Овог, ургийн бичгийн тухай

imagessssssЦэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно санагдаж өөрийн эрхгүй түүний зүг намайг хөтөллөө. Өвгөний мэнд усыг мэдэж танилцахад шинэ үеийн “зантай” хөгшчүүл лав биш гэдгийг би мэдэв…
Би ярианыхаа завсраар “Түүхээ мэдэхийн ач тусын тухай” асуувал өвгөний нүд сэргээд явчихлаа.
- Байлгүй яахав дээ хүүхээ гэж хэлээд нилээн тухалж суугаад яриагаа ийнхүү эхлэв
Эртхэндээ намайг бага байхад манай голд Цэрмаа гэж сайхан охинтой баян Доржийнх гэж айл урд голоос нүүж ирсэн юм. Би эгчгүй байсан болоод ч тэрүү ийм эгчтэй болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Манай голд Ноорхой Сангийн ач Баатар гэж яг л баатар баймаар чийрэг өсгөлүүн биетэй ах байсныг би одоо ч тод санадаг юм. Нилээн хэдэн сар өнгөрсөний дараа намайг Хүрээ яваад ирэхэд манай голын хэдэн айлын дунд Ноорхой Сангийн Баатар, баян Доржийн Цэрмаатай суух гэж байгаа гэнэ гэсэн яриа дэгдсэн байлаа. Удсан ч үгүй манай голд нижгэр найр болох ч өдөр ирлээ. Тэр өдрийн сайхныг ч үгээр ч хэлэхийн аргагүй байв. Яг “ хөшиг тайлах” үеэр… Би өвгөний яриаг тасалж “Хөшиг тайлах” гэж яг юу гэсэн үг вэ? гэхэд өвгөн над руу нэг сүрхий харснаа: -Манай нутагт хуримлах ёсыг тэгэж нэрлэдэг юм л даа! гээд цааш яриагаа үргэлжлүүлэн Хүрээ талаас морьтон айсуу гэсэн чимээнээр бүгд гэрээс гарч тэр зүг харлаа. Тэдгээр хүмүүс бараг морьтойгоо гэрт тулж ирээд их л эрэмгий мориноосоо могойд хатгуулсан аятай огло үсрэн бууж шууд гэрт дайран орж хойморт очиж “Хөшиг тайлахаа зогсоох! Баатрыг хүрээнээ даруй ирүүл! “Худ, худгуй” бологсодыг 9 малаар торгох! Найрыг даруй тараах” тухай зар бичиг уншив. Мэл гайхаж цэл хөхрөгсөд Баатар, Цэрмаа хоёрыг эгч дүү болохыг мэдэж ихэд цочирдсон Цэрмаагийн аав, ээж яах ч учраа олохгүй дэмий л ийш тийшээ сандран гүйж байлаа. Тэр цагаас хойш Баатар ямар ч хэл сураггүй алга болсон юм даа. Хожим бид учрыг нь сонсохноо Баатарын ээж Цэрмааг төрүүлчихээд Хятадын пүүсний эзэн Данжаадаас зугатааж явахдаа охиноо Доржид өргүүлсэн юм байна лээ. Дараа нь энэ бүгдийн ярьж чадалгүй өөд болжээ. Харин учрыг мэдэх хүн үүнийг нь мэдсний ачаар манай нутаг хошуу аймшигтай, гутамшигтай зүйлийг үзээгүй юм даа гээд өвгөн яриагаа өндөрлөөд алсыг ширтлээ…” /1997 онд. П.Х. 1в Ч. Эрдэнэцэцэгийн зохион бичлэгээс/

Ийм үйл явдал хүний амьдралд бишгүй сонсогдож дуулддаг ч бид өнөө үед бараг цочирдохоо больжээ. Энэ ч аргагүй юм. Учир нь бид баргийн юманд цочирдохооргүй болтлоо сайн сайхан, муу муухай зүйлийг сонсож, үзэж мэдэрсээр “хогийн сав” шиг болж дээ! Жишээлбэл ДОХ. Түүнийг бид эхлээд маш их цочирдон хүлээн авсан. Энэ нь аяндаа намжиж байтал хаанаас ч юм хоёр хүн ДОХ-той боллоо гэхэд Монгол даяар “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой” гээд бөөн бөөн сенсаци, мэдэгдэл, заримдаа ч бүр улс төрийн шинж чанартай онигоо ч хүртэл гарч байгаад дахиад л намжлаа.

Гэтэл ДОХ-оос дутахгүй өөр нэг аймшигт зүйл байгаа нь “Монголчуудын цус ойртолт”. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монголд 1000 хүн тутамд 9,7 (11) хувь нь оюун ухааны хомсдолтой гэж гарсан. Аливаа үндэстэн, угсаатан 4 саяас дээш байж хүн ам зүй, эрүүл мэнд, нийгэм-эдийн засаг, улс төрийн талаар ямар ч улсаас хамааралгүй, аюулгүй хөгжих боломжтой гэж судлаачид үздэг. 2,7 сая хүнтэй Монгол улсын 1.100.000 шахам нь зөвхөн Улаанбаатарт, үлдсэн нь 1,2 сая км2 нутагт тархан суусан нөхцөлд магадлалын онолоор бол дээрх тоо бараг геометр прогрессоор өсвөл бид яах вэ? Иймд овог, ургийн бичгийн тухай уламжлалт мэдлэгээ нэн даруй сэргээх нь бидний өмнө тавигдаж буй чухал асуудлын нэг.

Овог гэдэг нь нэгэн өвөг дээдсээс угсаалж, элгэн садны холбоотойгоор шүтэлцсэн бүлэг хүмүүсийн нэгдлийг хэлдэг байна. Овгийг хүн төрөлхтний хувьд “зохион байгуулагдсан хамгийн анхны нийгэм” гэдгийг урьд нь бид үзсэн билээ. Хүн төрөлхтөн бүгд овгийн хамаарлаар зохион байгуулагдаж цаашдаа иргэнших явцдаа өөр өөрсдийн соёл иргэншлийн онцлогоороо ялгарч иржээ. Гэхдээ соёл иргэншлийн хоёр ерөнхий хэв шинжээр угсаатан бүрэлдэх процесс явагджээ. Суурьшмал иргэд ихэвлэн эрхлэх аж ахуй, оршин буй газар нутгаараа холбогдон овог-аймаг-фратрийн дээд шат болох Угсаатан болж хөгжсөн юм. Жишээ нь, Дундад зууны Европт Франц, Испани, Славян, Викингүүд гэх мэт угсаатны хэв шинж III-IY зуунд тодорхой нэг бүс нутагт бүрэлджээ. Ийм процесс дорно дахины суурьшмал иргэншилтэй Хятад, Солонгос, Япон, Энэтхэгт ч адилхан явагджээ. Харин нүүдэлчин ард түмэн өөрсдийн аж төрөх ёс, ахуйн онцлогоосоо болж удам гарал, овог аймгаараа холбогдон угсаатан болж хөгжсөн байна. Иймээс ямар ч нүүдэлчин угсаатнууд нүүдлийн иргэншил, угсаатны хөгжлөөсөө шалтгаалан нэгдүгээрт: Хүн амын хувьд цөөхөн, Хоёрдугаарт Овгийн маш хатуу дэг жаягтай, түүнийгээ сайн мэддэг, зөрчсөн хүмүүнийг хатуу цээрлэдэг байна. Өнөөгийн Монгол угсаатны эх үндэс YII зууны үед Төв Азийн нутагт нүүдэллэн амьдардаг байсныг гэрчилдэг хамгийн эртний, эмх цэгцтэй, дэлгэрэнгүй бичгийн эх сурвалжууд болох 1240 оны “Монголын нууц товчоо”, 1310 оны Рашид-ад-Дины “Судрын чуулган” зохиолууд юм. “Монголын нууц товчоо”-нд 30-аад овог тэмдэглэгдснээс ихэнх нь Нирун-Дарлигин гэсэн Монгол угсаатны гол мөхлөг болсон овгууд юм. Эдгээр овгуудын ихэнх нь яс, цусан төрлийн холбоотой буюу ургууд хэмээн өөрсдийг тооцож, үүсэл гарал, нийгэмд эзлэх байр сууриараа зэрэг дэв, хэмжээ хязгаартай байжээ.

“Монголын нууц товчоо”-нд Бодончар 3 овгийн төрхөмтэй байснаас Жадаран, Баарин, Жаурдай гэсэн шинэ овгууд үүсч хожим эхийн талыг харгалзан “Хэвэл нэгтэй, хэлхээ холбоотой нэг овгууд” хэмээн ярилцаж харилцан дотносдог байсныг онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ ёс улам өргөжсөөр одоо Монголын бүх овгуудад уламжлагдан, Харь Жада овог, Яс цусны холбоотой ураг овгууд гэж хоёр хуваагддаг ч дээд үедээ нэг гаралтай “Монгол ахан дүүсүүд” гэж ярилцдагаараа бусад үндэстэнгүүдээс онцгойлон ялгагддаг билээ. Иймээс “Дээд үедээ ураг төрлийн барилдлагаар холбогдсон нэг өвөг дээдэстэй Монгол ахан дүүсүүд цөөхөн ч гэсэн овгуудынхаа хүрээнд харилцан дотносож, өнчин ядуус, ядарсан хүмүүсээ асран тэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцдаг олон сайхан заншил, баяр ёслол эрт үеэс бий болж эдүгээг хүртэл уламжлагдан иржээ”

Овог бүр өөрийн гэсэн тодорхой нэр хочтой. Тэр нь уул овогийн эрхийн хэм хэмжээ, хүчин чадал, мандал буурлын баталгаа болдогийг Урианхай, Хиад-Боржигин, Хаучин, Жүрхэн, Торгууд мэт олон овгийн нэрнээс харж болно. Мөн овог бүр өөрсдийн туг сүлд, уриа хашгираа, нийтийн дуу бүжиг, хорио цээртэй, тулж өргөрүүлсэн түүх, удам судраа бичиж үлдээдэг ургийн бичиг, мал сүргээ танидаг им тамгатай байлаа. Иймээс хүн бүр овгоороо эхэлж танилцдаг, овоггүй хүн нэргүй хүнтэй адил байсан үе тун саяхан байсан боловч 1922 оны 6 сарын Ардын Засгийн газрын тусгай тогтоолоор хүмүүсийг овгоо хэрэглэхийг хоригложээ 1996 он хүртэлх үе буюу 70 жилийн хугацаанд Монгол угсаатны олон мянган жилийн турш тогтоож байсан нэг тулгуурыг хугалсан байна.
1994 онд ерөнхийлөгчийн зарлиг гарч овгоо сэргээх, албан хэрэгт түүнийг тэмдэглэх, ургийн бичгээ хөтлөх журам дахин сэргэжээ. Овгоо сэргээж, түүнийг судлах ажил идэвхтэй хийгдэж 5000 овог одоогоор бүртгэгдээд байна. Учир нь Монгол овог гэдэг нь түүхэн үе бүр ясныхаа шинжээр үүсэн гарч байдаг тул овгууд хасагдах, нэмэгдэх зэргээр үргэлж хувирч олон салбар овгууд үүссэн. Хүмүүс архивын баримт сэлт, малын им тамга, өвөг дээдсийн хууч яриа зэргээр өөрийн овгуудаа танин мэдэж сэргээх бололцоотой ч XII-XX зууны эхэн үеийн Монголчууд шиг овгийн түүх, ёс заншил, удам угсаанд хамаарах бүх бүх хүмүүсээ мэдэж сэргээх бололцоогүй нь харамсалтай.

Ургийн бичиг. Бидний дээр дурьдсан хүн ам зүйн судалгаан дахь тоо баримтыг хэрхэн устгах вэ? Бид ХХI зуунд хэрхэн хөгжих вэ?

Бидэнд өнөөдөр бахархал болж үлдсэн хоёрхон тулгуур байна. Нэг нь бүр 800 жилийн өмнө амьдарч байсан Их хаан Чингис, түүний байгуулсан Монгол гүрний гайхамшигт түүх, Хоёрдох нь хэдэн мянган жилийн турш ерөөсөө нэг саяд хүрч байгаагүй бидний нүүдэлчин өвөг дээдсийг уусгаагүй, “цэвэр” хэвээр нь хадгалсаар ирсэн ургийн бичиг юм. Үүнийг батлах зүйл нь бүр XIII зууны үеэд “Монголын бүх овог аймаг яруу тодорхой удам угсааны модтой /түүхтэй/. Учир нь Монголчуудын заншил нь өвөг дээдсийнхээ удам угсааг залган сахиж, төрсөн хүүхэд бүрдээ удам угсаагаа зааж сургадаг. Тийнхүү тэд удам угсааны тухай үгийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч байхгүй” гэж Рашид-ад-Дин бахархан бичсэн байдаг.

Харин яг тэр үеэс одоог хүртэл хөтлөгдөн ирсэн ургийн бичгүүд хадгалагдан үлдсэнгүй, түүний хуулбаруудыг 1725 онд Манжийн хаан Энх-Амгалан Монголын бүх тайж язгууртай хүмүүсийн ургийн бичгийг Бээжинд хэвлүүлнэ гэдэг нэрийдлээр хураан аваад шатаачихжээ. Үүний дараа дахин шинээр ургийн бичгүүдийг хөтлүүлсэн ч зэрэг хэргэм, хөрөнгө мөнгө залгамжлуулах гол баримт бичиг гэдэг утгатай болгосон юм. Эдгээр олон ургийн бичгүүдийг нягтлан үзвэл түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах гэсэн хоёр аргатай байна. Хүснэгтлэн зурахдаа шулуун шугам, модны цагираг, модны мөчир мэт салбарлуулах гэсэн гурван аргаар бичигддэг байв. Эдгээрээс 1905 онд хийгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичсэн нь түүхэнд үлдсэн хамгийн том ургийн бичиг болжээ.

Ургийн бичигт олон үеийг бичих боломжтойг ч, голдуу 11, 13 үеийг л бичиж үе дотроо гэрлэхийг хатуу хориглодог байв. Учир нь “Удам холдвол ухаан сайжирна” “Манцуйтай байхдаа манайх байлаа Магнагаа өмсөхөөр хүнийх болдог” гэж ярилцан хүү, охидоо багад нь ураг хол, угсаа нэг овгуудтай сүй бэлэг тавилцан худ ураг болдог байв. Ураг дотроо эр-эм бололцож гэм алдснаа Их хаан Өгээдэй ч хүлээн зөвшөөрч онцгойлон гэмшиж байсан нь ердийн зүйл биш ажээ.

“Хусавч үл арилах эцгийн ясан төрөл, Шавхавч үл ширгэх эхийн цусан төрөл” хэмээн бэлэгдэн ярилцдаг монголчууд авга, нагацын ураг төрлөө 12 үеэ (Холбоо-Хуланц өвөг-Хуланц-Элэнц өвөг-Элэнц-Өндөр өвөг-Өвөг эцэг-Эцэг-Би-Хүү-Ач(Зээ)-Гуч(Зээлэх төрөл)-Жич(Зээнцэр)-Ачинчар-Гучинчар-Жичэнцэр-Жилүүхүй) мэдэж 13 дахь үедээ яс хагалах гэдэг ёс үйлддэг байсны учир нь “Эмэгтэй хүний улаан шингэн, эрэгтэй хүний цагаан шингэнтэй сүлэлдэн хүн бий болдог. Иймээс эхийн тал нь хүний мах, цусыг бүрдүүлдэг, Эцгийн тал нь ясыг нь бүрдүүлдэг тул эхийн үе 5 дахь үедээ, Эцгийн үе 9, 11 дэх үеүүддээ мултрана”, “Ээжийн бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Нагац-Нагацлах төрөл, Эцгийн талын бүх ах дүүс, тэдний дараагийн үеүдийг Үеэл-Хаяал, Эгч дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд, тэдний дараагийн үеүдийг Бөл-Бөлөнцөр-Бөлөөлөн” хэмээн ярилцдаг бичигдээгүй хэв хууль өнөөг хүртэл хадгалагдан ирсэн.


URL:

Сэтгэгдэл бичих