Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр

12196_262Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулаагүй хэрнээ стратегийн шинж чанартай ордуудын нууц жагсаалт гэж бий. Энэ жагсаалт эхнээсээ ил болж, түүнээс 39 ордыг ирээдүй хойч үеийнхэн ашиглах байдлаар М.Энхболдын гарын үсэгтэй УИХ-ын тогтоол 2007 онд гарч байсан түүхтэй.

Гэвч ирээдүй хойч үедээ ашиглуулах гэж үлдээсэн эдгээр ордууд өдгөө харийнхны мэдэлд оччихсон, олборлолтоос нь хүртэл ямар нэгэн ашиг монголчуудад төдийлөн байхгүй байгаа нь нүцгэн үнэн билээ. Эдгээр ордуудын тухай цуврал мэдээллийг “Маш нууц” сэтгүүл анх удаа уншигчдад баримт болгон хүргэж байна.

Увсын цэнхэр хязгаар нутгийнхны урдаа барьдаг орд

УИХ-ын 27 дугаар тогтоолын хоёр дахь хавсралтад багтсан ордуудаас энэ удаа бид Шүдэн уулын чулуун давсны ордыг онцоллоо. Учир нь, стратегийн орд гэхээр ард олны дунд хүрэн болон чулуун нүүрс, алт, зэс, төмрийн хүдрийн ордууд багтдаг гэсэн ойлголт бий. Тэгвэл газрын доорхи баялгаараа дэлхийд эхний тавд, энэ салбарын өрсөлдөх чадвараараа дэлхийд зургаад жагсаж буй Монгол Улсад маш олон төрлийн баялаг байгаагийн нэг нь япончуудын анхаарлыг татаж байгаа жамц давс юм. Жамц гэсэн тодотголтойгоос гадна маш чанарлаг эрдэс бүхий давсны орд манайд цөөнгүй байдгийн нэг нь стратегийн шинж чанарт хамаарах Увс нуурын хотгор дахь Шүдэн уулын давсны орд билээ.

Энэ ордыг өдгөө дотоодын компаниуд ашиглаж байгаа нь бусад ордоос ялгарах давуу тал аж. Учир нь, стратегийн гэх тодотголтой ордуудыг ард түмний нэрийн өмнөөс Монголын төр, төрд ажиллаж байгаа эрхмүүд өөрсдөө дур мэдэн худалдан борлуулж, лиценз нэрийн дор ашиглан харийнхантай нийлэн үгүй хийж, зарим нэг ордын нөөц нь хүртэл дуусах тийш хандсан нь ч бий. Энэ мэтээр ашиглалт, олборлолт хийсээр стратегийн гэх шинж тэмдгээ алдаж, жагсаалтаас хасагдах хэмжээнд очсон орд ч байгааг салбарынхан судалж байгаа юм билээ.

Шүдэн гэгдэх ууланд давсны орд илэрсэн, олборлож эхэлсэн, ашигласан түүхээс

Увс аймгийн нутагт Тагнын нуруу сүндэрлэн оршиж, энэ нурууны салбар уулсын дунд бүхэл бүтэн давсан уул байдаг нь байгалийн сонин шийдэл, цогцлын нэг юм. Бор хөрсөөр хучигдсан энэхүү давсан уулыг Увс нутгийн ард түмэн “Шүдэн уул” хэмээн нэрийдэж, ирээдүйд ганц Монголын ч биш Ази тивийн давсны хэрэгцээг дангаараа хангах хэмжээний нөөцтэй хэмээн тодорхойлсон байдаг.

Энэ дүгнэлтийг ч мэргэжлийнхэн баталж, Увс аймгийн Давст сумын төвөөс 18 километр зайд орших цул давсан уулыг 1973 онд “Давсны” хэмээн алдаршсан геологич Ж.Сумьяа нээснээр 1974 оноос ашиглаж эхэлжээ. Нутгийн иргэд 300 гаруй жилийн тэртээгээс ашиглаж байсан баримт ч бий. Шүдэн уулын Давсны уурхай Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн харьяанд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд давсны давхаргын зузаан 9-50 метр, нийт нөөц 73.2 сая тонн бөгөөд эдгээр үзүүлэлтээрээ дэлхийд томоохонд тооцогддог байна.

Энэхүү давсан орд дэлхийн хуурай газар ургасан цөөхөн давснуудын нэг гэнэ. Шүдэн уулыг хэдэн сая жилийн өмнө тэнгисийн ёроолд ургасан гэж үздэг бөгөөд тэнгисийн ус ширгэхэд үлдэж хоцорсон давст уул юм. Монгол орны бусад давсан ордыг бодвол насжилтын хувьд хамгийн эртнийхэд тооцогддогоос гадна дэлхий даяар судлагдсан давсны томоохон ордуудаас хүний биед хэрэгтэй эрдэс, давсын агууламж хамгийн өндөр, элбэг гэдгээрээ энэ орд аль хэдийнэ анхаарлын төвд оржээ. Одоо хайр гамтай ашиглаж, хойч үедээ өвлүүлэх энэ орд өнөөдөр мөн л төрийн ямар ч бодлогогүйгээр ашиглагдаж байна хэмээн шүүмжлэх хүмүүс олон байдаг.

Шүдэн уулын нэг хэсэг нь УИХ-ын гишүүн Ц.Дашдоржид хамааралтай

Шүдэн уулын чулуун давсны ордод өдгөө албан ёсоор хоёр компани, албан бусаар Увс аймгийн жижиг компаниуд олборлолт явуулж байгаа аж. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хоёр компанийн хувьд 30 жилээр ашиглах зөвшөөрлийг авсан бөгөөд эхний тусгай зөвшөөрлийн хугацаа 2027 онд дуусгавар болох юм. “Их тэмүүлэл” ХХК 62.84 га газарт MV-000874 тусгай зөвшөөрлийг 1997 онд авч байжээ. Тус компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Дашдорж бөгөөд тэрбээр тухайн үед ирээдүйд үнэд хүрч болох чулуун давсны энэхүү ордод өөрийн бизнесээ эхлүүлсэн байдаг. Түүнийг компанийнхаа захирлаар таван жил ажиллах хугацаанд ийнхүү Шүдэн уулын 62,84 га газар тус компанийн мэдэлд 30 жилээр очсон нь тухайн үедээ олон хүний хардлага, харамсах сэтгэлийг төрүүлж байсан удаатай. Удаахь компанийн хувьд байгаль орчин сүйдэлсэн хэмээн торгуулийн акт тогтоолгож байсан “Зууннайман суварга” ХХК.

Тус компанийн хувьд Шүдэн ууланд 29.39 га газрыг хамарсан MV-010061 тусгай зөвшөөрлийг 2005 онд авсан байдаг бөгөөд тэр цагаас хойш хайгуул, олборлолт, үйлдвэрлэл явуулж байгаа аж. Тус компани зөвшөөрлийн хувьд мөн л 30 жилийн хугацаатайгаар авсан байдаг бөгөөд 2035 он хүртэл уг ордыг ашиглах эрх бүхий компани гэсэн үг юм. Мөн албан ёсны зөвшөөрөл аваагүй жижиг компаниуд тус уулнаас давс олборлон үйлдвэр, үйлчилгээ явуулсаар байгаа гэнэ. Үүний хажуугаар “Зууннайман суварга” компани Шүдэн уулын давсны уурхайг түшиглэн 2012 оноос Жамц давсны үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа аж. Энэ орд газарт томоохон үйлдвэрлэл явагдаагүй ч жамц давсыг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа газрууд цөөнгүй бий. Шүдэн уулын жамц давс Увсын брэнд хэмээгдэн НҮБ-ын “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” санаачилгад хамрагдсан байдаг. Гэвч НҮБ сайшаалаа гээд төр, засаг нь Азийн хэмжээнд, цаашлаад дэлхийн хэмжээнд яригдаж буй энэ том ордоо компаниудад даатгаад өнгөрөх нь тохиромжтой биш гэдгийг шүүмжлэх хүмүүс олон бий.

Шүдэн уулын давсны давуу талууд

Чулуун давс нь ягаан саарал, цагаан, хөх, улаан, шар гэсэн таван төрөл байдаг бөгөөд дотроо нейтрон, магни, кальци, флор, йод зэрэг хувирагч элементүүдийг агуулдаг. Эдгээр элементүүд нь хүний биед амин чухал хэрэгцээтэй эрдэс бодисуудыг агуулдаг учраас гэдэс, улаан хоолой, шүд гэгчлэн нийтлэг өвчнүүдэд ач тустай бүтээгдэхүүн болдог, мөн хоол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг утгаараа хүн бүрийн хэрэглээ гэсэн үг юм. Мөн хүний биед амин чухал хэрэгцээтэй эрдэс бодис агуулсан болохыг Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнгээс тогтоожээ. Ийм давс Монголд цөөн хэдэн газрын нэгэнд байдаг нь тус орд юм. Тэр дундаа Шүдэн уулын чулуун давс нь өнөөдөр дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа төдийгүй япончуудын хэтийн сонирхол тус ордод хоргодож байгаагаар энэ байдал илэрч байгаа билээ. Судалгаагаар чулуун давсны тунамал нь дунд диван галавын үеийн тогтоц хэмээн үзжээ.

Жамц давсанд нүд унагасан япончуудын сонирхол

Монголчууд давсыг зөвхөн хоол, цайндаа хэрэглэдэггүй ард түмэн. Жамц давс шинэ төрсөн нярайгаас эхлээд элдэв хуучтай хөгшчүүл хэрэглэдэг эмчилгээний маш чухал бүтээгдэхүүнүүдийн нэг. Мөн үмхий давсыг олгой, ходоод, гэдэс дотрын өвчинг анагаахад хэдхэн долоох замаар хэрэглэж ирсэн монголчууд давсанд асар их увдис байдгийг мэднэ. Харин үүнийг дэлхийн томоохон гүрнүүдийн нэг гэгддэг япончууд аль хэдийнэ олж хараад, монгол давсанд, тэр дундаа Шүдэн уулын давсанд анхаарал хандуулж эхэлсээр цөөнгүй жилийн нүүрийг үзэж байна. Албан ёсны зөвшөөрөл аваагүй хэр нь энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа Японы хэд хэдэн хамтарсан компани ч байгаа юм. Давс өнөөдөр дэлхийн зах зээл дээр харьцангуй хямд бүтээгдэхүүн гэдэг утгаараа хүмүүс ч төдийлөн сонирхохгүй, алт, зэс шиг үнэд хүрэхгүй болохоор төр, засаг нь нэг их хайхраад байхгүй орхигдчихжээ. Харин жамц давс болон чулуун давсны ач холбогдол хийгээд бусад үр өгөөжийг мэддэг хүмүүс энэ орд руу аль хэдийнэ анхаараад эхэлчихсэн байгааг дуулгах нь зүйн хэрэг биз. Газрын доорхи баялгаа ухахгүй, хадгалах нь энэ цагт тийм ч тохиромжтой биш. Гэхдээ бодлоготой, төлөвлөгөөтэй, замбараатай, хариуцлагатай хандах ёстой.

Дотоодын компаниуд давс олборлож байгаа ч дотор нь бас төрийн оролцооны асуудал яригдаж таарна. Сая сая тонноор хэмжиг­дэх нөөцтэй бүхэл бүтэн давсан уулыг хэрхэн, яаж ашиг­лах стратеги төлөвлөгөө ч үнэндээ байдаггүй аж. Үйлдвэр байгуулах, гадаадад импортлох гэсэн зорилгоос цаашгүй, нутгийн ганц нэг жижигхэн компаниуд давсан эд хогшил хийж олны нүд хужирладаг ч энэ нь брэнд болсон зүйлгүй, цөөн хүрээнийхний л мэдэлд байгаа юм. Тэгэхээр хоёрдугаар хавсралтад багтсан ордуудаас орхигдож, хаягдаж магадгүй нь Шүдэн уулын чулуун давсны орд байх магадлалтай. Мэдээж, орд болгоноо гад­ны­ханд алдчихсан ийм үед дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд тус ордыг эзэмшиж байгаа нь сайн хэрэг боловч улам сайжруулахын тулд стратеги төлөвлөгөө, төрийн оролцооны асуудал энд дурдагдах ёстой юм. Ингэж гэмээнэ жамц болон чулуун давсыг сонирхож буй орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэнэ гэлтэй. Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтаар Шүдэн уулнаас давс олборлон экспортлож байгаа компаниуд бүгд албан ёсны ашигт малтмалын зөвшөөрөлгүй, Х лиценз ч байхгүй байжээ.

Гэвч өдгөөг хүртэл тус ордод орон нутгийн жижиг үйлдвэрлэгч­дээс эхлээд Монгол-Японы хамтарсан хэд хэдэн компани жамц давсыг йоджуулах буюу байгалиар нь үйлдвэрлэн бүс нутаг төдийгүй улсын хэмжээнд борлуулж байгаа. Мөн савласан жамц давсыг бага хэмжээгээр Япон Улсад экспортлож байна. Хамгийн гол нь Ашигт малтмалын газраас эрдэс баялгийн экспортод гаргаж буй бүтээгдэхүүний жишиг үнийг тогтоодог байхад давсанд ийм жишиг үнэ байхгүй, дэлхийн зах зээл дээрхи ханшаас маш доогуур, хямд өртгөөр гаргадаг юм байна. Өөрөөр хэлбэл, давсны олборлолт, худалдаа, экспортод тавигдах хяналт маш сул байдаг гэсэн үг. Стратегийн энэ чухал ордыг өнөөдөр бид ингээд үнэгүйдүүлээд орхих уу, эсвэл төрийн бодлогоор төрийн оролцоотой ашиглах уу гэдэг асуудал одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч Увсын цэнхэр хязгаар нутагт дэлхий дахины анхаарлыг татаж, Ази тивийн давсны хэрэгцээг дангаараа хангах чадвартай цул чулуун давсан уул тал талаасаа хөндөгдсөөр л байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих