“Энэ нөхрийг хятадын тусгай албадтай холбогдож байсныг хөдөлшгүй баримтаар тогтоочихсон”
Цэндийн Нямдорж. Энэ хүнийг танихгүй хүн Монголд үгүй.
Өдгөө Монгол Улсын Их Хурлын гишүүн. 1956 оны наймдугаар сарын 10-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Ам бүл дөрвүүлээ. 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
1981-1988 онд УЕП-ын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1992-2000 онд УИХ-ын гишүүн, 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2000-2008 онд УИХ-ын гишүүн, 2005-2007 онд УИХ-ын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2008 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.
Оросхэлтэй, nyamdorj@parliament.mn гэсэн цахим шуудантай. Цахим хуудас нь http://nyamdorj.parliament.mn гэдэг.
Иймэрхүү албан ёсны аятайхан намтартай. Насаараа хууль хэрэгжүүлэх болон хууль тогтоох албанд зүтгэсэн том амьтан.
Ц.Нямдорж энэ хэрээрээ томоохон асуудлуудад орооцолддог нэгэн. “Женко” Х.Баттулгыг гүтгэснийг эс тооцвол тэр хэзээ ч шалгуулж үзээгүй. Түүний талаарх асуулт нэхсэн асуудлууд архивын материал шиг л овоорчихоод байдаг ажээ.
Заримаас нь цухас ишлэж, дахин сануулъя.
…Ц.Нямдоржийн тухай хэвлэл мэдээллээр цацагдсан хамгийн том дуулиан нь Тагнуулын ерөнхий газрын дарга байсан генерал Ж.Баатартай холбоотой. Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэж тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын дарга нарт захидал илгээж байв. Гэсэн ч генерал Ж.Баатар өөрөө улсын нууц задруулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан билээ. Өршөөлийн хуулиар суллагдсан тэрбээр өөрийнх нь буруу байсныг одоо ч хүлээн зөвшөөрөөгүй. /эх сурвалж: 24 tsag.mn/
…Бүр 1990 оноос эхтэй. Тухайн үед Ц.Нямдорж Бээжинд очиж Хятадын тусгай албаныхантай уулзаж, дайлуулж цайлуулж, баас, шээс, бөөлжсөндөө хутгалдаж, бэлэг сэлт авсан баримт, нотолгоо Тагнуулын байгууллагад байдаг юм. Ц.Нямдорж дахиад 1991 онд Бээжин явсан. Энэ явалтын талаарх дэлгэрэнгүй мэдээ, материалууд мөн Тагнуулын байгууллагад хадгалагдаж байсан…
…Үүнээс үзэхэд Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан нь тодорхой байсан. Тагнуулын байгууллага гэдэг чинь өөр эх сурвалжаас ч мэдээлэл авна шүү дээ. Тэр журмаараа бид авдгаа авчихсан байсан болохоор 1992 оны сүүлчээр “Улаанбаатар” зочид буудалд Бээжингээс ирсэн хятадуудтай Ц.Нямдорж уулзах болоход нь “Ц.Нямдоржид техникийн хяналт тавь” гэх үүрэг өгснийг түүнд очоод хэлчихсэн байсан. Энэ мэтээс Ц.Нямдоржийн үзэн ядалт эхэлж, олон жилийн өс хонзон нь хуримтлагдсаар явсан юм билээ… Энэ нөхөр Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Ц.Нямдорж тагнуул хийх ямар ч чадваргүй, мэдлэг мэргэжлээр тун дулимагхан, хоцрогдсон, маш бүдүүлэг араншинтайгаас гадна коммунист үзэл суртлын тогоонд чанагдсан эрх зүйн ойлголтоосоо салж чадаагүй, шоронжсон сэтгэлгээтэй хүн…/Эх сурвалж: Niigem.mn генерал Ж.Баатарын ярилцлагаас…/
-“Монгол Улсад нэвтрэн орох эрхийг хаачихсан эсэх талаар мэдэхгүй юм. 2007 оны арванхоёрдугаар сард би Монголоос явсан. Түүнээс хойш очсонгүй. Монголоос ирж байгаа хүмүүсээс л мэдээлэл авч байна. Үүнээс өмнө Засгийн газар надтай шүүхдэлцэж байхад Ц.Нямдорж намайг олон улсын интерполоор эрэн сурвалжлуулсан. Би маш удаан хугацаанд эрэн сурвалжлагдсан. Шинэ засаг төрд гарсны дараа надад үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурор шалгаж үзээд миний буруугүйг тогтоож хэргийг хаасан. Үнэн худал ялгарсанд баяртай явдгаа хэлэх хэрэгтэй. Харин өмнөх үеийн Засгийн газар намайг дуугүй байлгах гэж бүхнийг хийсэн. Тэр байтугай намайг бизнес, орлогын эх үүсвэр, найз нөхдөөс минь хүртэл салгасан. Гэвч дөрвөн жилийн дараах шалгалтаар надаас болон манай компаниас татварын болон ямар нэгэн зөрчил илрээгүй учраас хэргийг маань хаасан. Энэ дашрамд үнэнийг олж өгсөн хүмүүст баярласнаа илэрхийлье.
Мөн миний орлогчийн үхэлд буруутай Ц.Нямдоржид өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгээгүй. Юу гэхээр орлогч дарга Игошин маань зүрхний хүнд өвчтэй. Яаралтай эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн бичгийн дагуу манай Элчин сайд болон төрийн эрх мэдэлтнүүд, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай гээд бүгдээрээ “Энэ хүнийг ОХУ-д очиж эмчлүүлье. Амь нас нь хутганы ирэн дээр байна, туслаач” гэж Ц.Нямдоржоос гуйсан ч Монголоос гаргахгүй байлгасаар орлогч нас барсан. Ердөө долоо хоногийн дараа шүү дээ.
Орлогч дарга маань 24 жил Монголд ажиллаж амьдарсан хүн байсан. Хийж бүтээсэн ажлынхаа амжилтаар Монголын төрөөс “Алтангадас” одонгоор хүртэл шагнуулж явсан хүн шүү. Тэр Монголын төлөө бүхнээ зориулан зүтгэсэн боловч зарим нэг Монгол хүнээс болж тэндээ насан эцэслэсэн дээ. Ц.Нямдорж болон Ц.Мөнх-Оргил нар ард түмэн дээрээ туршилт хийж дураараа дургиж байгаа үйлдэлдээ хариуцлага хүлээх цаг болсон гэж үзэж байна. Би тэр явдлыг аллага гэж үздэгээ нуухгүй…” /Эх сурвалж: “Алтандорнод Монгол” компанийн захирал асан С.В.Паушокийн ярилцлагаас…/
…А.Батсүх нь “Монголбанк”-ны ерөнхийлөгчийн суудалд суухдаа МАХН-ын томоохон албан тушаалтнуудын тодорхой “болзол”-тойгоор томилогдсон бөгөөд тэдний “хүсэлтийг” хангаж ажилласнаараа “Монголбанк”-ны дотоод системийг эвдэж, ажилтнуудыг хагаралдуулж эхэлсэн гэсэн гомдол ихээр гарсан. Түүнийг томилогдоход өдгөөгийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн дэмжлэг голлосон гэдгийг УИХ-ын гишүүд сайн мэднэ. /Эх сурвалж: Factnews.mn 2009-1-05/
…Ц.Нямдорж нь төрийн албан хаагч хүүтэйгээ хамтран Г.Хийморьсан гэгч хүнээр дамжуулан Тавантолгойн ордоос өдөр бүр 60-100 тоннын даацтай 100 машинаар нүүрс зөөж ашиг олдог байсан тухай олон түмний дунд яригдсаар ирсэн. ..
…Ц.Нямдорж нь 2008 оны сүүлийн хагаст цагдаагийн байгууллагыг холбоо хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болгох 13.5 сая ам.долларын өртөг бүхий төслийн тендерийн шалгаруулалтыг будлиантуулж, дундаас нь мөнгө завших нөхцлийг бүрдүүлсэн…
…Ц.Нямдорж Гүнтэд хувийн байшин бариулахдаа Хилийн цэргийн албан хаагч, хоригдлуудыг хууль бусаар ажиллуулсан байдаг. Хилийн цэргийн албан хаагч нь хөдөлмөр хамгааллын горим хангагдаагүйн улмаас барилга дээрээс унаж нас барсан. Уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. ..
…Ц.Нямдорж “Хоршооны тухай хууль”-ийг дур зоргоороо засч, уг хуулийн төсөлд дурьдсан хяналтын хэсгийг авч хаяснаас улсад72 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан…
…Ц.Нямдорж Хадгаламж зээлийн хоршооны битүүмжилсэн хөрөнгүүдээс цагдаагийн битүүмжлэлд байхад нь 1.6 тэрбум төгрөгийн 25 мянган хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг ШШГЕГ-т хүлээлгэж өгөөгүй. ..
….Нямдорж нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын дарга Д.Долгормаатай ойр дотно харилцаа тогтоож, “Үл хөдлөх хөрөнгө хамгаалах сан” гэгчийг байгуулж, хөрөнгөө бүртгүүлсэн компаниудаас хууль зөрчин 1-3 сая төгрөг авдаг байсан. Энэ зохисгүй байдлыг нь илчилсэн хэд хэдэн үнэлгээчний эрхийг хассан…
Энэ мэтчилэн үнэн худал нь үл мэдэгдэх, Ц.Нямдорж гишүүн өөрөө ч төдийлэн тайлбарлаад, учирлаад байдаггүй мэдээллүүд хэвлэлүүдээр нийтлэгдэж, хүмүүсийн ам дамжин яригдсаар удаж байна. Тиймээс бид УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг “Асуултын тэмдэгтэй хүн”-ээр нэрлэлээ. Та эдгээрт хариулбал маш сайн. Харгүй амьдрах сайхан шүү дээ, Нямдорж гишүүн ээ.
Б.ДАМДИН-ОЧИР
polit.mn
URL: