Дуучин бүсгүйг хамтлагийнхантай нь хамт цаазалсан гэнэ
Өнгөрөгч наймдугаар сарын 20-нд Умард Солонгосын цахилгаан хөгжмийн “Ынхасу “хамтлагийн дуучин бүсгүй Хен Сон Волийг цаазаар авсан тухай мэдээллийг хэвлэлүүд онцолж байсан билээ. ОХУ-ын Becra.Ru мэдээллийн цахим сайт дуучин бүсгүйг түүний хамтлагийн 10 хөгжимчний хамт цаазалсан гэх мэдээллийг нийтэлжээ. Хен Сон Воль бол Умард Солонгост нэрд гарсан дуучдын нэгэн байсан бөгөөд албан бус мэдээллээр тэрбээр нэгэн цагт өнөөгийн удирдагч Ким Чен Уны дурлалт бүсгүй байжээ. Тэр хоёр арваад жилийн тэртээгээс уулзаж учирдаг байсан бөгөөд харин залуу Кимийн талийгаач эцэг Ким Чен Ир тэдний дурлалын романсыг таслан зогсоосон гэдэг.
Хожим нь дуучин бүсгүй Солонгосын ардын армийн элит бүлэглэлийн нэгэн офицертой гэр бүл болж, харин Ким Чен Ун өөр бүсгүйтэй учир ургуулсан аж. Дуучин бүсгүй болон хамтлагийнхныг садар самуун кино тараасан гэж буруутгаж, ялын дээд хэмжээ оногдуулжээ. Түүнчлэн бүсгүйн гэрээс Библийн судар олдсон хэмээн буртуутгасан гэж “The Telegraph” агентлаг мэдээлж байв. Дуучин бүсгүйг олны өмнө, тэр дундаа гэр бүлийнхний нүдэн дээр цаазын ялыг гүйцэтгэсэн бөгөөд төрөл төрөгсдийг дараа нь хорих газар руу илгээсэн гэж Хятадын хэвлэлээс иш татан Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг анх дамжуулсан юм.
Умардын эрх баригчдын энэхүү үйлдлийг гадаадын шинжээчид улс төрийн учир шалтгаантай хэмээн дүгнэж байв. Хен Сон Воль Умардад Ким Че Уныг эсэрэгүүцэгч улс төрийн элитүүдтэй холбоотой байсанд энэхүү цаазын ялын цаад учир шалтгаан оршиж байгаа юм гэж зарим судлаач дурджээ. Харин Умард Солонгосоор мэргэшсэн ЯпоныТокио хотын их сургуулийн профессор Тошимитсу Шигемура “дуучныг ёс суртахууны ноцтой үйлдэлд буруутгаж байгаа ч түүнийг цаазлаагүй, хорих газар руу илгээсэн” хэмээн өгүүлжээ. Өөр нэг эх сурвалж өгүүлэхдээ “Умардын өнөөгийн тэргүүн хатагтай Ли Соль Ю бас “Ынхасу” хамтлагийн дуучин байсан. Хен Сон Воль түүний өрсөлдөгчийн нэг нь байв.
Иймд Хен Сон Волийг цаазаар авахад залуу удирдагчийн эхнэрийн нөлөө багагүй байсан хэмээн онцолж байгаа юм. Дуучин бүсгүй 2005-2006 онд үйлдвэрийн ажилчин эмэгтэйн тухай өгүүлсэн “Морь унасан охин” хэмээх дуугаараа ихэд алдаршиж байжээ. Харин 2006 оноос эхлэн тэр телевизийн дэлгэцнээ харагдахаа больсон нь хүүхэд төрүүлж удаан хугацааны турш уран бүтээлээсээ хөндийрсөнтэй холбоотой байжээ.
URL: