Д.Ганзориг: Монголын боксчид аль ч орны, ямар ч тамирчинтай өрсөлдөх боломжтой
“Боксын улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийг “Баасан гаригийн зочин”-оор урилаа. Азийн боксын холбооноос түүнийг 2013 оны Азийн шилдэг дасгалжуулагчаар тодруулсан юм. Тэрбээр Цагаан сарын өмнөхөн Тайландын Бангконг хотноо очиж шагналаа гардаж авчээ.
-Уншигчдынхаа өмнөөс болон боксын спортыг хүндэлж, тамирчдынхаа амжилтаар бахархаж ирсэн монголчуудынхаа өмнөөс танд баяр хүргэе. Манай улс спортын түүхэндээ анх удаа, тэр дотроо боксын төрлөөр Ази тивийн шилдэг дасгалжуулагчтай болоход гол үзүүлэлт нь юу байв?
-Баярлалаа. Миний хувьд ч гэсэн үнэхээр баяртай, бахархууштай сайхан үйл явдал тохиолоо.
2013 онд бид өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд сургалт, дасгалжуулалтын төлөвлөгөөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасны дүнд урд нь ганц, хоёрхон жиндээ найдлага тавьдаг байсан бол 49-81 хүртэл нийтдээ найман жинд манай тамирчид дэлхий, тивд өрсөлдөх бүрэн боломжтой болсон. Энд бидэнтэй хамтран ажиллаж байгаа багш, дасгалжуулагчид, ССАЖЯ-ны Спорт бэлтгэлийн төв, Монголын олимпийн хороо, Боксын холбооны удирдлагууд, ивээн тэтгэгчдийн маань санаа зорилго нэгдмэл байж чадсан. Үүний дүнд манай тамирчид 81 хүртэлх жинд өрсөлдөх чадвартай болсон. Азийн боксын холбоо бидний энэ амжилтыг үнэлж Ази тивийн 2013 оны боксын шилдэг дасгалжуулагчаар зарлаж, нэр хүндтэй шагналаар шагналаа. Боксын төрөлд тивийн бүх шилдгүүдийг тодруулсны дотор боксын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, эмэгтэй боксчин төрсөн. Энэ дотроо би насанд хүрэгчдийн тивийн шилдэг дасгалжуулагч болсондоо маш их баяртай байна. Шагнал гардуулах ёслол Тайландын Бангконк хотод болсон залуучуудын Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээний үеэр болж, тэнд очиж шагналаа гардаж аваад Цагаан сарын өмнөхөн эх орондоо ирсэн.
-Бангконгт болсон залуучуудын Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл, зохион байгуулалт, цаг үеийн нөхцөл байдал ямар байсныг сонирхуулна уу?
-Тэмцээн нэгдүгээр сарын 14-нд товлогдсон ч хойшилж 25-31-ний хооронд болсон. Зохион байгуулалт сайтай, оролцогч орнууд, тамирчдын тоо олон байлаа. Тайланд дотооддоо зөрчилдөөнтэй байсан ч тэмцээн хотын зах руу болсон учраас бидэнд нэг их мэдрэгдээгүй. Манай зургаан тамирчин оролцож, 49 кг-ийн жинд Баянгол дүүргийн тамирчин Д.Мөнх-Эрдэнэ, 56 кг-ийн жинд Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Мишээл, 52 кг-ийн жинд Баянгол дүүргийн тамирчин Э.Цэндбаатар нар хүрэл медаль хүртсэн.
-Дасгалжуулагчийн хувьд тамирчдын чансааг анзаарч ажигласан байх, аль орны боксчид илүүрхэж байна?
-Сүүлийн үед Казахстаны тамирчид дэлхийд тэргүүлж байгаа. Нэгэн үе Кубын боксчид сайн байсан бол Казахстан илүүрхэх болсон. Бангконгийн тэмцээнээс сая багаараа алтан медаль хүртсэн. Хоёрдугаар байрт Узбек, гуравт Энэтхэгийн тамирчид орсон. Зохион байгуулагч орон буюу Тайландын тамирчид нэг алтан медальтай тэмцээнийг өндөрлүүлсэн.
-Харин бодлого, зохион байгуулалтаа яаж төлөвлөдөг бол?
-Төрөөсөө бодлогоор дэмжиж байна. Академи байгуулаад зогсохгүй манайхаар бол бүх аймаг, дүүрэгтээ насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн шигшээ багууд байгуулсан. Боксоор дамжуулж өөрийн орныг маш их сурталчилж байна. Ер нь боксын спортыг нэгдүгээрт тавьсан орон гэж болно.
-Атаархмаар сонсогдож байна шүү. Тэгвэл Монголын боксын спорт, манай тамирчид тэр хөгжлийн хаахна нь явна вэ?
-Бидний зорьж яваа зорилго тэр шүү дээ. Би түрүүнд хэлсэн, бид өмнө нь ганц, хоёр жиндээ найдлага тавьж явсан бол 49-81 хүртэл нийт найман жинд өрсөлдөх хэмжээнд тамирчдаа бэлтгэх төлөвлөгөө гаргаж, тэр дагуу дасгал сургуулилтаа явуулсан. Тамирчид маань энэ найман жинд дэлхий, тивд өрсөлдөх бүрэн боломжтой болсон. Үүнийгээ ч бид 2013 онд нотолж, оролцсон бүх тэмцээндээ амжилт үзүүллээ. Хамгийн сүүлд Казахстанд болсон дэлхийн аваргын тэмцээнд манай тамирчид бүх жинд амжилттай тоглосон. Ихэнхдээ хожоод хожигдчихоод байгаа тал бий. Бас нэг сул тал нь бид шүүгчгүй очсон. Шүүгчтэй орнуудын хувьд давуу тал нь тамирчдынхаа амжилтыг хамгаалах нэг хөшүүрэг болдог. Гэтэл бидэнд ийм боломж байгаагүй. Одоо бол өөр. Саяхан манай Х.Хас-Эрдэнэ олон улсын гурван одтой тив, дэлхий, олимпод шүүх эрхтэй шүүгч боллоо. Гэхдээ тамирчдын маань хувьд сайн тоглосон. 81 кг-ын жинд тоглосон манай боксчин АНУ-ын тамирчинг хүнд цохилтоор буулгаж авсан. Ингээд үзэхэд бид аль ч орны, ямар ч тамирчинтай өрсөлдөх бүрэн боломжтой болжээ.
-Манайд спортын бэлтгэл хийх орчин хэр байна. Манай урд хөрш гэхэд л тамирчиддаа зориулж бүхэл бүтэн спортын хот байгуулж, бэлтгэл сургуулилтыг нь улсаас анхаардаг. Гэтэл манайх спортын ганц ордонтой, аль эрт нураах дүгнэлт гарсан ч байлгаад л байдаг?
-Боксын шигшээ багийн заал Спортын төв ордны хоёрдугаар давхарт байдаг. 30-аас дээш хүүхэд оруулахад л дүүрчихдэг, хүрэлцээ муутай. Шигшээ багийн багш, тамирчид нийлээд 26 хүн бий. Бэлтгэл хангагчдыг нэмбэл 50 гаруй болно. Нэг мешоконд гурван хүүхэд орохоор бэлтгэл хийсэн болохгүй. Тиймээс Улаанбаатарт бэлтгэл, сургуулилт хийхэд төвөгтэй. Хамтарсан бэлтгэл хийхээр урд хөршид очиход заал, танхим нь хүрэлцээтэй байдаг юм билээ. Саяхан бид Гуаньжу руу яваад ирсэн. Заал нь маш том, нэг зааланд л гэхэд гурван ринг зэрэгцүүлээд тавьчихсан, 30-50 мешок зоосон байх жишээтэй. Тамирчдад юу хэрэгтэй байдаг вэ, тэр бүхэн нь хангалттай. Биеийн ерөнхий хөгжлийн бэлтгэл, дасгал хийх тоног төхөөрөмжүүдийг тусад нь суурилуулчихсан, үнэхээр тэнд тамирчин өсөхөд хангалттай боломж, бололцоог бүрдүүлж өгсөн байна. Бидний хувьд Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралт, Олимп бааз, Говь ресортод бэлтгэл хийхэд ашигтай байдаг. Эрүүл агаарт, нэг дор бэлтгэл хийх боломжтой. Гагцхүү тийшээ гарахад төсөв, санхүү хэрэгтэй болдог. Ер нь орчин үеийн спортыг хөгжүүлэхэд хөрөнгө, мөнгө улам л шаардлагатай болж байна. Түүгээрээ ч тамирчдын амжилт үзүүлэх бололцоо илүүтэй гарна. Бусад улс орнуудыг харахад нэг тамирчинд хоёр багш, дөрвөн бэлтгэл хангагч байх жишээтэй. Түүнтэй харьцуулахад манайд орон тоо цөөн байгаа. Гэсэн ч бид байгаа боломж, нөхцөл байдалдаа зохицуулан бэлтгэл сургуулилтаа хийж, тодорхой хэмжээний амжилт үзүүлээд явж байгаа юм.
-Ярилцлагаа эхлүүлэхэд сайн, муу хоёр асуулт аман дээр байлаа. Одоо харин асуучихъя, та шигшээ багийнхан дотроос З.Энхзоригийг дэмжээд У.Мөнх-Эрдэнийг арьс өнгөөр ялгаварлаж, бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцуулахгүй байсан юм уу. Салбарын сайдын өрөө хавиар ийм яриа болж, таныг ажлаас халсан сураг дуулдсан?
-Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нэг өглөө дуудаад ажлаас халсан. Ер нь бол өнгөрсөн намраас эхлээд олон юм болсон. Энэ асуудалд би хүлээцтэй хандаж ирсэн. Арьсны үзэл гэгчийн тухайд үнэхээр гайхаж байгаа. Монголд ийм зүйл байдаг юм уу. Ялангуяа нэр хүндтэй энэ том тамирчныг арьс өнгөөр гадуурхсан гэж байгааг үнэхээр гайхаж байна. Ийм яриа яагаад гарч байгааг ч ойлгохгүй юм. Яахаараа арьс өнгөөр гадуурхчихдаг юм бэ. Ер нь бол Боксын холбооны дүрмээр улсын аваргын тэмцээнд түрүүлсэн тамирчин тухайн жилийнхээ том тэмцээнүүдэд оролцох эрхийг олж авдаг. Тийм учраас улсын хэмжээндээ Улсын аварга шалгаруулах тэмцээн гэж зохион байгуулдаг. 2013 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд З.Энхзориг түрүүлсэн. Манай улсын аваргын тэмцээн дөнгөж дуусч байхад Европын холбооны цуврал тэмцээнүүд эхэлдэг юм. Олон улсын цуврал тэмцээнд нэг жинд нэг л хүн орох эрхтэй байдаг, тухайн орноос. Сүүлийн үеийн олон улсын цуврал тэмцээнүүд үргэлжлэх хоногоо багасгаж, нэг жинд найман хүн оролцуулдаг болсон. Зарим тохиолдолд тодорхой жингүүдийг өгөхгүй байх нь ч бий. Эхний удаа 49-81 кг-ын жинд эрх өглөө гэхэд дараагийнхад нь 49-69 хүртэл жинд оролцох урилга ирүүлэх жишээтэй. Энэ тэмцээний 64 кг-ын жинд З.Энхзориг оролцож шилдэг тамирчны цом хүртсэн. Мөн Кубын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Үүний дараа Универсиад тэмцээн, дэлхийн аваргын цугларалтад бэлтгэл, сургуулилтын төлөвлөгөөний дагуу оролцоод явсан. Энэ хооронд У.Мөнх-Эрдэнэ ч бэлтгэл, сургуулилтад бүгдэд нь хамрагдсан.
-Тэгээд яагаад бэлтгэл, сургуулилтад оролцуулаагүй гэж яриад байгаа юм бол?
-Харин тэгж л яриад байгаа юм. Гэтэл Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг сарын өмнө хүртэл Говь ресортод 35 хоногийн биеийн ерөнхий хөгжлийн болон суурь бэлтгэлд гарсан. Тэмцээний дараа биднийг Европын цуврал тэмцээнд явахад энд үлдсэн хоёр багш маань хоёрдугаар багийнхаа тамирчидтай дасгал, сургуулилтыг төлөвлөгөөний дагуу явуулсан. Тэнд хамрагдсан. Европын цувралын дараа Улаанбаатартаа ирээд бэлтгэл хийхэд мөн хамт байсан. Тэгээд юунд нь гадуурхсан гэж яриад байгааг гайхаж байна. Харин биднийг Кубын тэмцээнд явахтай давхцаад Казахстаны хоёр ч тэмцээн зохион байгуулагдах болсон юм. Өнөөдөр Казахстан дэлхийд боксоор нэг номерт орж байсан Кубыг ардаа орхиод байна шүү дээ. Ийм ашигтай хувилбар гарч ирсэн учраас бид У.Мөнх-Эрдэнийг хоцроохгүйн тулд тийшээ явж тэмцээнд оролц гэсэн юм. Гэтэл өөрөө эсэргүүцэж “Би Казахстан руу явахгүй, оронд нь Серби рүү явна” гэсэн. Уг нь гол өрсөлдөгчид нь Казахстанд цуглана шүү дээ. Гэсэн ч явахгүй гэсэн болохоор нь Сербийн боксын холбоотой холбогдоход нэгдүгээрт, хугацаа ойртсон байна. Хоёрдугаарт, нэг тамирчин авахгүй гэсэн. Ингээд У.Мөнх-Эрдэнэ гол хоёр тэмцээнээс өөрөө татгалзсан шүү дээ. Ингээд мөн Бээжинд болох Лампаны багтай хамтарсан бэлтгэлд У.Мөнх-Эрдэнэ болон бусад тамирчдаа, гавьяат дасгалжуулагч Х.Алтанхуяг, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нартай хамт оролц гэсэн, мөн л өөрөө яваагүй. Тэгээд эцэст нь их сонин юм ярьж байгаа. Тухайлбал, “Дэлхийн аваргын тэмцээнд над шиг аравхан хоногийн бэлтгэлтэй хүн ороогүй. Намайг бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оруулаагүй” гэж хэвлэлд ярилцлага өгснийг нь үнэхээр гайхсан. Ингэж ор үндэслэлгүй ярьж болохгүй шүү дээ. Тамирчдын сахилга бат, ёс зүй гэж бий. Хэн дуртай нь дарга цэрэг нартай уулзаж янз бүрийн юм ярьдаг бол цаашлаад бүх тамирчин намайг ч тэмцээнд явуулсангүй, гадаадад бэлтгэлд хамруулсангүй гэх үү. Ийм юм болвол юу болох вэ. Тэгээд ч бид У.Мөнх-Эрдэнийг Азийн аваргын тэмцээнд явуулсан шүү дээ. Тэмцээний өмнөх 35 хоногийн бэлтгэл цугларалтанд ч хамрагдсан. Тэгэхээр яаж У.Мөнх-Эрдэнэ аравхан хоногийн бэлтгэл хийсэн байх юм бэ. Тэр байтугай дэлхийн аваргын цугларалтад Т.Оюунболд багштайгаа хамт 45 хоног гарсан.
-Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг гурав таны шавь. Та шигшээ багийн ахлах дасгалжуулагч. У.Мөнх-Эрдэнэ “Намайг хавчиж, гадуурхаад байна” гэхээр хэвлэлийнхэн тэр өнцгөөс нь хандсан. Тэгээд ч монголчууд аливаад ганцаардсаныг нь өмөөрөх сэтгэлгээгээр ханддаг шүү дээ?
-Цаад наадыг мэдэхгүй юм. П.Сэрдамба ч бас хэлсэн шүү дээ “Бид У.Мөнх-Эрдэнийг хавчиж хяхсан зүйл байхгүй, харин дэмжсэн” гэж. Дэмжээд Азийн аваргын тэмцээнд явуулсан гэж байгаа шүү. Гэтэл ийм сонин зүйл ярьж байгааг бид үнэхээр гайхаж байгаа. Өөрөө тэгж ярьдаг юм уу, эсвэл цаанаас нь зориуд янз бүрийн юм яриулж, бичүүлдэг хүн байна уу гэдгийг ойлгохгүй юм. Манайхан ч нэг юмыг хэтрүүлэхээрээ тунг нь хэдэн хувиар нэмж дэгсдүүлдэг. Өнгөрсөн намраас өнөөдрийг хүртэл олон юм гарлаа. Энэ хугацаанд би хүлээцтэй байлаа, нэлээд харлаа. Эцэст нь намайг ажлаас халсан үндэслэлүүд нь их сонин юм билээ. Түүнээс биш би шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг өгөхөд харамсах бас алдах зүйл алга.
-“ У.Мөнх-Эрдэнийг хавчаагүй, харин ч дэмжсэн” гэдгийг хэн батлах вэ. Боксын холбооны дүрмээр Улсын аварга шалгаруулах тэмцээнд ялсан нь дараагийн тэмцээнд явдаг бол З.Энхзориг “Би явна” гэж зүтгэсэн тохиолдолд асуудлыг аль талаас авч үзэх ёстой байсан бол?
-Энэ асуултад багийнх нь тамирчид хариулах байх. Тэд л үнэнийг хэлнэ үү гэхээс багш нь юм уу, хажууд нь байгаа хэн нэгнээс асуухад мушгиад аль нэг тийш нь л ярина шүү дээ. З.Энхзоригийн хувьд таны асуусан шиг асуудал тавьсан бол яах байсан юм, бас л нэг шийдвэр гаргах байсан байх.
У.Мөнх-Эрдэнийн тухайд хэлэхэд, өөрийнхөө багш гавьяат дасгалжуулагч Т.Оюунболдыг шигшээ багийн ахлах байхад нь “Ийм муу багштай ажиллахгүй” гээд тамирчдаас гарын үсэг цуглуулж тэр үеийн Боксын холбооны нарийн бичгийн дарга Мягмарсүрэнд өгөөд л явж байсан. Д.Банди багшийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч байхад бас л Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зөрж, зөрүүдэлж байгаад хоцорч байсан. Энэ удаа намайг арьс өнгөөр ялгаварласан гэж байна. Яахаараа би арьсны үзэлтэн болчихдог юм, үнэхээр гайхаад ч барахгүй байна. Зүгээр нэг шалтаг олдохгүй болохоор тэгсэн юм уу гэж бодох юм.
-Сая насанд хүрэгчдийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар яагаад оролцоогүй юм бол. Ойрын үед том тэмцээн байхгүй учраас амарч байгаа юм уу, эсвэл шинэ залуу тамирчдад боломж олгоо юу?
- Хоёр тамирчны хувьд бэртэл гэмтлийн улмаас оролцоогүй байх. Тамирчин хүний амжилтын гол дайсан бэртэл гэмтэл юм. Удахгүй Европын цуврал тэмцээн эхлэх учир тамирчдад амрах боломж гарахгүй.
-Н.Төгсцогтын тухайд та юу хэлэх вэ. 52-оос 56 кг болж жин өгссөн?
-Н.Төгсцогтын хувьд 52 кг-д тоглохын тулд 7-8 кг хасах хэрэгтэй. Энэ нь тамирчны биеийн ажиллах чадварын 50 хувь алдагдана гэсэн үг. 56 кг бол манай хүнд яг таарах жин. Европын цувралд А зэрэглэлийн тэмцээн болох Герман, Чехийн хоёр ч тэмцээнд түрүүлснээс нь харагдаж байгаа юм. Одоо өсч буй хүн хасна гэдэг хүнд даваа. Үүнийг жин хасч үзсэн тамирчин л ойлгоно. Боксын тэмцээн олимп эхлэх өдрөөс өмнө жингээ хасч тэмцээн дуусах хүртэл жингээ барьж олон өдөр өрсөлдөх нь тамирчин хүнээс асар их тэвчээр хатуужил шаарддаг нь үнэхээр хүнд байдаг.
-Боксчид шинэ дүрмээр тулалдаж байгаа. Толгойн хамгаалалтгүй болсноор тэмцээний үеэр олон тамирчны хөмсөг задарсан?
-2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шинэ дүрмээр толгойны хамгаалалтгүй болсон. Энд үнэхээр тамирчдын хөмсөг задрах, хацар, дух урагдах гэмтэл их гарсан. Толгойн дуулгагүй болсноороо тамирчдын ур чадвар, чансааг ялгарч харуулах илүү өргөн боломжтойг харуулж байна шүү дээ, нэг талаараа.
-Оноог тооцох журам бас өөрчлөгджээ. Нэг цохилт нэг оноо гэж тооцдог байсан бол үнэлгээний буюу баллын системд шилжүүлсэн нь хэр оновчтой вэ. Ингэснээр шүүлт шударга болно гэж байгаа ч тэр зорилгодоо хүрэх үү?
-Шинэ шүүлт нь шүүгчдийн зүгээс тамирчдыг 4-5 шалгуурыг харж байж ялалтыг өгөх болсон гэсэн үг. Техник, тактик, оновчтой цохилт, цохилтын тоо, идэвх, алдаа гаргаж буй байдал, ажиллах чадвар зэргийг давхар ажигласнаар ялалт өгдөг болжээ гэж ойлгож болно. Хажуугийн таван шүүгчийн гурвынх нь өгсөн ялалтаар ялалтыг өгч байна гэсэн үг. Хажуугийн шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж өргөдөл гаргахыг хүлээж аваа больсон. Тэгээд үе болгон арван баллын системээр дүгнэдэг болсон. Тиймээс энэ бүхэнд тохируулан бэлтгэл сургуулилтыг хийх хэрэгтэй болсон.
-Та цаашид юу хийх вэ, шавь бэлтгэх бодол байна уу?
-Ер нь бодоод байтал би 1997 оноос боксын спортод зүтгэснээс өнөөдрийг хүртэл нэг ч удаа амарч байсангүй. Жилийн дөрвөн улиралд хүүхдүүдээ бэлтгээд, тэднийгээ дагаж тэмцээн, уралдаанд явж иржээ. Тиймээс хэсэг хугацаанд амарна. Яваандаа өсвөр үеийнхэн, хүүхдүүдтэй ажиллах бодол бий. Шигшээ багийнхантай ажиллаж байгаад хүүхдүүдтэй ажиллаж чадалгүй, өсвөр үеийн шавь наргүй болчихсон байна шүү. Хамгийн отгон шавь маань Батзориг гэж хүү бий. Түрүү жил Залуучуудын Азийн аваргын мөнгөн медаль хүртсэн. Мөн Төгөлдөр гэж шавь байна. Гэхдээ нэг нь залуучууд руу, нөгөө нь насанд хүрэгчид рүү шилжлээ. Хүүхдүүд цагаахан, багшийнхаа хэлсэн, ярьсныг сайхан хүлээж авч, бэлтгэл сургуулилтаа давтдаг. Хөгжинө, хөөрнө, хамтдаа тоглоно ер нь их сайхан шүү. Ажиллаж байсан замналаа эргээд харж байхад Спорт сургалтын төвд өсвөр үеийн хүүхдүүдтэй ажиллаж, тэднийгээ сайн боксчин болгочихсон гээд зорьж байх үе л сайхан байж.
-Ингэхэд таныг боксын багш, дасгалжуулагчийн ажлыг А-гаас нь Я хүртэл зүтгэж яваа гэж сонссон. Тэр эхлэл, өрнөл хэрхэн явж ирэв?
-Би Улсын Багшийн дээд сургуулийн боксын багш, дасгалжуулагчийн ангийг төгссөн. 1997 оноос боксын дасгалжуулагч мэргэжлээр ажиллаж байна. 2011 оны гуравдугаар сард улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах тушаал гарч, ажил хүлээж авсан. Шигшээ багийн туслах дасгалжуулагчаар бол 2010 оноос ажилласан. Ер нь бол боксын спортод би бүр анхан шатнаас нь ажиллаж ирсэн. Клубын багш-дасгалжуулагчаас залуучууд, насанд хүрэгчдийн дасгалжуулагч, өсвөрийн шигшээ багийн туслах дасгалжуулагч гэхчлэн шат дарааллын дагуу ажилласаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд хоёр олимпт оролцлоо. 2008 оны Бээжингийн олимпод өөрийн гурван шавийг бэлдэж, П.Сэрдамба, Э.Бадар-Ууган хоёр маань алт, мөнгөн медаль хүртсэн. З.Энхзориг маань сайн оролцсон. Медаль авах бүрэн бололцоотой байсан, ердөө 14-хөн секундын дотор Кубын тамирчинд нэг оноо алдаж, харамсалтайгаар хожигдсон. 2012 оны Лондоны олимпод шигшээ багаа ахалж, баг тамирчдаа бүрдүүлж оролцсон. Тэр наадамд Европ тив, цагийн зөрүү ихтэй дээр нь шүүгчгүйгээр дөрвөн тамчирчнаа оролцуулж мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай ирсэн.
-Таны шавь нар дэлхий, тивийн том тэмцээнээс хэчнээн медаль хүртсэн бол?
-100 гаруй шавь бий. Тив, дэлхий, олимп, оюутны универсаль их наадам, оюутны дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аваргын тэмцээнээс 30-аад медаль авсан. Энэ дотроос хамгийн том нь олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын алтан медаль юм. Залуучуудын тив, дэлхийн аваргын тэмцээнээс медаль авсан хүүхэд олон бий.
-Монгол тооллоор та бид морь жилийн эхэнд ярилцаж байна. Монголчууддаа, бас олимп, тив, дэлхийн тэмцээнд бидний найдлага болсон боксчиддоо хандаж юу хэлэх бол?
Боксын спортыг хөгжүүлж, түүний төлөө зүтгэсэн хүн олон бий. Тэр хүмүүст бүгдэд нь баярлалаа. Та бүхэн морь жилдээ хийморьтой сайхан байгаарай. Боксын спортыг ойлгож, дэмжиж, итгэл хүлээлгэж байдаг монгол түмэндээ баярлаж явдаг шүү. Та бүхэн шинэ онд эрүүл энх, аз жаргалаар бялхаж яваарай. Боксын хамт олон, тамирчиддаа хандаж хэлэхэд та бүхэн минь амжилт гаргах цаг нь болчихсон шүү. 2014, 2015 он бид бүхний хариуцлагатай жил, рейтингээ ахиулах, олимпийн эрхээ авах олон даваа бидэнд бий, амжилт хүсье.
Л.Хэрлэн
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: