Хамгийн “үнэтэй” хоккейчид
Саяхан “Сочи-2014” наадмын судалгааны газраас Сочигийн олимпод оролцож буй хамгийн өндөр цалинтай хоккейчдийг тодруулжээ. XXII наадмын хамгийн өндөр цалинтай хоккейчдыг NHL-ийн “Нэшвилл Предаторс” клуб болон Канадын шигшээ багийн хамгаалагч Ши Уэбер жилд 14 сая ам.долларын цалин авдгаараа тэргүүлжээ. Харин түүний ард АНУ-ын шигшээ багийн хамгаалагч Райан Сутер, довтлогч Зак Паризе, Канадын шигшээ баг болон NHL-ийн Питтсбург Пингвинз клубийн ахлагч Сидней Кросби нар бичигдсэн байна. Тэд жилд тус бур 12 ногооны “пүнлүү” хүртдэг аж. Жагсаалтын айргийн тавд ОХУ-ын шигшээ баг болон СКА клубийн довтлогч Илья Ковальчек 10.3 сая ам.долларын цалинтай оров. Сонирхуулахад Ковальчек эхний аравт бичигдсэн тамирчдаас ганцаараа NHL-ээс өөр лигт хүчин зүтгэдэг аж. Жилд хамгийн өндөр цалин авдаг “Топ-10” хоккейчдоос Канадаас дөрөв, АНУ, ОХУ, Словакаас тус бур хоёр тамирчин багтжээ. Ингээд Сочид хамгийн өндөр цалинтай 10 хоккейчинг танилцуулья.
1.Ши Уэбер (Канад)
Жилд 14 сая ам.доллар
“Агч навчтнууд”-ын хамгаалалтын ноён нуруу Уэбер 2012 онд “Нэшвилл Предаторс” багтайгаа 14 жилийн 110 сая ам.долларын гэрээгээ сунгаснаар NHL-ийн түүхэнд хамгийн үнэтэй хамгаалагчаар тодорсон. “Араатнууд”-ын ахлагч “Ванкувер-2010”-д шигшээ багийнхаа хамтаар олимпийн аварга болж байв.
2. Райан Сутер (АНУ)
Жилд 12 сая ам.доллар
АНУ-ын Висконсин хотоос гаралтай 29 настай хамгаалагч Райан Сутер 2012 оны долдугаар сард Миннесота Уайлд клубтэй 13 жилийн 98 сая ам.долларын гэрээ байгуулсан нь хамгаалагчдаас зөвхөн Уэберийн дараа орох үзүүлэлт. Сутер шигшээ багийн хамтаар 2010 онд Ванкуверт мөнгөн медаль хүртэхэд багийн хамгаалалтын гол цөм байсан юм.
3. Сидни Кросби (Канад)
Жилд 12 сая ам.доллар
Канадын шигшээ баг болон “Оцон шувуунууд”-ын ахлагч Кросби өндөр цалинтай бичигдсэн. Түүний хувьд одоогоос жилийн өмнө нь багтайгаа 12 жилд 104.4 сая ногооны гэрээ үзэглэсэн. Өдгөө 26 настай Сид дөрвөн жилийн амжилтаа давтахаар Сочид ирээд байгаа юм.
4. Зак Паризе (АНУ)
Жилд 12 сая ам.доллар
АНУ-ын шигшээ багийн шилдэг довтлогч Паризе өмнө нь “Нью-Жерси Дэвилз”-д ахлагчаар тоглож байхдаа жилд зургаан сая ам.долларын цалин авдаг байв. Харин хоёр жилийн өмнө нь зоригтой шийдвэр гаргаж, 2012 оны зун “Миннесота Уайлд”-ын эгнээнд нэгдэж, 13 жилийн 98 сая ногооны гэрээ үзэглэсэн юм.
. Илья Ковальчук (ОХУ)
Жилд 10.3 сая ам.доллар
ОХУ-ын шигшээ багийн шилдэг довтлогчтой NHL-ийн “Нью-Жерси Дэвилз” 2010 онд 17 жилийн 102 сая ногооны гэрээ хийж, дээд амжилт тогтоож байсан. Тухайн үед NHL-ийн зүгээс хориг тавьсан бөгөөд 12 жилд 77 сая доллар авахаар болсон. Харин түүний хувьд гэрээнд заасны дагуу өнгөрсөн жил “Чөтгөрүүд”-ийг орхиж нутгийнхаа СКА-д клубт ирсэн ч түүний авдаг цалин өмнөхөөсөө багасаагүй.
6. Александр Овечкин (ОХУ)
Жилд 9 сая ам.доллар
Америкийн нийслэлийн багийн ахлагч “Орос пуужин”-тай “Ваншнгтон Кэпиталз”-ын удирдлага одоогоос дөрвөн жилийн өмнө “Вашингтон Кэпиталз”-тай 16 жилийн 98.8 сая ам.доллароор гэрээг нь сунгаж байв. Хэрэв тэрбээр гэрээгээ цуцалж өөр багт очихийг хүсвэл дэлхийн хамгийн үнэтэй хоккейчин болох магадлалтай.
7. Здено Хара (Словак)
Жилд 8 сая ам.доллар
Сочигийн олимпод оролцож байгаа хамгийн үлэмж биет хоккейчин, 206 см өндөртэй словак хамгаалагч Здено Хара “Бостон Брюинз”-ээс жилд найман саяын цалин авдаг. NHL-ийн хамгийн хүчтэй цохилттой хамгаалагч гэж үнэлэгддэг 36 настай тэрбээр шигшээ багтаа болон клубтээ ахлагчаар тоглодог.
8. Мариан Хосса (Словак)
Жилд 7.9 сая ат.доллар
Харагийн нутаг нэгт 35 настай довтлогч Мариан Хосса “Чикаго Блейк Хоукс”-ын бүрэлдэхүүнд 2010, 2013 онд NHL-ийн аварга болсон. Насандаа баймгүй хурдтай словак эр 2009 онд “Хар харцагууд”-тай 12 жилийн 62.8 сая ам.долларын гэрээ байгуулж байв. Түүний хувьд шигшээ багтаа багтаж 2002 онд дэлхийн аварга болж байсан.
9. Рик Нэш (Канад)
Жилд 7.8 сая ам.доллар
Блю Жекетс”-т байхдаа NHL-д авдаг цалингаараа толгой цохидог байсан. Гэвч баг нь үргэлж хомоол хамагчдын тоонд ордог байлаа. Тиймээс Нэш өнгөрсөн жил NHL-ийн ажил хаялтын үеэр “Нью-Йорк Рейнжерс”-тэй гэрээ байгуулсан юм. Түүний хувьд Эрх чөлөөний хотын багаас жилд 7.8 саяын цалин авдаг.
10. Данкан Кейт (Канад)
Жилд 7.65 сая ам.доллар
“Чикаго Блейк Хоукс”-ыг 2010, 2013 онд Стэнлийн цомыг гардахад багийн ахлагч, хамгаалагч Данкан Кейтийн багт үүрэх ачаа асар их байсан.Тиймээс тэр жилд 7.65 сая ам.долларын лин авах бүрэн эрхтэй. Өдгөө 30 настай Кейт дөрвөн жилийн өмнө Ванкуверийн олимпод аварга болж байв. Сочид аваргаа хамгаалах өндөр магадлалтай.
URL: