Украинд юу болоод өнгөрөв өө

14227-2tО.ЧҮНЧИГ

1991 онд ЗХУ задрахад тусгаар тогтнолоо олж авсан Украин улсад бас нэгэн хувьсгал гарч, Орост элэгтэй Ерөнхийлөгч Виктор Януковичийг албан тушаалаас нь хөөж буулгав. Януковичийн засаг захиргаа 2013 оны арваннэгдүгээр сарын 21-нд Украин, Европын холбооны хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах бэлтгэл ажлыг зогсоох шийдвэр гаргасны дараа уурсан хилэгнэсэн Украин иргэд Майдан буюу Киевийн төв талбайд гарсан билээ. Европ руу ойртож, Европын холбоонд нэгдэнэ гэж итгэж байсан украин иргэд төв талбайдаа майхан барин буужээ. 2014 оны нэгдүгээр сарын 16-нд парламент олон нийтийн эмх замбараагүй байдалд оролцсон хүмүүст оноох шийтгэлийг чангалсан хуулийг баталсан нь Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын эсрэг үзлийг дэвэргэж, тэр нь яван явсаар төрийн эргэлтээр дууслаа.

Хоёрдугаар сарын 22-нд сөрөг хүчний дарамт, шахалт дор хуралдсан парламент олонхийн саналаар Ерөнхийлөгч Януковичийг огцруулж хаяв. Үүний өмнөх өдөр Киев хотод цус асгаруулсан зэвсэгт мөргөлдөөн болж, олон арван хүн амиа алдсан нь дээрх шийдвэрт ташуур болж өгсөн юм. Хэн нь мэдэгдэхгүй мэргэн буучид жагсагчид, иргэдийн эсрэг буудаж, шархдуулж байгаа нь телевизийн камерт бичигдэж, дэлхий даяараа харсан. Тэр өдөр ямар хүмүүс ийнхүү буудаж, иргэдийг хядаж байсан нь оньсого таавар хэвээр үлджээ. Жагсаал цуглааны хажуугаар, үндсэрхэг, нацист үзэлтэй залуус, бүлэглэл толгойгоо өндийлгэж, Засгийн газрын цагдаа, цэргүүдийн эсрэг зохион байгуулалттай дайрч байсан юм. Үүний улмаас олон ч цагдаа амь насаа алдсан. Тэд цагдаа нарыг баривчилж, олзолж, бөөнөөр нь жагсагчдын өмнө гаргаж, хүчээр өвдөглүүлэн цугласан олны өмнө уучлалт гуйлгуулж ч байх шиг. Харин нэг цагдаа өвдөг сөхрөн ингэж уучлал гуйхаас татгалзаж байгаа нь харагдаж байна. Тушаал биелүүлснийх нь төлөө ийм залхаан цээрлүүлэлт байж болох уу. Евромайдан хэмээн нэрлэгдээд байгаа Украины ээлжит хувьсгал (үнэн хэрэгтээ төрийн эргэлт)-ын хажуугаар хэт даврагч, үндсэрхэг, радикал үзэлтнүүд ийнхүү дураараа дургиж буйн нэг жишээ нь энэ юм.

Украины парламент дахь хуйвалдааны улмаас эрх мэдэлгүй болсон Янукович зүүн нутаг руу явж, тэндээсээ гадаад руу нисэх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Эдүгээ тэрээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Киев хотоос 20 км-ийн зайд байдаг Межигорье дахь Ерөнхийлөгчийн эдлэнг иргэд, жагсагчид эзлэн, дотуур нь зугаалж, төрийн тэргүүнээ хэрхэн тансаг амьдарч байсныг харж авчээ. Аз болоход сөрөг хүчнийхэн тэрхүү эдлэнг тонож, дээрээмдэхээс сэргийлж харуул, хамгаалалт гаргасны ачаар Межигорье эдлэн бүрэн бүтэн үлджээ. Эдүгээ тэрхүү тансаг байшинг Авлигын музей болгох тухай ярих болов.

Орост элэгтэй Ерөнхийлөгчөө хүчээр зайлуулсан Украин улс эдүгээ Европ руу улам ойртох нь тодорхой биз. Гэвч тэрнээс наана шийдэх ёстой зайлшгүй чухал асуудал байгаа нь эдийн засаг юм. Сүүлийн арваад жилд олигтой өсч өндийгөөгүй Украины эдийн засаг сүүлийн хагас жилд улам доройтож, эдүгээ гадаадаас тусламж авахгүй бол сүйрэхэд бэлэн болсон хэмээн шинжээч, тоймчид үзэж байна. Европын холбоо эдийн засгийг нь тэтгэх мөнгө өгөхөд бэлэн байгаа ч мэдээж Засгийн газаргүй улсад мөнгө өгч, дахин “буруу гар”-аар оруулах сонирхолгүй байгаа нь мэдээж. Тиймээс украинчууд даруй Засгийн газраа бүрдүүлж, ойрын хугацааны хөгжил, чиг хандлагаа тодорхойлохоос өөр аргагүй байдалд орж байна.

“Нэн шинэ” Украин орон хаашаа явахыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Оросууд “Одоо Украин бидэнд хамаагүй, буянаараа болог” гээд орхихгүй нь ойлгомжтой. Европын холбоо, НАТО, АНУ-ын хувьд Кремльд дарамт шахалт үзүүлэх газар зүйн нэн таатай бүс нь Украин. Украиныг тойрон өрнөх дэлхийн улс төрийн, геополитикийн тоглолт өөрийн эрхгүй анхаарал татаж байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих