“Сод Монгол”-ын Ц.Анандбазар прокурорынхонтой хүч хавсарсан уу
“Сод Монгол”-ын Ц.Анандбазар ижил нэртэй компаниар дамжуулан залилан хийсэн тухай баримтыг иргэн Д.Чинзориг нийтэд ил болгов. Иргэн Д.Чинзоригийн гомдлоор Нийслэлийн прокурорын газраас 2010 оны аравдугаар сарын 22-ны өдөр Ц.Анандбазарт холбогдох эрүүгийн 346128 тоот хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 359 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, УМБГ-ын байцаагчид даалгавар өгч байжээ.
Ингээд УМБГ уг хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж байтал улсын ерөнхий прокурорын туслах, шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга асан одоогоор нийслэлийн прокурор Б.Бат-Орших Ц.Анандбазарт холбогдох хэргийг татаж авч хянаад “Албан тушаалтны буруутай үйлдлээс болж хохирол хүлээж байгаа гэх үндэслэлээр хэргийг сэргээх тухай гомдол” гаргаж байхад огт өөр үндэслэлийг зааж “Энэ үндэслэлээр хэргийг сэргээх боломжгүй” хэмээн хэрэгсэхгүй болгожээ. Иймээс түүнд холбогдох хэргийг дахин шалгуулахаар болсон тухай иргэн Д.Чинзориг мэдэгдлээ.
Ц.Анандбазар “НИК”-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа хуурамч гарын үсгээр их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулж байжээ. Улмаар хэрэг дээр ажиллаж байсан цагдаа дээрх хэрэг баримттайг илчилсэн ярилцлагыг өгч байсан гэнэ. Тодруулбал, 2005 онд Ц.Анандбазартай холбогдох хэргийг шалгаж байсан УМБГ-ын ахмад мөрдөн байцаагч, одоо АТГ-ын мөрдөн байцаагчаар ажиллаж байгаа Д.Наранбаатар 2004 онд “Сэрүүлэг” сонинд өгсөн ярилцлагадаа “Бидний шалгасан хэргийг нотолсон гэж бодож байгаа. Гарцаагүй нотолсон зүйл гэвэл Ц.Анандбазар нь “НИК” ХК-д дэд захирлаар ажиллаж байхдаа “Чандмань холдинг” ХХК-ийн албан бланкийг ашиглан захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэн 91 сая төгрөгийг өөрийнхөө компанийн дансанд шилжүүлэн авсан байдаг. Энэ нь нотлогдсоор байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон” хэмээн хэлж байжээ.
Мөн Ц.Анандбазарын өөрийнх нь “Сод Монгол групп” ХХК нь Улаанбаатар төмөр замтай ямар нэгэн өр авлагагүй байхад Д.Чинзориг захиралтай “Сод Монгол” ХХК-ийн авах ёстой 20 сая төгрөгийг компанийн ижил нэрийг ашиглан залилан авсан. Мөн Д.Чинзоригт 272 сая төгрөгийн өглөгтэй болох нь тогтоогдсон. Компанийн ижил нэрийг ашиглан манай компаниас 20 сая, “Багануур” ХК-аас 40 сая төгрөг, “Эрэл” компаниас 50 сая төгрөгийг тус тус авсан нь нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргагдсан аж. Түүнчлэн “Ц.Анандбазар нь 1999 онд байгуулагдсан “Сод Монгол групп” гэх компанийн бичигтэйгээ Төмөр замын удирдах газар очиж, иргэн Д.Чинзоригийн 1996 онд байгуулсан “Сод Монгол” ХХК-ийн авах ёстой байсан 20 сая төгрөгийн гүйлгээг өөртөө авсан гэнэ.
Нотлох баримт хангалттай байсаар атал хэргийг хэрэгсэхгүй болгосон нь прокурор хэрэгт нөлөөлсөн гэж үзэхэд хүргэжээ. Энэ талаар Д.Чинзоригийн хуулийн зөвлөх Ж.Галт “Нийслэлийн прокурор байсан Ш.Сүхбат өөрийнхөө албан тоотоор энэ хэрэг дээр шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан дахин шалгах шаардлагатай байна гэж прокурорын даалгавар бичүүлээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Энэ тухай мэдэгдлийг 2010 оны аравдугаар сарын 25-нд мэдэгдэх хуудсаар өгсөн нь бий. Шинээр үүсэн нөхцөл байдлын дагуу иргэн Д.Чинзориг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357.1.2 буюу шүүх прокурорын албан тушаалтны буруутай үйл ажилллагаанаас болж хохирсон гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Гэвч энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа эхлэнгүүт тухайн үед Улсын ерөнхий прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Бат-Орших энэ хэргийг шууд өөр дээрээ татаж авчираад 2010 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 02 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Энэ нь хэргийн харьяаллыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг” хэмээв.
Босоо удирдлага нэрээр прокурорын өндөр албан тушаалтангууд шийдэх хэргээ шийдвэрлээд эсвэл хэргээ хянан шалгаад явж байгаа мөрдөн байцаагчийг амралтад нь явуулаад хавтаст хэргийг нь өөр дээрээ шилжүүлж хэрэгсэхгүй болгох ажил газар авсан гэдгийг ч тэрбээр тодотгосон. Учир нь Ш.Сүхбат мөрдөн ажиллагааг эхлүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаасаа халагдсан аж. Гэтэл түүний албан тушаалд Б.Бат-орших тухалжээ.
Д.ДОРЖ
URL: