“Ирээдүй” хорооллын ирээдүй бүрхэг хэвээр

35ed9bfe5553dcf9293d4d6e10c31d71Хот дунд хот босох төлөвлөгөөг “Монголын хот байгуулалтын хүрээлэн” компаниас танилцуулж, нэг дор 47250 хүн оршин суух “Ирээдүй” цогцолборт хоёр жилийн өмнө захиалга авч байсныг та санаж байна уу. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, зах зээлийн боломжит үнээр худалдаалахаар зарласан учир тухайн үед хүн бүр шуурч байсан. Гэвч одоо тэр үед захиалга өгсөн иргэдээс бусад нь энэхүү нүсэр байгууламжийг мартаж эхлэх нь.

Учир нь 2012 оны турш шинэ хорооллын бүтээн байгуулалтын тухай бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр рекламдаж байснаа таг чиг болчихсон санагдана. Харин 2012 онд захиалга авахдаа дараа оных нь дөрөвдүгээр улиралд байр бэлэн болно гэсэн эзэд нь амлалтаасаа буцжээ. Захиалагчид нь холбогдох газруудаар гомдлоо барагдуулахаар хөөцөлдөж явна. Ашиглалтад орох хугацаа нь аль хэдийнэ өнгөрчихөөд байхад зурган дээрх байдалтай байгаа “Ирээдүй” цогцолборын барилгын ажлыг сурвалжлахаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороог зорилоо.

Шинэ хороолол Гурвалжингийн гүүрээр баруун тийш хоёр км-т оршино гэж цахим хуудаст тэмдэглэгдсэн ч гүүрээс хоёр биш дөрөв орчим км-т алслагджээ. Хорооллын байршил “ТЭЦ-4”-ийн зүүн талд, төв замаас нэлээд зайдуухан байх бөгөөд Туул голын эрэг дээр юм. Нэлээд хэдэн блок бололтой барилгын суурийг тойруулж төмөр хашаа татжээ. Хашаан дотор болон гадна талд нь цахилгаан, дулааны шугам сүлжээний хэд хэдэн дэд өртөө барьчихаж. Хүмүүсийн хэлж буйгаар өнгөрсөн жил барилгын ажил олигтой хийгдээгүй гэнэ. Дунд гол, Туул голын эрэг дагуу байрлах 60 га талбайд шинэ хороолол босгох газрын зөвшөөрлийг 2011 оны долдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар олгожээ. Зураг төслөөр нь 2013 онд барилгын ажил дуусна гэсэн ч 2014 он гарчихаад байхад дөнгөж барилгын суурь босчихоод байгаа учрыг судалбал компанийн эзэд салбарын яамандаа хөрөнгө оруулалт саатсанаас ажил удааширсан гэж тайлбарлажээ. Энэ тухай лавлахаар “Монголын хот байгуулалтын хүрээлэн” компанийн 8811…. дугаараар нь холбогдож, ашиглалтад орох хугацаа нь хэтэрсэн шалтгааныг тодруулахыг хүстэл “Энэ тухай хэлэх боломжгүй, хариуцах хүнтэй нь ч холбогдох боломжгүй”  хэмээн цааргалав. Түүнчлэн өөр нэг дугаараар нь холбогдвол борлуулалтын менежер н.Баярмаа гэх эмэгтэй утсаа авч “Төрөөс дулаан цахилгааны шугам татаж өгөх байсан ч зураг төсөл нь удаашраад барилгын ажил хойшлогдсон. Харин одоо зураг нь батлагдчихсан байна лээ” гэв.

Тус хорооллын шугам сүлжээг Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Эрчим хүч дэд бүтэц” төслийнхөн хариуцдаг юм байна. Төслийн мэргэжилтнүүд өнгөрсөн онд шинэ хорооллын шугам сүлжээг татаад ашиглахад бэлэн болгоод хүлээлгээд өгчихсөнөө дуулгалаа. Тэгээд ч компанийн зүгээс тайлбарлаад буй шиг шугам сүлжээ, дулаанд холбогдоогүйгээс барилгын ажил удаашрах шалтгаан болохгүй гэдгийг тэд хэлж байв.

Түүнээс гадна борлуу­лалтын менежерийнх нь хэлж буйгаар “Хөрөнгө оруулалт шийдэгдчихсэн. Энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд ашиглалтад оруулна. Одоогоор барилгын ажил 30, 40 хувьтай байгаа. Нэлээд олон хүн захиалга өгсөн. Байр ашиглалтад ороход хуучин захиалагчид тухайн үеийн ханшаар, харин шинээр захиалга өгөх иргэд арай өндөр үнэтэй оруулна” гэлээ. Захиалга авах үед 12500 өрх амьдрахуйц хэмээн зарласан тус цогцолборын үнэ ханш ч уян хатан байсан. Компанийн цахим мэдээлэлд “….Метр квадрат нь 25 хувиар хямдарч 1.1 сая төгрөг, амжиж захиалбал 50 хувиар хямдруулж 20 хувийн урьдчилгаа авна…” гэснээс цөөнгүй иргэн захиалга өгсөн бололтой. Гэвч борлуулалтын менежер хэчнээн хүн захиалга өгснийг хэлээгүй юм. Харин тэдэнд нөхөн олговор олгох эсэхийг нь лавлавал бас л тодорхой хариулт өгсөнгүй.

Ямартаа ч “Ирээдүй” цогцолборын цахилгаан, дулааныг холбочихсон, хөрөнгө оруулалт нь ший­дэгд­чихсэн болохоор да­хин өөр шалтаг гараад ирэх­гүй гэж найдъя. Гэвч ху­гацаа нь хэтрээд жил тойрчихсон байгаа атал ажлын явц дөнгөж 30-хан хувьтай байгаа нь энэ ондоо багтаж ашиглалтад орох нь эргэлзээтэй гэж захиалагчид нь хэллээ.

Б.ЭНХ

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих