Дэвдэггүй жигүүр
Ургаж гүйцдэггүй жигүүр улс төрийн намд байна. Одоогоос яг таван сарын өмнө албан ёсоор байгуулагдсанаа зарлаж байсан Ардчилсан намын дэргэдэх жигүүр өнөөдөр таг чиг болжээ. Хаа нэг жигүүрийн гишүүн А.Мурат ярихаас илүү гавьсангүй. Тус намын нэлээд хэдэн гишүүний нэгдэл гэж анх зарлаж байсан. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан нар ч дэмжиж ажилладаг тухай яриа байдаг. Эндээс харахад нэлээд хол явж , эрх баригч намыг бужигнуулж мэдэхээр жигүүр дэвж эхэллээ гэж улс төрийн хүрээнд ярьдаг байв. Олон фракцтай намд бас юуны жигүүр вэ гэж гоочлох хүн ч байв. Харин жигүүр “дэвж” эхэлсэн үед бол МоАХ, Кроун, Нэг ардчилал, МҮДН фракцийн төлөөлөл байсан юм шүү. Мөн албан тушаалгүй үлдсэн гомдогсдын бүлгэм ч гэж элдвээр хэлүүлсээр арай гэж ургаж ядсан жигүүр юм.
Гэхдээ тэдний зорилго намын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ руу чиглээгүй. Зөвхөн нам доторх болохгүй асуудлуудаа засах зорилготой байсан юм. Тухайлбал, Ардчилсан намын дүрмийг хэрэгжүүлэхийг шаардсан. Бүх сум суурин газар салбар нэгжтэй, бүтэцтэй, олон мянган гишүүнтэй улс төрийн хүчний хувьд дотоод сонгуулийн хороогоо ажиллуулахыг шаардсан.
АН өмнө нь цөөнх байхдаа жил бүр ротацийн сонгууль явуулдаг байлаа. Харин 2011 оноос хойш дотооддоо явуулдаг энэ сонгууль нь зогссон. Засгийн эрхэнд гарсан намаа дагаад цөөнгүй гишүүд нь төрийн жинхэнэ албан хаагч болсон. Тэдний дунд ҮЗХ-ны гишүүд ч бий. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагчдынхаа оронд ротаци явуулж шинээр гишүүн оруулж ирэх ёстой гэж жигүүр шаардаж байв. Тэдний шаардлага ч зөв байсан байх. Гэхдээ л одоог хүртэл энэ шаардлагыг биелүүлж АН дотооддоо сонгууль явуулаагүйг бодоход хууль зөрчсөн хэд хэдэн төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байна.
Бас тэдний ярьсан нэг зүйл бол ёс зүй. Намын нэрээр өндөр албан тушаалд очсон зарим нэг нь онгоцны буудал дээр танхайрсан гээд элдэв зодоонд оролцсон мэр сэр хүн бий. Тэдэндээ зориулж ёс зүйтэй ажиллахыг шаардаж, хэрэв хэл аманд өртвөл эргүүлж татдаг болгох саналыг жигүүрийнхэн тавьж байв.
Ардчилсан намд анхны жигүүр байгуулсныг зарим нэг нь гайхаж байсан ч олонх нь сүртэй хүлээж аваагүй гэдэг. Яагаад гэвэл энэ намынхан голдуу задгай ярьдаг хүмүүс байдаг. Хурал чуулганаа нээлттэй хийж, хэн дуртай нь чөлөөтэй ярьдаг, хэрэлддэг байлаа. Энэ тухай өнгөрсөн цаг дээр ярих нь зохино. Одоо тэд дуугүй болсон. Албан тушаалтай, дарга нараасаа айдаг, ичдэг, нуугддаг болжээ. Жигүүрийнхнийг ч тэгж онцлох гэсэн юм.
Гэхдээ тэднийг гудамжинд гарч жагссангүй, намын удирдлагуудаа шүүмжилсэнгүй, нам засагтай тэрсэлдсэнгүй гэж шүүмжилсэн юм биш. Удирдлагуудтайгаа ойлголцоод хамтран ажиллаж байгаа нь сайн хэрэг. Ерөнхий зорилго нь ч тийм байв. Гэхдээ шийдэл нь алга. Ямар ч үр дүнд хүрээгүй учир дэвж чадаагүй жигүүр гэж хэлнэ. Зорьсон газартаа хүрч чадалгүй замдаа саатсан жигүүр гэе.
Хэрэв тэд зорьсондоо хүрсэн бол Ардчилсан нам өнөөдөр ёс зүйн дүрэмтэй болох байлаа. Намын Ёс зүйн дэд хороо нь бүрэлдэхүүнтэй, журамтай болох байв. Ротацийн сонгуулиа зохион байгуулж улмаар ҮЗХ нь ч хуралдаж шинэчлэгдэх байв. Цаашлаад Ардчилсан намын Их хурал ч хугацаандаа болох байжээ.
М.ЦЭЦЭГ
polit.mn
URL: