Шүлхийн голомтод ажилласан тэмдэглэл

14225-1Б.ЭНХЗАЯА

Шүлхий өвчний хорио цээрийн бүсэд ажиллаж буй орон нутгийнхны ажилтай танилцаж, Засгийн газрын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг тандахаар Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Дуламдоржоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд зүүн аймгуудад ажиллалаа. Шүлхий сар хүрэхгүйн хугацаанд гурван аймгийн бүсэд нэвтэрч орон нутагт, малчин иргэдэд эдийн засгийн ноцтой хохирол учруулах хэмжээнд тулсан учир энэ сарын 14-нд Засгийн газраас зүүн аймгуудын зарим сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тогтоол гаргасан билээ.

Шуурхай ажлын хэсэгт Улсын онцгой комиссын орлогч даргаас гадна Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга П.Болортуяа, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, хурандаа Ж.Амгалан, Хил хамгаалах ерөнхий газрын Мал эмнэлгийн албаны дарга Н.Басан, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Э.Үүрцайх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мал амьтан, хорио цээрийн чанарын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Саруултуяа нарын албаны хүмүүс орон нутгийг зорьсон юм.

 

ПОСТУУД ДАХЬ АЖИЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХЫГ ХҮСЭВ

Нийслэлд нэвтрэх хөдөлгөөнийг хянах, ариутгах цэгийг Налайх дүүрэгт өнгөрсөн долоо хоногийн дундуур байгуулжээ. Дүүргийн онцгой байдлын хэлтсийнхнээр ахлуулсан цагдаа, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн 10 орчим хүн тус пост дээр ажиллаж байв. Цагдаа нар зүүн аймгуудаас чиглэсэн автомашиныг шалгаж хорио цээр тогтоосон аймаг сумдаас зөөвөрлөсөн малын гаралтай түүхий эд байгааг шалгана. Автомашины дугуй өвчин тархах нөхцлийг бүрдүүлэх учир пост дээр зам дагуу эсгий дэвсэж ариутгалын бодис цацжээ. Тээврийн хэрэгслүүдийг эсгий дээгүүр явуулж халдваргүйжүүлж, ариутгалын бодистой автомаксаар дугуйг нь давхар шүршин нэвтрүүлж байв. Тэд 24 цагийн турш ийнхүү ажиллаж байгаа ч байрлах орчин тааруу, гэр цэгийнх нь түлш хүрэлцэхгүй байгааг дуулгав.

Хорио цээрийн бүсүүдэд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд шуурхай ажлын хэсэгт багтсан учир Налайх дүүргийн хяналтын постын түлш түлээ, хоноглох орон байр, ариутгалын бодисыг нэн даруй ирүүлэх даалгаврыг хот руу өгөөд цааш хөдөлцгөөв. Хэнтийн аймгийн бүс нутаг Хэрлэнгийн гүүрний дэргэдэх хяналтын цэг дээр очив. Тэнд Дорнод, Сүхбаатар, Хэнтийгээс чиглэх хөдөлгөөн ихтэй юм. Өдөрт 140 орчим тээврийн хэрэгсэл тус постоор нэвтэрч байгааг дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Ү.Хосбаяр хэллээ. Тус постыг энэ сарын 7-нд байгуулснаас хойш зөрчил бага гарч байгаа аж. Постын дэргэд 10 гаруй хоног саатсан гэх 10 тонн орчим нэхий ачсан том оврын автомашин зогсоно. Жолооч нь Дорнод аймгаас гарсан ч Хэнтийн Жаргалтхаан суман дахь пост дээрээс зугтсан гэнэ. Түүнийг зүүн аймгаас малын гаралтай түүхий эд нэвтрүүлэхийг хориглосон гэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар ийнхүү саатуулаад буй гэв. Гэвч Засгийн газрын 39 дүгээр тогтоолд хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас түүхий эд тээвэрлэхийг хориглосныг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар онцолж, эрүүл бүсээс нэвтрэх хөдөлгөөний хяналтыг сайжруулаад оруулж болно гэв. Эс тэгвэл нийслэлд махны нөөц хомсдох, үнэ нэмэгдэх эрсдэл гарч болзошгүй ажээ.

Мөн Хэрлэнгийн гүүрэн дэх пост дээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийж буй ажилчид байнга химийн бодистой харьцаж байгаагаас эрүүл мэндэд нь нөлөөлж байгааг хэлж байлаа. Мөн сум багууд руу явж малыг тарилгад хамруулъя гэвч шатахууны хүрэлцээ бага байгаагаас хүндрэл гарчээ. Тэд эхний ээлжинд шатахуун авах хөрөнгийг шийдэж өгөхийг ажлын хэсгийнхнээс хүсэв.

 

ХОРИО ЦЭЭР ДАХИН НЭГ САР ҮРГЭЛЖИЛБЭЛ 240 САЯ ТӨГРӨГ ШААРДАГДАНА ГЭВ

Шадар сайдын тушаалаар томилогдсон Улсын онцгой комиссын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсгийнхнийг өнгөрсөн баасан гаригийн шөнө Хэнтий аймгийн онцгой комиссын баг хүлээн авч цаг үеийн мэдээллийг өгөв. Хамгийн сүүлчийн мэдээгээр Хэнтий аймагт шүлхийн тархалт тэглэсэн гэх сайн мэдээг орон нутгаас дуулгалаа. Тус аймагт анх энэ сарын 7-нд Галшар сумаас өвчний шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл ирснээс хойш 47 өрхийн 338 үхрийг устгажээ. Галшар сум Сүхбаатар аймгийн өвчний голомтот сумтай хил залгаа оршдогоос өвчний халдвар авсан бололтой. Тус суманд таван багийн 11 голомтод 147 өрхийн 71616 мал хаваржиж байна. Аймгийн онцгой комиссын дарга буюу Засаг дарга Ж.Оюунбаатар багаараа хуралдаж, өвчний шинж илэрснээс  хойш 14 хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Тэд өдөрт хоёр удаа шуурхай хуралдаж нөхцөл байдлыг тандаж чадсанаар 20 хоногийн хугацаанд өвчний тархалтын нэг суманд барьж чаджээ. Энэ хугацаанд есөн сумын 152 мянган малд 330 литр вакцин хийсэн байна.

Аймгийн хэмжээнд 39 байнгын болон хөдөлгөөнт пост дээр 570 орчим хүн ажиллаж буй юм байна. Тэдний хувьд дэглэм тогтоосноос хойш Засаг даргын нөөц хөрөнгөөс 15 хоногийн хугацаанд 93 сая төгрөг зарлагаджээ.

Энэ хөрөнгө шүлхийтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулсан мөнгө. Үүнд ажилчдын томилолт, урамшуулал, тарилга ороогүй. Энэ маягаар ирэх сарын дунд хүртэл үргэлжилбэл 240 сая төгрөг шаардлагатай болохыг урьдчилан тооцоолжээ. Гэвч одоогоор Засаг даргын нөөц хөрөнгөөс багахан хэмжээтэй үлдсэн учир хорио цээрийн бүсэд ажиллаж буй хүмүүсээ ажиллах нөхцөлөөр хангаж чадахгүй байгааг дуулгаж байлаа. Мөн ариутгалын бодис дутагдалтай, ариутгалын машин нь эвдэрсэн байна.

Хэнтий аймгийн постуудад хүн хүчний дутагдалтай байгаа ч Сүхбаатар аймгийн голомтын бүсүүд рүү цагдаагийн дөрвөн албан хаагчийг сар шинийн баярын дараахан явуулжээ. Энэ тухайд нь ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, хурандаа Ж.Амгалан хорио цээрийн бүсүүдэд тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн удирдлагуудад уламжлав. Мөн Сүхбаатар аймагт дайчилсан цагдаагийн албан хаагчдыг орон нутагт нь татаж ирүүлэхээр болсныг дуулгасан юм.

Шуурхай ажлын хэсгээс орон нутгийнхан хөрөнгө мөнгөний асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг дахин дахин сануулж байлаа. Мөн ОХУ-аас вакцин хэзээ ирэх, аймгуудад хэрхэн тараах нь чухал байгааг лавлаж байсан юм. Уг асуудлын дагуу Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга П.Болортуяа вакцин ирэх пүрэв гаригт ирэх тухай дуулгаж Хэнтий аймгийн сэжигтэй бүсийн найман сумын малд тарина гэв. Түүнчлэн орон нутгийн зүгээс устгалд оруулсан малын нөхөн олговрыг хэрхэн өгөх талаар сонирхсон. Учир нь малчид гэнэтийн гамшигт өртөж малаа алдсан тохиолдолд толгой бүрээр нь 90 хувийн нөхөн олговор авдаг юм байна. Хэнтий аймгийн хувьд устгалд оруулсан малын нөхөн олговор гэж 100 сая хол давсан төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас татах нь. Тэгээд ч зогсохгүй шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ өдрүүдийн зардал нэг аймгийн хэмжээнд бас л 100 сая төгрөгт хүрэхэд энүүхэнд байна. Тарилга, тусгай зориулалтын хувцас хэрэглэл, томилгоо урамшууллын мөнгө бас л тусдаа. Нэг үгээр шүлхий өвчин улсын хөрөнгийг дур зоргоороо шүүлтүүрдэж байна гэмээр. Өвчний тархалтыг барихын тулд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн бүх мэргэжилтнүүд 24 цагийн туршид зам дээр зогсож, малаа алдаж малчдаа сөхрүүлэхгүй гэсэн орон нутгийн удирдлагууд ч чадах чинээгээр тэмцсээр. Өвчний дэгдэлтийг нэг суманд барьж чадсан ч чамлахааргүй хөрөнгө урсаж буй жишээ энэ. Цаашид энэ өвчинтэй тэмцэх аргаа өөрчлөх цаг болсныг хэн хүнгүй ойлгох болжээ. Үүнийг орон нутгийн удирдлагууд, Засгийн газрын шуурхай ажлын хэсгийнхэн онцолсон. Харин хэд хэдэн суманд  нь шүлхий өвчин тархсан Сүхбаатар аймгийнхан хэрхэн ажиллаж буйг, говьсүмбэрчүүд халдварт өртөхгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлж буй сурвалжлагыг маргаашийн дугаараас уншаарай.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих