Сочид гялалзсан шар тивийнхэн
Амралт зугаалга, аялал жуулчлалын бүс Сочи хотноо эхэлсэн цагаан олимп өндөрлөв.
Цахиур хагалсан залуу од
Уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы залуу од Юзүрү Ханью алтан медаль, Канадын Патрик Чан, Казахстаны Денис Тен нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн аваргын хүрэл медальт, Японы 19 настай Юзүрү Ханью богино хөтөлбөрт 101.45 оноо авч, өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Түүний хувьд тэмцээний эхний өдрүүдэд болсон багийн төрөлд оролцохдоо ОХУ-ын Плющенко, Канадын Патрик Чанаас илүү байж, боломжит 10 оноог авснаар ганцаарчилсан төрөлд цахиур хагалах уран гулгалтын шинэ үеийн төлөөлөл болохоо харуулсан юм.
Энэ төрөлд үргэлж оргилд нь байсаар ирсэн ОХУ-ын тамирчин Евгений Плющенко бэлтгэлийн үеэр нурууны бэртэл нь сэдэрсэн тул ганцаарчилсан төрөлд өрсөлдөх боломжгүйгээ хэлж, энэ спортоос зодог тайлж буйгаа ч мэдэгдэв. Хүчтэй өрсөлдөгч нь ийнхүү өрсөлдөөнөөс хасагдсан нь Япон залуугийн боломжийг бүр ч нэмэгдүүлсэн гэж болно.
Ингээд Плющенкогүйгээр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт 29 тамирчин өрсөлдөж, 24 нь чөлөөт үзүүлбэрт шалгарав. Японы Юзүрү Ханью чөлөөт үзүүлбэрт гайхалтай байж чадаагүй ч богино үзүүлбэрийн нийлбэрээр 280.09 оноогоор алтан медаль хүртсэн.
Ийнхүү арлын орны залуу од Юзүрү Ханью Сочийн мөсөн талбайд өөрийгээ нээж чадлаа. Тэрээр 2012 оны ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жил дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд байна.
Хэний ч таамагт багтаагүй Денис Тен
Уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Казахстаны Денис Тен медалийн тавцанд зогсч, түүхэн амжилтын эзэн боллоо. Богино үзүүлбэрт IX байр эзэлсэн тэрээр чөлөөт үзүүлбэрт 171.04 оноог авснаар хүрэл медалийн болзол хангасан юм.
Дэлхийн аваргын хүрэл медальт, Европын хошой аварга, Испанийн Фернандес богино үзүүлбэрт гуравдугаар байрт шалгарсан ч чөлөөт үзүүлбэрт Денис Тенд ялагдаж, нийлбэрээр дөрөв рүү ухарсан юм.
2010 оны Азийн тоглолтын аварга, 2012 оны ДАШТ-ий мөнгөн медальт Денис Тений хувьд Казахстан улсын уран гулгалтын олимпийн анхны медалийг хүртэж байна. Казахстан улс “Сочи-2014″-өөс хүрэл медаль хүртсэн тамирчнаа 75 мянган ам.доллараар урамшуулахаа амласан бөгөөд өнөөдөр Денис Тен улсдаа үндэсний баатар болоод байна.
41 нас-хошой мөнгөн медаль
Хамгийн анхны буюу 1924 оны цагаан олимпоос тасралтгүй олимпийн хөтөлбөрт багтаж буй нь цанын харайлт. Энэ спортын төрөлд эрэгтэйчүүд хэвийн /105 м/, өндөр /140 м/ уулын болон багийн төрөлд өрсөлдөж байна. Харин Сочийн олимпиос эхлээд эмэгтэйчүүд хэвийн төрөлд өрсөлдөж эхлээд байна.
Энэ удаагийн цанын харайлтын /140м/ төрөлд Японы 41 настай Нориаки Касай хоёр харайлтын нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ. 1994 онд Норвегийн Лиллехаммерын олимпийн наадмын багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Нориаки Касай ийнхүү олимпийн хошой медальтан болж буй юм.
Цанын харайлтын багийн төрөл болж, ахмад, туршлагатай тамирчин Нориаки Касайгаар ахлуулсан япончууд хүрэл медаль дээр буулаа. Нориаки Касай 41 насандаа Сочигийн наадамд оролцохдоо ганцаарчилсан төрлөөс мөнгө, багийн төрлөөс хүрэл медаль хүртлээ.
Солонгосчуудыг харамсуулсан Виктор Ан
1988 оны Калгарийн олимпийн наадамд анх үзүүлэх төрлөөр оролцож байсан шорт-трек 1992 оноос албан ёсны төрөл болжээ. Хурдны гайхамшгийг үзүүлж, асар өрсөлдөөнтэй байдгаараа энэхүү төрөл үзэгчдийг эрхгүй татдаг.
Тэр ч утгаараа Сочийн өвлийн наадмын шорт-трекийн төрөл үзэгч ихтэй спортын нэгт зүй ёсоор багтаж байна. Энэ удаагийн олимпийн наадмаас 1000 м-т алт, 1500 м-т хүрэл медаль хүртсэн ОХУ-ын Виктор Ан олимпийн наадмын баатруудын нэг болоод байна.
2011 онд ОХУ-ын иргэн болж, Виктор Ан нэр авсан Солонгос тамирчны хувьд тус улсын шорт-трекийн түүхэн ялалтуудыг авсан. Виктор Ан 1500 м-т алт авахад багийн анд Владимир Григорьев мөнгөн медаль хүртсэн. Өдгөө эдгээр тамирчдын хувьд ОХУ-ын үндэсний баатруудын нэгээр хүндлэгдэж байна. Тэднийг дахин хоёр тэмцээн хүлээж байна.
Азтай, одтой Хятад бүсгүй
Шорт-трекийн эмэгтэйчүүдийн 500 метрийн уралдаанд БНХАУ-ын Ли Жьян Ру алтан медаль хүртлээ. Тэмцээний зургаа дахь өдөр буюу хоёрдугаар сарын 13-нд болсон 500 метрийн шигшээ уралдаанд дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс Хятад бүсгүй олимпийн анхны медаль авав.
Шигшээд БНХАУ, Итали, БНСУ болон Их Британийн дөрвөн тамирчин уралдсанаас Хятад тамирчны өмнө явсан гурван тамирчин унаснаар Ли Жьян Ру түрүүлж, барианы шугам давж алтан медаль хүртсэн юм.
Энэ төрөлд Италийн Адриана Фонтана, БНСУ-ын Пак Сюн-Хи нар удаалж, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. 28 настай Ли Жьян Ру ДАШТ-ээс дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртжээ.
Эх сурвалж: “Ганзам” сонин
URL: