Дөрвөн хүний аминд хүрсэн байж болзошгүй “Арслант” архийг шинжилж байна
Амьдрах ухаан сургалтын төвөөр үйлчлүүлдэг дөрвөн хүн хордлогын шинжтэй нас барсантай холбогдуулан “Чин толгой” ХХК-д үйлдвэрлэсэн “Арслант” нэртэй архийг МХЕГ-ын лабораторид шинжилж байна.
Дээрх дөрвөн иргэн энэ сарын 22-ны орой Энэрэл эмнэлэгт хүргэгдсэн ч гурав нь тус эмнэлэгт, нэг нь хордлогын үндэсний төвд ирээд нас барсан юм. Хамгийн сүүлд амиа алдсан хүн нь “Чин толгой” ХХК-д үйлдвэрлэсэн “Арслант” нэртэй архийг уусан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд улмаар Мэргэжлийн хяналтын байгууллага амиа алдсан хүмүүсийн уусан байж болзошгүй “Арслант” архинаас дээж авч лабораторийн шинжилгээ хийж эхэллээ.
Тус архийг үйлдвэрлэсэн гэх “Чин толгой” ХХК нь 2007 онд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж, архи согтууруулах ундааны үйлдвэрлэл явуулахгүй болсон байна. Тиймээс тус архины хаяг шошгыг ашиглан хуурамчаар үйлдвэрлэсэн байж болзошгүй гэж үзжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тойрог-1” дэлгүүрээс хураан авсан “Арслант” архи нь 0,5, 0,75 литрээр савлагдсан, акцгүй, хаяг шошгын зөрчилтэй байсан аж. Нэг нь “Чинтолгой” ХХК гэж бичсэн байхад нөгөөх нь үйлдвэрлэсэн байгууллагын мэдээлэл байхгүй байх зэрэг зөрчилтэй байжээ.
Одоогоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт үргэлжилж байгаа бөгөөд МХЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Мэргэжлийн хяналтын байгууллагын салбар нэгжүүд нийслэл, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний цэгүүдэд борлуулж байгаа архи согтууруулах ундаанд шалгалт хийж эхэлжээ.
Н.Туяа
МОНЦАМЭ
URL: