Гоё тарагийг голох шалтгаан-2

P1380163Манай сонины энэ сарын 25-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн “Гоё тарагийг голох шалтгаан” нийтлэлд тусгасан асуудалтай холбоотой хэвлэлийн бага хурлыг өчигдөр “Витафит” групп болон “Оргил хүнс” компаниас зарлалаа. Мэдээж нийтлэлийн араас эгдүүцэн ийн түргэн авсан шалтгааныг нь мэдэж байгаа ч яваад очлоо. Тус компанийнхан дээрх нийтлэлтэй холбоотойгоор үндэсний цөөн хэдэн үйлд­вэрлэгчээ мууллаа, олон хүний цаг зав, хийсэн бүтээснийг нь буруутгалаа гэх мэтээр тайлбар хийж байсан юм. хэвлэлийн хуралд ус компанийн гүйцэтгэх захирал Н.Батзаяагаас эхлээд “Витафит” компаниас төлөөлөл иржээ.

Тэд “Хэрэглэгч бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй” гэсээр хэвлэлийнхнийг буруутгаад өөрс­дийгөө өмгөөлж эхэллээ.Манай компани сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлд орж ирээд таван жил болж байна.Бид тарагны үндсэн түүхий эд болох шингэн сүүг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд байрладаг “Атар чандгана сүү” компаниас гэрээгээр тодорхой хугацаатай худалдаж авдаг.400 гаруй үнээтэй саалийн ферм нь манай улсын хэмжээнд ганц л бий” гэв.

Харин “Гоё тарагийг хятад гэж хардах хамгийн гол нотолгоо нь бүтээгдэхүүний сав, шошго, амт.Энэ бүхнийг хаанаас нь ч харсан, яаж ч амталсан Эрээний дэлгүүрүүдээр борлуулагддаг тараг харагддаг.Сав, шошго, амтыг нь өөрчилж болдоггүй юм уу” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Витафит”-ийнхан “боломжгүй” гэх товчхон хариу өгөв.Учрыг лавлавал, “Аль ч улсын тараг хийх технологи ижилхэн.Нэг загвар, хийц бүхий хүнсний бүтээгдэхүүн хаана ч байдаг шүү дээ.Харин энэ сав эрүүл ахуйн, стандартын шаардлага бүрэн хангаж байна уу гэдэг дээр л анхаарах хэрэгтэй.“Гоё” тарагны савыг бид өөрийн үйлдвэр дээрээ үйлдвэрлэдэг.Тиймээс хардаж эргэлзэх хэрэггүй” гэлээ.

Мөн “Гоё” тарагны талаарх буруу ойлголтыг төрүүлсэн зураг анх facebook-ээр тарсан.Энэ нь төмөр замын вокзалын баруун талд байрлах “Ногоон зоорь” гэж нэрлэгдэх орон нутаг руу бараа ачдаг ачилтын талбай дахь вагоны зураг байсан.Тухайн зураг дээр гарсан манай болон бусад компанийн бүтээгдэхүүнийг Дорноговь аймгийн Сайншанд хотод хувиараа бизнес эрхлэгч н.Баярмаа, түүний найз н.Оюунаа нар “Барс” захын хувиараа бизнес эрхлэгч н.Долгороос худалдан аваад ийн ачиж байсан зураг.Вагон ачилтын төлбөр тооцооны баримт бидэнд байгаа. Бид гар­сан мэдээлэлтэй холбоотойгоор МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн МХГ, ГЕГ-ын статистикийн алба зэрэг газруудад зохих лавлагаа, тодруулга авах хүсэлтээ өгсөн. Үүнээс зарим хариу нь ирсэн. Мөн бид аль нэг албан байгууллага, хувь хүнийг буруутгах гээгүй тул тухайн зураг авалтаас эхлээд олон нийтийн хэвлэл мэдээллээр тараасан хүмүүсийг хоёрдугаар сарын 27-ны өдөр 12 цагт манай үйлдвэрт очиж танилцахыг албан ёсоор урьж байна” гэж “Витафит “группийн үйл ажиллагааны албаны дарга Б.Дэлгэрмаа хэллээ.

Үнэхээр дээрх хүмүүсийн хэлж байгаа бүхэн үнэн бол сайхан ч мөн л хэд хэдэн зүйл үнэмшилгүйн дээр дахиад л хардлага төрүүлж байна.

Яагаад гэж үү, учир нь би хэрэглэгч.Надад үйлдвэрлэгчийн тодорхой бус мэдэгдлийг сон­соод асуух, лавлах, хардах эрх бий. Ямар ч бизнес эрхлэгч, худалдаа үйлчилгээний хуульд захирагдагчийн үүрэг нь хэрэглэгчийн үнэнийг мэдэх эрх ашиг ямагт захирагддаг байхёстой гэж үүнийг бичиг би ойлгодог. Тиймээс “Гоё” тараг үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хөндөж байна гэхээсээ илүү “Хэрэглэгч би монгол бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байж болох уу” гэх асуулт.

Тэгвэл “Оргил хүнс”-ийнхэн “Манайх тарагны гол түүхий эд болох сүүгээ 2012 оны дөрөвдүгээр сар хүртэл Шинэ Зеланд улсын Фонтерра компанийн хатаамал сүүг импортлон хэрэглэж байсан. Харин одоо өөрийн компанийн хөрөнгө оруулалтаар “Атар чандгана сүү” автоматчлагдсан саалийн фермийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт багт байгуулсан” гэлээ.Дээрх фермээс нийслэл хүртэлх зайг хөөвөл 300 гаруй км аж.Ориг сүү тээвэрлэхэд хэтэрхий хол зай биш гэж үү.

Мөн 400-аад үнээтэй тус сүүний фермээс хоногт 45 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээний сүү нийлүүлэгдэх үү.Дээрх компани ачаалалтай үедээ өдөрт 20 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн байх юм.Тэгвэл хамтдаа бодоё.

Нэг монгол үнээнээс улирлаасаа шалтгаалаад өдөрт 1-2 литр сүү авдаг бол сүүний чиглэлийн үнээнээс 18-20 литр сүү авдаг байх юм.

Мөн тус компанийн бизнесмен хэрэглэгч воганоор ачих хэмжээний тарагийг орон нутаг тэр дундаа Сайншанд руу зөөх боломжтой юу.Тэгэхээр Сайншандынхан “Гоё” тарагийг воган воганоор тээвэрлэж хэрэглэдэг байх нь.

Энэ мэт эргэлзээ төрүүлсэн тус компанийн мэдэгдлийг бат­алж өнөөдөр үйлдвэрээс нь сурвалжлага хийнэ.

М.МӨНХТУНГАЛАГ

 


URL:

Сэтгэгдэл бичих