“Их монгол” нэртэй архинд хордож 4 иргэн амиа алдлаа

Өнгөрсөн бямба гаригт архитай холбоотой нэгэн хэрэг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн байна. Архинд хордсон дөрвөн хүний тухай дуудлага Сүхбаатар дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлэгт ирснээс гурван иргэн нь анхны тусламж авч чадалгүй нас баржээ. Харин нэгийг нь Хордлогын үндэсний төв рүү хүргэсэн ч эмчилгээ авалгүй нас барсан байна.Энэ үйл явдлын талаар тодруулахаар “Энэрэл” эмнэлэгт дээр очиход жижүүрийн эмч нь “Өнгөрсөн бямба гаригийн өглөө Сонгинохайрхан дүүрэгт байрлах Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвөөс архинд хүмүүс хордсон тухай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж нэг иргэнийг авчирсан боловч хордлого тайлах анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан.

Үдээс хойш дахин хоёр хүнийг дуудлагаар авчирч дусал залгаж, хордлого тайлах эмчилгээ хийсэн боловч гүн хордлогонд орсон байсан тул аварч чадаагүй” гэв. Үүний дараа архинд хордсон өөр нэг иргэнийг Хордлогын үндэсний төвд хүргэсэн ч мөн л гүн хордлогонд орсон шалтгаанаар нас баржээ. Дээрх хүмүүс ямар ч ухаангүй, ярих чадваргүй байсан тул эмч нар тодорхой мэдээлэл авч чадаагүй гэсэн юм.

Хордлогонд орсон хоёр иргэн хамтдаа ирсэн нь тэднийг хамт архи уусан байж болзошгүй гэх сэжиг эмч нарт төрүүлсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Их монгол” гэх архи уусан иргэд ийнхүү хүнд хордлогод орсон гэж байгаа юм. Ямартай ч үнэ хямд энэ архины борлуулалт өндөр байдаг гэдгийг ам дамжин яригддаг байна. Энэ хэргийн талаар эцсийн хариу гараагүй. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага болон шүүхийн шинжилгээний хариу гараагүй байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих