Монголын улс төрчдийн хэн нь ямар шашин шүтдэг вэ?
1992 онд батлагдсан Монгол улсын Үндсэн хуулийн заалт ёсоор хүн болгон хүссэн шашнаа шүтэх эрхтэй боловч улс төр, шашины харилцааг “1. Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.
2. Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй.” гэж хязгаарласан.
Гэсэн хэдий ч улс төрчид хувь хүн талаасаа аливаа шашинг шүтэж, тэр бүү дэмжин, сурталчилж байсан тохиолдол олон бий.
Монголын улс төрчид, улс төрийн намуудын шашинтай холбоотой зарим баримтуудыг Sonin.mn толилуулж байна.
1. Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр буддист.
Тэрээр Бурхан багшийн чандрын нэг хэсгийг Монголд авчирч байсан бөгөөд Жанрайсэг бурханыг барих ажлыг Соёлын сайдаар ажиллаж байх үедээ удирдаж байв.
Өдгөө Солонгост Очир эрдэнийн судар орчуулан судалж буй тэрээр нэг үе лам Г.Пүрэвбатыг өөрийн зөвлөхөөр ажиллуулж байсан билээ.
2. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат өөрийн дэргэд албан ёсны үзмэрч ажиллуулж байв. Тэр нь Ромбу гарагтай холбоо тогтоосон гэх талийгаач Ч.Дашцэрэн.
3. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувийн урилгаар Ажаа Гэгээн анх удаа Монгол улсад ирж байжээ. УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, Батж.Батбаяр нарын түүний шавь нар ч улс төрийн хүрээнд цөөнгүй бий.
4. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9-р Богд Жамбалнамдолчойжижалцанд Монгол улсын иргэний үнэмлэх олгосон. Чингэхдээ “Дахин төрөхдөө Монголд төрнө” гэдэг ам өчгийг нь аван, дүрсжүүлсэн гэгддэг.
Мөн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байх үедээ хөтлөгч П.Анужингийн “Та тэнгэр шүтлэгтэй юм шиг санагддаг” гэсэн асуултыг үгүйсгээгүй.
5.Сан Мён Мүүн гэгчийн санаачилсан Мүүнийн шашинтай Монголын үе үеийн Ерөнхийлөгч нар холбоотой хэмээн иргэн Э.Цэрэндолгор мэдэгдсэн. Үнэхээр ч Мүүн гэгчдийн санаачилсан “Энхийн их наадам” нь Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарыг Ерөнхийлөгч байх үед Монгол улсын нийслэлийн төв талбайд болж байв.
6. Ерөнхий сайд асан, МАН-ын дарга М.Энхболд 2011 онд Монголд буй шарын шашны найман Монгол, нэг Түвд хувилгааныг өндөр хэмжээнд хүлээн авч, уулзаж байлаа.
7. Христийн шашиныг сурталчилах, Монголд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Ийгл” телевизийг 1996 онд байгуулагдахаас эхлээд Баабар, Л.Гүндалай, Батж.Батбаяр, Л.Болд нарын олон улс төрчид хувь эзэмшиж байсан гэдэг.
8.Зава Дамдин ламын хувилгаан Осгонбаяр гэх улааны шашины хуврагийн шавь нар нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Г.Батхүү тэргүүтэн. Түүний хэлсэн “Сайн бод” гэх үг хэсэгтээ л олонд хоногшиж байв. Зарим эх сурвалжууд тэднийг Далай ламын хориглосон Шүгдэн сахиусыг шүтдэг хэмээх нь бий.
9. Аль нэг шашныг тусгайлан авч үзэн, илт сурталчилдаг нам бол МҮАН. /Хуучнаар ҮШН/
Тус нам Буддын шашныг төрийн шашин болгох хэрэгтэй гэсэн үзэл баримтлалтай бөгөөд “21 дарь эхийн ачлал” зэрэг магтууг санхүүжүүлж, дэмждэг шашинаа сурталчилдаг.
10. Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Н.Батбаяр угаа авсан бөө, тэнгэр шүтлэгтэй.
Мөн УИХ-ын гишүүн Д.Арвин, Ч.Сайханбилэг нарыг бөөгийн шашин шүтдэг гэх нь бий.
11.Монгол улсын Ерөнхийлөгчийн Сонгуульд нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАН-ын ЕНБ дарга асан У.Хүрэлсүх нар маш гүн сүсэгтэй буддистууд. Далай ламын шавь нар.
12.УИХ-ын гишүүн О.Баасанхүү Христийн шашин шүтдэг.
13. Ерөнхий сайд асан М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ын хэсэг улс төрчид УИХ-д суудалгүй болоод байх үедээ Түвдийн Кайлаас ууланд гороо хийсэн юм.
Зорьсон үйлээ үргэлжлүүлэх хүчийг өгдөг Шамбалын орон байдаг гэх уг хайрханд сүсэглэн, гороолсон тэд УИХ-ын 2012 оны сонгуульд амжилттай оролцож, 4 суудалтай болсон билээ.
14. УИХ-д сууж байсан үе үеийн Казах үндэстэн гишүүд Исламын шүтлэгтнүүд байлаа.
15. Мүүнийн шашинтнууд гэх О.Эрдэнэбулган, Б.Насанбаяр нар УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшиж байв. Тэдний нэг Б.Насанбаяр өдгөө Боловсрол, Шинжлэх Ухааны Яаманд Газрын даргаар ажиллаж байна.
16. УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд Х.Баттулга “Их Майдар” цогцолбор барих ажлыг эхлүүлээд байна. Майдар бурханыг шүтсэнээр нас уртасдаг хэмээдэг.
Үргэлжлэл бий…
М.Гал
URL: