Б.Амартүвшин “Шантаршгүй тэмцэгч бай”
Манай улсын жудочид чансаагаараа дэлхийд эхний зургаад бичигддэг. Эдгээр алдартнуудын үргэлжлэл болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх өсвөрийн тамирчид ч бас олон улсын тэмцээнд амжилттай оролцож яваа. 2013 оны Самбо бөхийн өсвөрийн дэлхийн аварга, Жудо бөхийн өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальтан Б.Амартүвшинтэй ярилцлаа.
-Жудогоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?
-2008 оноос хойш хичээллэж байна. Бага байхаасаа үндэсний бөхөөр барилдах дуртай байсан нь спортын хүн болоход нөлөөлсөн. Н.Түвшинбаяр ахыг Олимпийн аварга болоход нь бахархах сэтгэл төрж, тэр хүнийг даган дуурайж, тэр л хүн шиг болохыг мөрөөдөж эхэлсэн.
-Жудогоор хичээллэснээс хойш олон тэмцээнээс медаль авсан байх. Тэдгээрээс аль медалийг нь онцлох вэ?
-Хамгийн анхны тэмцээн маань “Тэмүүжин” клубын нэрэмжит өсвөрийн жудочдийн тэмцээн байсан. Анх удаа том тэмцээнд ороод хүрэл медаль хүртсэндээ маш их баярлаж байлаа. Цаашдаа тамирчин болох хүсэл тэмүүллийг энэ медаль асааж өгсөн гэж боддог. Мөн Грект болсон Самбо бөхийн өсвөрийн ДАШТ-ийг онцлох нь зүйн хэрэг.
Төрийнхөө далбааг өргүүлэн сүлд дуугаа Грекийн тэнгэрт эгшиглүүлсэн тэр мөч үгээр зүйрлүүлэхийн аргагүй сайхан байж, өөрийн эрхгүй нулимс дуслуулж байсан. Тэр мэдрэмж зөвхөн тамирчин хүнд төрдөг гайхалтай зүйл шүү.
-ДАШТ-ний үеэр алтан медалийн төлөө барилдаж байхад ямар мэдрэмж төрж байв?
-Маш том хариуцлага. Ямартай ч ялах ёстой үзүүлээд өгнө дөө” гэж хөмхий зуун зодоглосон доо. Гүржийн бөхтэй барилдаж байхдаа эхэндээ барилдааныг нь ойлгохгүй хэцүү байлаа. Дээрээс нь “уулынхан” ясны бөхчүүд гэж ярьдаг учир бяр тэнхээ нь надаас хувь илүү байсан. Гэхдээ спорт бол ухаан, бярын хослол учраас би барилдааны явцыг үнэлж, ухаанаар буулгаж авсан.
-Жилд хэдэн тэмцээнд оролцож байна вэ?
-Улсын хэмжээнд 20 гаруй тэмцээн болдог. Тэр бүхнийг алгасахгүй оролцдог. Дэвжээнээс медальгүй буусан тохиолдол байхгүй шүү.
-Ойрын олон улсын чанартай тэмцээнээсээ дурдвал?
-Одоогийн байдлаар клубуудээс сонгогдсон 6 тамирчин япон улсын өсвөрийн жудочдийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Танихгүй хүүхдүүдтэй явах байх. Танилцаад сайхан найзууд болно гэж бодож байгаа.
-Бэлтгэл сайн хангагдсан уу, багш тань юу гэж зөвлөж байна даа?
-Миний багш бол Женко клубын жүдо бөхийн дасгалжуулагч Г.Энхбаяр. Хамгийн гол нь өрсөлдөгчөөсөө эмээж болохгүй. Зоригтой барилдах хэрэгтэй, бэлтгэл сургуулилтаа шаргуу хий, “давт, давт, бас дахин давт” гэдэг. Ер нь тамирчин хүнд бэлтгэл сургууль маш чухал. Хэрэв тамирчин болохоор төлөвлөж, сонирхож байгаа хүүхдүүд байвал бэлтгэлээ сайн хийгээрэй! гэж зөвлөх байна. Мөн шантаршгүй, тэмцэгч байх хэрэгтэй гэж зөвлөе.
-”Женко” клубт Олимпийн аварга Н.Түвшинбаяраас эхлээд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн олон алдартнууд бий. Тэд хойч ирээдүй болсон дүү нартаа зааж сургадаг биз?
-Их олон зүйл заадаг шүү. Зүгээр л тэдний ярилцаж байгааг, бэлтгэлээ хийж байгааг харахад л олон зүйлийг сурдаг. Мөн тамирчин гэдэг утгаар надад мэх, заль зааж өгнө. Бас сайн дүү гээд “Муу хүүхдүүдтэй нийлж бэлтгэлээ тасалж болохгүй. Тэд чамайг архи, тамхинд л уруу татна шүү” гээд амьдралын ухаан ч заана.
-Үндэсний бөхөөр барилдах уу?
-Барилдаж магадгүй. Тухайн үедээ л шийднэ дээ.
-Цаашдын тэмцээнүүдэд чинь амжилт хүсье.
М.Мөнхзориг
Эх сурвалж: “Соёмбо” сонин
URL: