Хурим хийнэ гэдэг том асуудал болжээ!!!
За хуримын ордны захиалгаа манай нөхөр яваад ямар ч байсан өгчихлөө. Тэгсэн энэ чинь бас нилээн том асуудлын нэг юм байна шүү. Бидний хурим 9 сард ямар нэг балжинням, дашнямгүй өдөр тохиож байгаа тулдаа л бараг хүссэн цагаа авч чадлаа. Манай хүн бүр үүрээр 5 цагт очсон чинь 2 хонож байна гэсэн зөндөө машинтай хүмүүс зогсож байсан гэнэ шүү. Тэгэхээр 10 сарын 14 буюу намрын дунд сарын 17ны өдөр хурим хийх хүмүүс бол ёстой хэд хоног очерлож байж л олдох байх гэж бодлоо. За тэгээд үйл явц нэг иймэрхүү дараалалтай байхын гэнэ. Бас хурим хийхээр төлөвлөж байгаа бол анхаарах ганц хоёр зүйл оруулая.
Хамгийн эхэнд та мэдээж хэрэг хуримаа хийх билэгт сайн өдрөө тогтох нь мэдээж хэрэг. Тэгэхээр лам харгуй шүтдэг бол хуримын өдрөө тогтохоос өмнө сайн ламаар явж өдөр судраа тогтоогоорой. Ямар ч байсан балжинням, дашнямтай өдөр байсан ч гэсэн тахиа, гахай өдөр хурим хийдэггүй, үхэр өдөр хурим найр хийхэд маш сайн байдаг гэнэ. Манай товлосон өдөр маань тахиа өдөр байгаад эцэг эхүүд шүтлэг энэ тэр гээд хэд хоногоор хоошлуулахдаа эдгээр зүйлсийг мэдэж авлаа. Би ч уг нь шүтлэггүй хүн л дээ. Гэхдээ эцэг эхээ хүндлэхгүй бол болохгүй. Тэгэхээр хамгийн эхэнд анхаарах зүйл бол энэ байна.
За тэгээд хоёрдох зүйл бол гэрлэх ёслолын ордонд захиалга өгөх. Хэрвээ та хуримын ордонд орохоор болсон бол хурим хийх тухайн сарын өмнөх сар захиалгаа өгөх ёстой гэнэ. Сая 9 сард болох хуримын захиалгыг 8 сарын 1ний өглөө 9 цагаас эхлэн авч эхлэх жишээтэй. Яг товлосон өдрөө сайн цагаа авъя гэвэл 1ний өглөө эрт ирэхгүй бол олдоц муутай байдаг гэнээ. Зарим хүмүүс бүр захиалга авахаас хэдэн хоногын өмнө ирээд манаад суучихдаг гэнэ. Дээр бичсэн миний жишээ байгаа хэ хэ.
Гэхдээ бас яахав цаг хамаагүй гэвэл тэр сардаа очоод асуухад эрт мэрт цагууд байдаг л юм билээ. Манай нэг хамаатан охин хуримынхаа хэдхэн хоногын өмнө очиж захиалга өгөхөд тэр өдрийнхөө өглөө 7 цагт байсан тэгээд аймар эрт 7 цагт ордонд орсон доо. Тиймээс нэгэнт л хийхээр төлөвлөсөн бол эртхэн л очсон нь дээр санагдаад бид 2 эрт очиж сонголттойгоор өдрөө авсан.
Ордонд захиалга өгөхөд хэрэгтэй бичиг баримт бол эхний ээлжинд бараг иргэний үнэмлэхээс өөр зүйл хэрэггүй гэсэн. Эхлээд очер аваад дараа нь хурим болохын 14 хоногийн өмнө баталгаажуулдаг гэнэ. Дашрамд хэлэхэд хуримын ордон гэрлэлтийн батлах өгдөггүй юм байна лээ. Батлахаа оршин суугаа дүүргээсээ эхлээд авсан байх ёстой юм байна. Ордноос өгдөг гэж анх боддог байсан чинь үгүй гэнээ. Ингэж андуурдаг зөндөө хүн байдым байлээ. Ордон бол ердөө л ёс төдий л зүйл юм байна шт үнэн чанартаа.
Ордонд орох үнэ хөлс гэвэл:
Хосууд хоёулаа Монгол улсын иргэн бол – 608.500
Гадаад хүнтэй сууж байгаа бол – 700,000
Ажлын бус цаг болон амралтын өдрөөр захиалга өгвөл нэмэлт 33,000 төгрөгийн нэмэгдэлтэй байдаг гэнэ.
Үнэ хөлсөнд багтаж байгаа зүйлс гэвэл:
478500 төгрөг нь ордны үйлчилгээний хөлс. Үүнд
Машин чимэглэх хос хүүхэлдэй
Бөгжний хайрцаг
Гэрчилгээ
Ордны хэлбэртэй шилэн сувинер
Зочдыг дайлах сүү, тавгийн идээ,
Батлах авах үйл явц, ерөөлч, морин хуурч
130,000 төгрөг нь Kodak гэрэл зургийн газрын хөлс гэнэ. Зөвхөн хуримын ордонд хийгдсэн бичлэг болон 20 ширхэг зурагтай зургийн альбом. Ингээд л боллоо. Энэ нь арай дэндүү үнэтэй байна. Бас хүсвэл энэ үйлчилгээг нь бас авахгүй байж болдог сонголттой баймаар санагдсан. Гэхдээ болдог ч байж магад. Асуумаар юм билээ. Доор бүгд тодорхой. Бүртгүүлэхээр ийм цаас өгсөн.
За нэг иймэрхүү. Одоогоор туулсан мэдсэн зүйл энэ байна даа. Анх юу ч мэдэхгүй явж байсныг бодвол бас ч гэж зөндөө юм мэдэж авсан. Бас бөөн туршлага боллоо. Нилээн урт бичлэг боллоо. Хэрэг болох хүндээ зөндөө хэрэг болох байхаа гэж найдаж байна. За тэгээд дараа дараагийн нүсэр их ажил зөндөө байнөөөөөө. Цаг тухайд нь гарсан асуудлуудаа хуваалцаад явнаа.
**Мэдээний эх сурвалж
http://
URL: