Эмчлэх нэрээр эрхтэн худалдаалав уу
Сүүлийн жилүүдэд монголчууд гадаадад, ялангуяа Солонгост эрхтэн шилжүүлэх мэс заслыг ихээр хийлгэх болсон.
Гэвч мэс заслын үед бусад эд эрхтнээ алдсан нэгэн тохиолдлыг Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас эмнэлгийн байгууллагатай хамтран шалгаж байна.
Одоогоор эрхтнээ алдсан үйлчлүүлэгч болон эмнэлгийн нэрийг нууцалж байгаа бөгөөд уг үйлдэл зохион байгуулалттай гэмт хэрэг байж болзошгүй аж.
Уг явдлыг тодруулбал, манай улсын иргэн оны өмнө бөөр шилжүүлэн суулгуулахаар Солонгос улсын нэр хүндтэй нэгэн эмнэлгийг зорьжээ.
Мэс заслын өмнөх эмчилгээний явцад солонгос эмч нар өвчтөнд өөр эрхтнийг нь авах шаардлагатай болсон гэжээ. Тэд ийм маягаар хоёр үйлдэл хийсний эцэст манай улсын иргэнийг бөөр шилжүүлэн суулгах боломжгүй боллоо хэмээн нутаг буцаажээ.
Өвчтөн эх орондоо ирээд мэргэжлийн эмч нараас тодруулахад бөөр шилжүүлэх мэс засалд бусад эрхтнийг нь авах шаардлагагүй байсан гэжээ.
Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж эмчилгээний явцад авсан эрхтнийг нь ямар зорилгоор авсныг тодруулахыг хүсчээ. Ийм хэлбэрээр манай улсын иргэд гадаадад хохирч байгаа тохиолдол гарч болзошгүй.
Тиймээс өөрийн улсын эмч, эмнэлгийн байгууллагынхнаас сайтар зөвлөгөө авч явах, тэдэнтэй эргэж холбоотой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
/Зууны мэдээ/
URL: