Сонгуулийн хэрүүлийг яана гэнүү

982512697d8c7a33big

Баруун, солгойгүй мөнгө цацдаг сонгуулиас улстөрчид “залхжээ”.  Тэд ивээн тэтгэгчгүйгээр сонгуульддаг болох гэнэ. Мөнгө өгсөн хувь хүн, компанийнхаа хараанд орчихоод үнэнч шударгаар ажиллаж чад­даг­гүй учир ийм дүрэм зохиохоор болжээ. Ингэхдээ  УИХ болон нийслэл, аймгийн ИТХ-ын сонгуулийг нэг өдөр явуулахаар тохирч хуулиа ч нэгтгэх гэж байна.

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахлагчтай ажлын хэ­сэг бичиж эхэлжээ. Гэх­дээ энэ жилдээ бараг л батлахгүй юм байна. УИХ-ын дарга З.Энхболдын онцолсноор бол Сонгуулийн тухай хуулийн ажил хурдтай ахиж байгаа бөгөөд амжвал ирэх намрын чуулганаар батлах бо­долтой байгаа аж. Үгүй бол дараа жилээс наашгүй.

38:38 БА НЭГ МАНДАТ

Ажлын хэсгийнхний мэдээлж буйгаар энэ парламентыг сонгосон хувилбараас татгалзах гэнэ. Одоогийн 76 гишүүний 48-ыг тойргоос буюу мажоритар, 28-ыг нь намын нэрээр буюу пропорциональ хувил­бараар сонгосон юм. Энэ хувилбарыг 38:38 харьцаатай болгохоор ажлын хэсгийнхний би­чиж буй төсөлд дурджээ. Өөрөөр хэлбэл, 38 гишүүнийг намын нэрээр, 38-ыг нь тойргоос сонгох юм. Ийм хувилбар 2012 оны сонгуулийн дараахан яригдаж эхэлсэн.

Бас нэг зүйлийг онцлоход нэг тойрог нэг л мандаттай байхаар нэгдсэн хуулийн төсөлд  оруулжээ. Одоогоор нэг аймаг, дүүрэг 1-3 мандаттай байх хуультай. Шинэ хууль  төрвөл цөөн хүн амтай аймаг, дүүрэгт нэг мандат, олон хүн амтай бол 2-3 тойрог болгон хувааж тус бүрт нь нэг мандат хуваарилах юм байна. Энэ хувилбарыг улс төрийн намууд зөвшөөрч эцэслэн тохирсон мэдээ байна.

ИВЭЭН ТЭТГЭГЧГҮЙ НЭР ДЭВШИГЧИД

Дээр дурдсанчлан сонгуульд өрсөлдөх улс­төрчид мөнгө хандивлагчдаас сална. Ийм хөшүүрэг хийхийн тулд юуны өмнө сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээг багасгахаар ярьж байна. Маш их мөнгө сонгуулийн өдрүүдэд үрдэг, сурталчилгаандаа зарцуулдаг.  Гишүүн, сайд болсныхоо дараа ивээн тэтгэгчдээсээ хараат болдог гэнэ. Мөнгө өгсөн хүн зүгээр суухгүй хариу нэхнэ. Мөнгийг нь аваад сонгуульдчихсан хүн ч хариу барих гэж үзнэ. Нийтийн эрх ашгийн төлөө гэхээсээ илүү хандивлагчдынхаа  эрх ашгийн төлөө явна, тэдэнд зориулсан хууль лоббиддог нь ч нууц биш. Ийм байдал газар авсаар улс төр авлигад идэгдсэн учир сонгуулийн зардлыг багасгаж, сонгуулийн сан­хүүжилтийг хариуц­лагатай, хяналттай болгос­ноор эрүүл орчин бүрдэнэ гэж улстөрчид үзэж байгаа аж.

ХЭРҮҮЛИЙГ ХОЁР САРААС ХЭТРҮҮЛЭХГҮЙ

Сонгуулийн да­раа хэрүүл маргаан тасар­даг­гүй. Одоо ч гэсэн Увсын хоёр гээд л ярьдаг. Тойрог дээр мөнгө тараасан, насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан, санал худалдан авсан гээд янз бүрийн гомдол гардаг. Зарим тойргоос сонгогдсон гишүүн шүү­хэдсээр яваад хоёр жилийн дараа парламентын танхимд орсон удаа ч бий. Сонгуулийн маргаан ийм удаан сунжирдаг байдлыг шинэ хуулиар зохицуулж хурдан шийддэг болох аж. Үүнийг сонгуулийн дүн гарснаас хойш тодорхой хугацаа зааж өгдөг болох шинэчилсэн зохицуулалт хийж байна. Асуудлыг шийдэх тусгай байгууллага ч шинээр бий болох гэнэ. Иймд маргаан гарсан тохиолдолд 60 хоногийн дотор шийднэ гэсэн заалт төсөлд бичигджээ.

Хэрэв ийм заалт тусгачихвал парламент хурдан хугацаанд бү­тэн болдог болно. Өнөөд­рийн жишгээр бол төлөөлөлгүй бүтэн жил болсон аймаг ч байдаг. Тухайлбал, 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймаг парламентад төлөөлөлгүй, төсвийн хөрөнгө нь танагдаж, түүний араас хөөцөлдөх гишүүн ч олддоггүй байв. Мөн спикер З.Энхболд ч өмнө нь тус тойргоос сонгогдсон ч 1.5 жилийн хугацаанд шүүхэдсээр гишүүн болж байсан. Энэ мэтчилэн улстөрчид тоглоомын дүрмээ нэгтгэн, илүү ойлгомжтой, бас өөрсдөө хариуцлагатай болохоор шийджээ.

М.ЦЭЦЭГ

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих