МУГТ У.Мөнх-Эрдэнэ: Хөөрч баярлах боломжийг хилчид бидэнд олгосон гэж боддог
Монгол Улсын гавъяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 1982 оны гуравдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төржээ. Боксын спортоор хичээллэсэн цагаасаа эхлэн амжилт үзүүлсээр төр, түмнийхээ итгэлийг даасан тамирчин болсон тэрбээр өдгөө 64 кг-ийн жинд хүч сорьж байна.
Түүний амжилтаас дурьдвал 2001 оны Зүун Азийн аваргын алт, 2002 оны Азийн аваргын хүрэл, 2003 оны Дэлхийн аваргын шилдэг найм, 2006 оны Азийн тоглолтын мөнгө, 2008 оны олимпийн шилдэг найм, 2009 оны Дэлхийн аваргын хүрэл, 2011 оны Азийн аваргын алт, 2008 оны Дэлхийн цомын мөнгөн медалиудыг тус тус хүртсэн.
Тэрбээр нийт гурван олимпод хүч үзсэн бөгөөд 2004 оны Афины олимпод боксын 60 кг, 2008 оны Бээжингийн олимп, 2012 оны Лондонгийн олимпуудад 64 кг-ийн жинд өрсөлдөж 2012 оны олимпоос хүрэл медаль хүртсэн. Бээжингийн олимпийн тавдугаар байрын шагналтай. Хамгийн сүүлд Казахстанд болсон ДАШТ-аас хүрэл медаль хүртсэн.
Мөн Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-нooc дэлхийн ширэн бээлийтнүүдийн чансааг тодорхойлоход I байрт шалгарчээ. Хүүхэд байхаасаа л боксын спортын төлөө зэвэрч нугарашгүй ган мэт зүтгэж, цаг хугацаа өнгөрөх тусам сум мэт эрчилж амьдарсан энэ тамирчны хувьд 2016 онд Бразилийн Рио Де Жанеро хотноо зохион байгуулагдах Олимпийн тэмцээн ихээхэн хүлээлтийг үүсгээд буй…
-Ярилцлагаа таны бага наснаас эхэлье?
-Би Нийслэлийн 13 дугаар дунд сургуулийг төгссөн. Анх 14-15 настай байхаасаа боксоор хичээллэж эхэлсэн юм. Нэг их сахилгагүй биш ч гүйж харайсан, нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байлаа.
-Ер нь яагаад бокс тоглохоор шийдсэн юм бэ?
-Спорт, тэр дундаа тулааны спортод их дуртай хүүхэд байсан. Энэ бол хөвгүүдийн нийтлэг сонирхол шүү дээ. Анх самбо бөхөөр хичээллэж эхэлсэн юм. Тэгээд удалгүй боксыг сонгосон.
-Намайг бага байхад ангийн хөвгүүд заримдаа зодоон хийдэг, түүнийг нь би хувьдаа ер ойлгодоггүй байлаа. Та бас л тэдний нэгэн адил зодоон хийх дуртай хүүхэд байв уу?
-Арван хэдтэй хүүхдүүдийн зодоон харьцангуй гэм хор багатай шүү дээ. Мэдээж хэрэг би тэдний л нэг байсан байх.
-Анх хэн гэдэг багшийн удирдлага дор боксын спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Гавъяат дасгалжуулагч Д.Батмөнх багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн.
-Хамгийн анхны оролцсон тэмцээнийхээ талаар ярьж өгөхгүй юу?
-1997 онд Сэлэнгэ аймагт зохиогдсон Д.Баюугийн нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Тухайн үед боксоор хичээллээд зургаан cap болж байлаа.
-Тэгвэл хамгийн анхны олон улсын тэмцээний амжилтыг хэдийд гаргасан бол?
-1997 оны зун Улаан-Үүдэд болсон өсвөр үеийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 1998 онд Мексикт болсон дэлхийн өсвөрийн боксчдын наадмаас хүрэл медаль хүртсэн. Ингээд 1999 онд Монгол Улсын шигшээ багийн тамирчин болсныхоо дараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. 2000 онд УАШТ-нд түрүүлж, 2001 онд Зүүн Азийн наадмаас алтан медаль хүртсэн.
-Таны амжилт тасралтгүй бөгөөд тууштай өсчээ. Боксоор хичээллэсэн энэ 15 жилийн хугацаанд “Ер нь больдог ч юм уу” гэж бодсон үе бий юу?
-Мэдээж хэрэг маш олон хүн энэ спорт руу орж, тун цөөн нь тунаж үлддэг. Гадаадын өндөр хөгжилтэй орны хүүхдүүд 7-8 настайгаасаа, харин манай улсын хувьд дундажаар 12-13 настайгаасаа боксын спортоор хичээллэж эхэлдэг юм. Тэгээд маш олон шалтгааны улмаас ихэвчлэн 23-25 настайдаа энэ спортыг орхидог. Миний хувьд багаасаа өдийг хүртэл /Тэр одоо 30 гарч байгаа. Сурв/ хичээллэсэн болохоор энэ спортод үнэнч байдаг юм.
-Энэ бүх хугацааныхаа ихэнхийг нь бэлтгэлд зориулсан биз дээ?
-Тэгэлгүй яахав. Магадгүй 90 хувь нь бэлтгэл, 10 хувь нь тэмцээн байсан байх.
-Өдөр тутмын бэлтгэл, сургуулилтыг хийнэ гэдэг халширмаар зүйл биш гэж үү? Бэлтгэл хийх үеэр тамирчин хүний сэтгэл зүй ямар байдаг вэ?
-Би тэмцээнд сайн бэлтгэж оролцохыг зорьдог. Тиймээс бэлтгэлийн үеэр зөвхөн техникээ засч, хурд хүчээ хэрхэн нэмэгдүүлэх талаар л боддог. Долоо хоногийн зургаан өдөрт нь заавал бэлтгэл хийдэг. Тэгэхдээ хоёроос доошгүй удаа.
-Боксын спорт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг. Энэ нь таны хүсэл сонирхлыг алдагдуулж чадаагүй бололтой?
-Эрсдэлгүй зүйл гэж хаана ч байдаггүй. Бокс тоглодог хэрнээ эрдэм номтой хүмүүс зөндөө л байна шүү дээ.
-Сурч боловсрох тал дээрээ та хэр их цаг зарцуулдаг вэ?
-Би “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Одоо МУИС-ийн сэтгүүл зүйн ангид суралцаж байгаа. Харамсалтай нь хичээл хийхэд тэр бүр хангалттай цаг зарцуулж чаддаггүй. Өндөр бэлтгэлтэй үед хичээлийн цаг давхцах, дунд нь амарч чадахгүй болох зэрэг асуудал гардаг. Энэ маш хүндрэлтэй л дээ.
-Яагаад сэтгүүл зүйг сонгох болов?
-Би багаасаа л цэргийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Гэвч надад мөрөөдпөө биелүүлэх боломж тохиогоогүй юм. Ингээд гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцох явцдаа сэтгүүлчийн мэргэжлийг сонирхох болсон. Сэтгүүлч хүн маш олон талын мэдлэг, боловсролтой байдаг. Хэрэв би энэ боловсролыг олоод авчихвал өөрийгөө хөгжүүлэхээс гадна адаглаад боксын тэмцээнийг зөв тайлбарлаж чадна. Манайхан мэргэжлийн боксын талаар маш буруу ойлголттой байдаг. Энэ бол их том ертөнц шүү дээ.
-Тэгвэл мэргэжлийн бокс гэж юуг хэлээд байна вэ?
-Манай монгол хэлэнд мэргэжлийн бокс гэж орчуулагдаад байдаг юм. Харин орос хэл дээр бокс сонирхогч мэргэжилтнүүдийн холбоо гэгддэг. Бидний сонирхогчийн бокс гэж нэрлээд байгаа зүйл нь бокс сонирхогчдын холбоо юм.
Олимпод орж байгаа төрөл нь улс орон бүр өөрийн бахархлыг төрүүлж, нэр хүндээ өсгөхийн зэрэгцээ эдийн засаг болон тамирчдынхаа ур чадварыг сорьж буй хэрэг байдаг. Харин нөгөө нь буюу бокс сонирхогч мэргэжилтнүүдийн холбоо нь шоу бизнес тал руугаа илүү хөгжсөн байдаг.
-Энэ спортоос авдаг сэтгэл ханамжийн тухайд?
-Маш их. Багаасаа л энэ спортод татагдаад орчихсон учраас чин сэтгэлээсээ тоглох дуртай.
-Хамгийн сургамжтай тэмцээн?
-Хамгийн анхны тэмцээнээс эхлээд хамгийн сүүлчийнхийг хүртэлх тэмцээнүүд бүгд л сургамж болсон гэж боддог. Хүн насан туршдаа суралцдаг гэдэг шүү дээ.
-Ингэхэд яагаад цэргийн хүн болохыг тэгж их мөрөөддөг байсан юм бол?
-Хилийн цэрэг миний амьдралд маш ойрхон байдаг. Нагац ах маань ХЦДС /одоогийн ХСИС-ийн Хилийн сургууль/-д суралцаж төгссөн хурандаа Ц.Гансүх гэж хүн бий. Тэр улсын хилд арав гаруй жил ажилласан юм. Магадгүй ахын маань нөлөө ч их байсан биз.
Багадаа алдартай генералуудын дурдатгал болон Монгол, Зөвлөлтийн цэргийн дарга нарын түүх, дайн байлдааны холбогдолтой ном зохиолуудыг хэрэг болгон хайж олоод уншдаг байв. Жуков, Рокосовский, Суворов, Кутузов гээд л. Мөн Байтаг богдыг хэрхэн хамгаалж тулалдсан талаар ихэд сонирхон уншиж байлаа. Энэ бүхнээс үүдээд цэргийн хүн, тэр дундаа хилчин болохыг мөрөөддөг болсон байх.
-Хилчид гэж таны бодлоор хэнийг хэлэх вэ?
-Хилээр орж ирээд хамгийн түрүүнд хилчидтэйгээ таардаг шүү дээ. Монгол Улсыг хамгаалах хамгийн хүндтэй, хариуцлагатай, нэр төртэй, бахархалтай албыг хашиж байгаа хүмүүс бол хилчид гэж боддог. Би хилчдээр бахархдаг. Хувцасыг нь харахад хүртэл гоё байдаг юм. Гэхдээ 1980-аад оны хүүхдүүд бид нэг өөр. 1990-ээд оныхон буюу сүүлийн үеийн хүүхдүүдэд хил, эх орон, цэргийн тухай мэдэгдэхүүн олгож үзүүлж, таниулах зүйл нь багасчихсан юм болов уу гэж бодогддог.
Бидэнд энэ газар нутаг, тусгаар тогтнол, үнэ цэнэтэй бүхнийг хамгаалан үлдээж өвлүүлсэн баатруудынхаа талаар баримтат кино хийж, ном зохиол нэмж хэвлүүлэн үнэн зөв түүхийг нь хүүхэд багачууддаа таниулах хэрэгтэй шүү дээ. Сүүлийн үед түүхийг сануулах нь багасаад, ахмадуудынхаа байгуулсан баатарлаг гавъяаг мартаад байх шиг санагддаг.
-Олимп, тив, дэлхийд өөрийн улсын нэрийг гаргана гэдэг нь эх орныхоо тусгаар тогтнолын дархлааг баталгаажуулж байгаа нэг хэлбэр юм болов уу гэж бодогддог шүү?
-Миний хувьд спортын төрлүүд дундаа тулааны спорт нь цэргийн сэтгэл зүйтэй их ойр санагддаг. Анх Монгол Улсад боксын спортыг дотоодыг хамгаалахын ажилтнуудыг бэлтгэх зорилгоор хөгжүүлсэн байдаг юм билээ. Одоогийнхоор бол тусгай тасгийнхныг бэлтгэх зорилготой байж л дээ.
Цэрэг, арми гэдэг бол эх орноо хамгаалж буй аугаа хүчин зүйл. Эх орон, газар нутаг, тусгаар тогтнол, гэр бүл, гал голомт гэдэг нь хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл. Монгол хүн монгол хүнээ хайрлана гэдэг эх орноо хайрлаж буй хэрэг юм. Тамирчид, тулааны спортынхон болон хүүхэд залуус, ард иргэд маань цэргүүдээсээ суралцах ёстой гэж би боддог.
-Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа хүний хувьд танаас нэг зүйл асууя. Хэрэв та яг одоо миний оронд байсан бол ямар асуулт тавих байсан бэ?
-Боксын холбогдолтой асуулт тавих байсан. Ялангуяа олон улсад болсон сонин сайхан тэмцээнүүдийн талаар.
-Сэдэлжүүлсэнд баярлалаа. Ингэхэд дэлхийн хамгийн сайн боксчид хаана байдаг вэ?
-Олимпод орж буй боксын холбооны хүрээнд бол хамгийн сайн нь мэдээж хэрэг ОХУ, Кубын боксчид. Мөн Казахстан, Узбекстаны боксчид маш сайн. Бидний хэлж заншсанаар мэргэжлийн боксын төрөлд томоохон шоу тэмцээнүүдийг зохион байгуулдаг юм. Хамгийн их мөнгөний урсгал эргэлдэж байгаа газар бол АНУ, ХБНГУ байна даа.
Өнөөдөр бид Майк Тайсон, Леннокс Льюс, Владимир Кличко, Жон Крейзер нарыг агуу гэдэг. Гэтэл тэднээс гоё техниктэй боксчид зөндөө олон бий. Яагаад тэднийг агуу гээд байгаагийн учир нь хүнд жингийнх гэдэгт нь л байгаа юм. Хамгийн хүчтэй накаутууд хүнд жингийн тоглолтон дээр гардаг. Хүмүүс боксыг сонирхон үздэг гол шалтгаан бол үндсэндээ накаут шүү дээ.
Хэн нь хэнийгээ нам цохих нь вэ гэдгийг л хараад сууж байдаг. Жин өгсөх тусам мөнгө нь нэмэгддэг. Өөрөөр хэлбэл бүх зүйл мөнгөн дээр зохицуулагдаж, менежмент нь явагддаг юм. Харин олимпийн боксын үнэлэмж, хэмжүүр нэгэн жигд байдаг. Медалиар бүх зүйл хэмжигддэг гэх үү дээ. Ямар ч жинд тоглосон Засгийн газраас олгодог мөнгөн дүн нь хүртэл ижилхэн байдаг.
-Хамгийн богино хугацаанд ялалт байгуулсан тоглолт?
-Сулхан хүнийг ялна гэдэг цаасыг чичихтэй адил. Харин сайн тамирчныг амархан ялна гэдэг бол жинхэнэ амжилт юм. Сайн дотроо сайн боксчныг ялна гэдэг нь бас өөр үнэлэмжийг илэрхийлдэг. Миний хувьд олимп, дэлхийн медальтай сайн боксчдыг ялсан, нагдаунд оруулсан, накаутаар хожсон тохиолдол бий. Хэнийг, хэзээ, хэрхэн ялах вэ гэдгээс шалтгаалаад ялалтын үнэ цэнэ ялгаатай байдаг.
-Тамирчин хүний хувьд таны хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?
-Багаасаа сэтгэл зүрхээ өгөөд энэ спортоор хичээллэсэн минь л юм даа, Өөрөө дуртай учраас хүсэл эрмэлзэл, цаг хугацаа гээд бүх юмаа үүнд л зориулсан.
-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Одоогоор оноож хэлэхээр “ноцтой” өрсөлдөгч байхгүй.
-Одоо ямар тэмцээнд бэлтгэж байна?
-Надад амжилтаа ахиулах бүрэн боломж бий. Би одоогоор бага зэрэг гэмтэлтэй байгаа. Үүнийгээ сайтар эдгээж аваад 2016 оны олимпийн наадамд оролцохоор зорьж байна.
-Хэрэв хилчид таныг урьж, тулааны урлаг заалгах санал тавьбал хэрхэн хүлээж авах бол?
-Олимпийн дараа бол дуртайяа зөвшөөрнө. Хилчидтэйгээ уулзана гэж бодохоор надад маш сайхан санагдаж байна.
-Спорт хүний сэтгэл хөдлөлийг хамгийн дээд цэгт нь хүргэж, юу юунаас илүү нэгтгэн нягтруулж чаддаг шүү дээ. Бээжингийн олимпоор монголчууд анхны медалиа аваад хэрхэн хөөрч баярлаж байсныг би мартдаггүй юм. Тухайн үед машинтай нь машиныхаа цонхон дээр, явган нь хотын гудмаар төрийн далбаагаа намируулан улс даяраа “давалгаалж” байсан. Бүгд л нэг нэгээ танихгүй хэрнээ алга хавсран мэндчилээд л…
-Тийм ээ. Монголчууд энэ амжилтыг олон жил хүлээсэн. Тухайн үед би олимпод оролцож байсан шүү дээ. Мэдээж хэрэг их сайхан санагдаж байсан. Ард түмэн хөөрч баярласан. Харин ингэж хөөрч баярлах боломжийг бидэнд хилчид л олгосон гэж боддог. Монгол Улсад тусгаар тогтнол, эрх чөлөөг авчирсан хүмүүс бол хилчин цэрэг дайчид. Яалт ч үгүй бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой байх юм даа.
-Эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийд өрсөлдөж, төрийн далбаагаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлэх торгон агшин тамирчин хүний хамгийн аз жаргалтай мөч байдаг байх даа?
-Тийм ээ, энэ бол төгс төгөлдөр амжилт.
-Таны хамгийн их хүндэлдэг тамирчин хэн бэ?
-Мухаммед Али. Монголоос Үүеэ ах. /МУГТ Т.Үйтүмэнг хэлж байна. Сурв/
-Хамгийн шударга тэмцээн гэвэл ямар тэмцээнийг нэрлэх вэ?
-Тэмцээн томрох тусмаа шударга болдог. Мэдээж хэрэг будлиан гаргах эрмэлзлэл ч энэ хэрээр нэмэгддэг. Харин түүнийг нь хянаж байгаа үзэгчид хар мянга болоод ирэхээр тэмцээн шударга зохион байгуулагдахаас өөр замгүй болдог доо.
-Бокст хөлбөмбөг шиг галзуу фанатууд байдаг уу?
-Байдаг юм билээ. Английн Лондон хотод очиж тэмцээнд оролцох үеэр өөрийнх нь тамирчныг хожсон учраас фанатууд нь тун их ууртай байгаа талаар надад мэдэгдсэн. Тиймээс тоглолтын дараа намайг тэдгээр фанатуудаас хамгаалах зорилгоор ганцааранг минь үлдээгээд бүтэн цагийн дараа бусад хүмүүсийн хойноос явуулсан даа.
-Та боксоос өөр юу сонирхдог вэ?
-Бокс. Тэгээд бас л бокс…
-Сочигийн өвлийн олимпийг хэр шимтэн үзэж байгаа вэ? Нээлтэн дээр ОХУ-ын түүхийг бүхэлд нь харуулах шиг боллоо шүү дээ.
-Сочигийн олимпийн нээлт миний үзсэн гурван олимпоос хавьгүй илүү болсон. Бараг телевизээр үзэх нь илүү гоё санагдсан шүү. Учир нь миний хувьд яг олимпийн нээлтийн өглөө жин хассанаас болоод их ядарсан байдалтай байсан.
-Салбартаа амжилт гарган тэргүүлж яваа залуу хүний хувьд уншигч хилчиддээ юу гэж зөвлөх вэ?
-Миний хувьд сургааль айлдах юу байхав. Харин байнга шинэ соргог, олон талын мэдээлэл авч, дэлхий ертөнцийн талаар үнэн зөв мэдээлэлтэй байгаарай л гэж хэлье. Мэдээллийн эрин зуунд үнэн, зөв мэдээллийн ач холбогдол их шүү дээ. Хааяа ч гэсэн хийдэг зүйлээсээ өөр зүйлийг хийж, орчноо өөрчилж, гадаад дотоодод аялж байгаарай. Хүн ер нь өмнө нь очиж үзээгүй газартаа очиж, хийж үзээгүй зүйлээ хийж байх хэрэгтэй гэж боддог.
-Хүний ямар зан чанарыг илүүд үздэг, нөгөө талаар ямар зан чанартай нь үл эвлэрдэг вэ?
-Зөв зүйтэй явбал хүн гэдэг агуу байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Хэн ч гэсэн сайн зүйлийг бодож, сайхан зүйлийг хийх боломжтой. Тиймдээ ч их, бага хэмжээгээр бүгд л сайн сайхан зүйлийг хийж бүтээж явдаг. Харин хүмүүсийн талаар янз бүрийн буруу зүйл бодож болохгүй л дээ.
-Хэтийн зорилгоо хэрхэн тодорхойлов?
-Бодсон зүйл их бий. Миний хамгийн ойрын зорилго бол 2016 оны олимпод амжилт үзүүлэх.
-Ярилцлагынхаа төгсгөлд та хилчиддээ хандаж юу хэлэх вэ?
-Монгол Улсынхаа хил хязгаарыг сахин хамгаалдаг бид бүхний бахархал болсон хилчин дайчиддаа, цэрэг эрчүүддээ бүгдэд нь ажлын амжилт амьдралын сайн сайхныг хүсье. Та бүхнээрээ би бахархаж явдаг шүү. Ер нь манай монголчууд цэргийн эрдмийн дайчин түүхтэй ард түмэн. Боксын спортод амжилт үзүүлж байгаа нь ч үүнтэй холбоотой гэж боддог юм.
Дэлхийн II дайны үеэр 150 сая хүнтэй Зөвлөлтийн армийн хэмжээнд төрсөн хамгийн шилдэг дайчин баатруудыг нийт хүн амын тоонд харьцуулаад үзэхэд халимаг, славъянчууд эзэлж байсан гэдэг. Халимаг бол түрэг монгол угсааны хүмүүс. Бидний яс, цусанд баатарлаг шинж оршиж байдаг.
-Хийморьлог хилчдийнхээ өмнөөс танд амжилт хүсье. Тэдний маань золбоо хийморь танд эерэг эрч хүчийг бэлэглэж, үргэлж тэтгэж байх болтугай.
-Баярлалаа. Ерөөл бат оршиг.
Ярилцсан ахлах дэслэгч Ж.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин
URL: