сүхбаатар: Барилгын чанар материалаасаа шалтгаалдаг
Аливаа салбар хөгжиж, тэлэхийн хэрээр уг салбарт ашиглаж, хэрэглэх бүтээгдэхүүний эрэлт даган нэмэгддэг зах зээлийн жам бий. Манай улсын барилгын салбарын өсөлт ойрын жилүүдэд нэлээд өндөр үзүүлэлтийг зааж байгааг салбарын яамнаас онцолсон байдаг. Тэгвэл энэ өсөлтөд тулгуурлаж, зах зээл дэх их эрэлтийг тодорхой хэмжээгээр хангах нэгэн төслийг “Арвижих Увс” компанийнхан боловсруулжээ. “Хөнгөн блокны үйлдвэр”-ийн төслийн талаар тус компанийн захирал Х.Сүхбаатартай ярилцлаа.
-Танай компанийг барилгын салбарт брэнд бүтээгдэхүүн гаргах бизнес төлөвлөгөө боловсруулсан гэж дууллаа?
-Хүн ам өсөн нэмэгдэж, энэ хэрээр тэдний хэрэгцээ тэлж байгаатай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас 100000 айлын орон сууц, аймаг бүрт 1000 айлын иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн сүүлийн жилүүдэд манай улсын барилгын салбар хурдтай өсч, салбарын өсөлт 130 хувьд хүрээд байгаа юм билээ. Энэ өсөлтийг дагаж барилгын материал болон хөнгөн блокны эрэлт, хэрэгцээ нэмэгдэх, зах зээл тэлэх хандлага харагдаж байна. Тиймээс төрөөс барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэн дэмжиж байгаатай холбогдуулан хөнгөн блокны үйлдвэрийн төслийг манай компанийнхан боловсруулсан юм. Бид хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан бүрэн автомат ажиллагаатай жилд 30.000 м3 /шоо метр/ хөнгөн блок үйлдвэрлэх хүчин чадалтай хөнгөн блокны үйлдвэрийг нээж, орон нутаг, баруун бүсийн аймгуудын эрэлтийг хангахаар төлөвлөсөн. Хөнгөн блокны үйлдвэрийн бүтээгдэхүүний тухайд чанарын шаардлага хангасан ханын дүүргэгч хөнгөн блокыг үйлдвэрлэж өөрийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ.
-Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас, хэрхэн хангах вэ. Түүхий эдийн нөөц хэр хангалттай байна?
-Орон нутгийн сайн чанарын түүхий эдэд элс,шохой тулгуурласан дулааны алдагдал багатай 3-15 төрлийн дүүргэгч блокыг үйлвэрлэж, эрэлт өндөр байгаа орон нутгийн зах зээлд нийлүүлнэ. Ойрын жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутагт томоохон орон сууц, барилгууд баригдаж байна.
-Хөнгөн блокны үйлдвэрээ өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болгоно гэлээ. Зах зээл дэх бүтээгдэхүүнүүдээс юугаараа давуу байх вэ?
-Нийслэлд энэ төрлийн бизнес эрхлэгч зарим компанийн үйлдвэрлэж байгаа хөнгөн блок нь олон улсын болон манай орны стандарт шаардлагад нийцдэггүй. Хямд чанаргүй материал, технологийн бус аргаар, хоёр гуравхан төрлийн тоног төхөөрөмжийн дамжлагаар үйлдвэрлэж зах зээлд чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлдэг.
-Баруун бүсэд чанартай хөнгөн блок нийлүүлэх хамт олны туршлагыг сонирхвол?
-Манай компани орон нутагтаа барилгын болон хөдөө аж ахуйн салбартаа анхдагч нь бөгөөд барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх ажлын туршлага, боловсон хүчний ажил мэргэжлийн чадвар, компанийн нэр хүнд, мэргэжилтэй ажилчдын тогтвор суурьшил, хөрөнгө санхүүгийн боломжтой байдал дээрээ тулгуурлан хөнгөн блокны үйлдвэрлэлийг байгуулах юм. Бид иргэд, байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн, дулаан хадгалалт сайн, баталгаатай, чанарын шаардлага хангасан хөнгөн блокыг зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөг боловсруулсан.
-Энэ төслийн хүрээнд орон нутагт гарах өөрчлөлтүүдээс дурдахгүй юу?
-Хөнгөн блокны үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт барьж байгаа гурваас дээш давхартай барилгын дүүргэгчийг хөнгөн блокоор дүүргэснээр барилгын явц хурдсаж, цаг хугацааг хэмнэх,барилгын дулаан хадгалах чадвар дээшлэх боломжийг бүрдүүлнэ. Шинэ технологи, шинэ бүтээн байгуулалт, шинэлэг үйлчилгээний нэг төрөл бий болж, шинэ ажлын байр бий болно. Орон нутаг дахь ажилгүй иргэдийн 10 орчим хувийг ажлын байраар хангана. Ер нь барилгын чанар материалаасаа л шалтгаалдаг шүү дээ. Манай хамт олон “Барилгын материал чанараасаа. Бид чанартай үйлдвэрлэж, зах зээлийн ханшаар эрэлтийг хангана.Үндэсний хэмжээний үйлдвэрлэгч болж орон нутагтаа хөгжлийн гарцыг нээх” зорилгыг өмнө тавьсан.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: