Тагнуулынхан байшингаа барихдаа төөрөлддөг гэнэ
“Үе үеийн тагнуулчдын түүх ийм л байсан” хэмээх шторктой манай тусгай ажилтнуудын тухай олон ангит кино нэгэн телевизээр гарч байна. Харин үүнтэй зэрэгцэн нөгөө сувгуудаар нь тагнуулчид ажил үүргээ явуулах барилгынхаа байршлыг буруу сонгосноос шинэ баригдаж буй обьектийг нь Засгийн газраас дуудлагаар худалдах болсон тухай мэдээллүүд урсана.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт орших 1.5 га газрыг хамарсан цогцолбор барилгын дуудлага худалдаа товынхоо дагуу өнгөрсөн баасан гаригт болох байсан ч өрсөлдөгчгүйн улмаас хойшилжээ. Энэ цогцолбор барилга тагнуулчдад гологдсон үндсэн шалтгаан ердөө л байршил гэсэн. Ерөнхий сайд “Тагнуулын барилгын байршил буруу, хуучин байрныхаасаа жижиг хэмжээтэй, ашиглах боломж тааруу” хэмээж.
Улсын чухал обьектийн ойролцоо өндөр ,өндөр орон сууцны барилгууд олноор боссон учир тагнуулынхаа барилгын байршлыг солихоос өөр аргагүй болсон ажээ. Ингэхэд улс орны үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах учиртай манай тагнуулчид яагаад ийм алдаа гаргасан юм бол. Тухайн газарт нь ийм олон байшин зэрэгцэн босохыг мэдээгүй гэнэ.
Аль эсвэл энэ барилгыг сонгож болохгүй өөр олон шалтгаан байсан юм болов уу. Яадаг ч байсан дараагийн удаад орон гэрээ барих газраа сонгохдоо ойр хавийг нь сайн л тагнаж, чагнаж үзээрэй дээ, тагнуулынхан минь.
Ө.СОНОР
polit.mn
URL: