Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ашиглалтын хугацаа нь дууссан сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/118 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хуучин барилгуудыг буулгах ажлын жагсаалтыг гаргаж баталлаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй, насжилт ихтэй Баянгол дүүргийн 38, 73-р сургууль, тус дүүргийн 47, 57, Баянзүрх дүүргийн 146, Сонгинохайрхан дүүргийн 26-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгахад шаардагдах 906,6 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргана.
Нийслэлийн Засаг дарга батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгалаа. Харин буулгалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхайн дүүргийн сургууль, цэцэрлэгийн хуучин барилгуудыг буулгах ажлын жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя.
/сая төг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Төсөвт өртөг |
1 | Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгах | 151,1 |
2 | Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгах | 213,9 |
3 | Баянгол дүүргийн 47 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах | 110,2 |
4 | Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах | 138,5 |
5 | Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах | 181,7 |
6 | Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах | 111,2 |
ДҮН | 906,6 |
URL: