Пирамид луйвар Монголд хориотой
“Зүгээр сууж байхад л дансанд чинь мөнгө орсоор байх болно. Ажлынхаа хажуугаар их мөнгө олж болох алтан боломжийг битгий алдаарай”. Ийм сурталчилгаанд багахан ч болов эргэлзэлгүйгээр шууд хааж орхидог хүн ер нь цөөхөн болов уу. Дороо хүн элсүүлж, сүлжээ үүсгэдэг пирамид луйврууд бүгд бялуу шиг амттай дээрх үгээр эхэлдэг. Манайхан ерөнхийд нь сүлжээний бизнес гэж ойлгоод байгаа юм. Энэ нь дотроо дараах заагтай. Бизнес нь бараа, бүтээгдэхүүн дээр суурилж, бараа эргэлтэн дээрээ анхаардаг олон шатлалт маркетингийн арга бий. Мөн л хүн элсүүлж, сүлжээ үүсгэн, бараагаа олон хэрэглэгчид хүргэх тактик. Харин нөгөөх нь гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг пирамид тогтолцооны луйвар.
Хоёр дахь аргыг ашиглаж, олон хүнийг хохирогч болгосон залилангийн хэргүүд манайд цөөнгүй гарав. Одоо ч гарсаар байна. Учир нь монголчуудын гэнэн итгэмтгий зан тэдний хорхойг улам хүргэх болж. Зарын сонин эргүүлж үзвэл нас, хүйс, мэргэжил хамаарахгүй өндөр цалинтай ажилд авна, зуучилна гэх зар дүүрэн. Ганц болзол нь эхэлж элсэхдээ тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Эхэлж элссэн цөөн хүн мөнгөө авдаг бол сүүлд элссэн хүмүүс хохирогч болж үлддэг. Энэ аргыг олон улсад пирамид тогтолцооны луйвар гэж нэрлээд байгаа юм. “Бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар” гэж үзэж Дэлхийн олон улс орнуудад, тухайлбал, АНУ, Англи, Франц, Германд хуулиар хориглосон байдаг.
Хүлээлгэх хариуцлага нь ч чанга. Тухайлбал, АНУ-д пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, түүнийг явуулж гүйцэтгэхэд тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.
АЛЬ Ч ТӨРЛИЙН СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС МАНАЙД ХОРИОТОЙ
Харин манайд яадаг вэ. Хууль нь бий. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглоно гээд тодоос тод заачихсан байдаг. Ингэхдээ Орифлэйм гэх мэт бараа бүтээгдэхүүнээ эргэлтэд оруулах зорилгоор сүлжээ үүсгэдэг бизнесийг ч тэр, ямар ч баригдах зүйлгүйгээр мөнгө авдаг, амалдаг бизнесийг ч тэр аль алиныг нь хориглосон байна. Харин эдгээр нь бүгдээрээ манайд жинхэнэ утгаар цэцэглэчихсэн. Монголын хууль хаана хэрхэн үйлчилж байгааг ганцхан энэ жишээ тод харуулна. Одоогоос жилийн өмнө хийгдсэн нэгэн судалгаанаас харахад 1970-аад оны дунд үеэс өнөөдрийг хүртэл манай улсад гадаад дотоодын нийлсэн 140 орчим сүлжээний гэх тодотголтой компаниуд орж ирсэн ч өдгөө 40 гаруй нь үлдсэн мэдээлэл байна. 100 гаруй компани нь дампуурах нь дампуурч, залилах нь залилж арваадынх нь эзэн аавын хаалга татжээ. Үйл ажиллагаа явуулж байгаа 40 компанийн дотор шууд худалдаа, сүлжээний бизнес нэрийн дор эдийн засгийн нарийн зохион байгуулалттай, мэргэшсэн луйварчдын хэд хэдэн томоохон бүлэглэлүүд байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд л гэхэд сүлжээний бизнес буюу залилангийн, бусдын өмч хөрөнгийн эсрэг 1231 гэмт хэрэг гарсныг бүртгэжээ. Үүний 1014 нь нийслэлд гарсан байна. Энэ төрлийн гэмт хэргийг сүлжээний бизнесийн гэж тусад нь ялган авч ангилдаггүйг тэд хэллээ. Ийм луйвар эрхлэгчид үйл ажиллагааныхаа зөвшөөрлийг авахдаа зорилгоо өөрөөр мэдүүлсэн байдаг. Тиймээс пирамид луйварт мөнгөө алдахгүйн тулд иргэд энэ талаар тодорхой мэдлэгтэй байж, ялгаж салгаж сурах шаардлагатай юм.
ПИРАМИД ЛУЙВАР ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЛЭЭ
Амар аргаар машин, байртай болох хүсэлтэй хүмүүсийг хуурч, мөнгө салган залилах гэмт хэрэг ихээр бүртгэгддэг байсан бол сүүлийн үед цахим луйвар газар авсныг холбогдох байгууллагууд сэрэмжлүүлж байна. Интернэтийн багахан мэдлэгтэй байхад цаг тутамд доллараар цалинжиж, гар утасныхаа дугаарыг бүртгүүлээд элсэх төлбөрөө дансаар шилжүүлчихвэл дуудлага, мессеж ирэх бүрт дансанд тань мөнгө нэмэгдэнэ гэсэн постууд фэйсбүүкт олширлоо. Энэ нь нөгөө л дороо хэрэглэгч элсүүлэх гэсэн ганцхан болзолтой. Хэрэв цахим аргаар ингэж мөнгөө луйвардуулсан тохиолдолд эргээд хохирлоо барагдуулахад тун хүндрэлтэй гэдгийг ч цагдаагийнхан сэрэмжлүүлж байгаа юм. Цахим хуудас гэдэг дэлхий нийтийг хамарсан олон нийтийн сүлжээ ашигладаг тул хор хохирлыг хэмжээг тогтоох боломжгүйгээс гадна тухайн хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдах томоохон эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс иргэд амар, хялбар аргаар гэнэт л мөнгөтэй болгоно гэсэн зар, постод итгэхгүй байхыг сэрэмжлүүлж байна. Ер нь зүгээр сууж байгаад баяжчихдаг бол энэ амьдралын утга учир нь алдагдана биз дээ. Түүнчлэн манай улс 2001 онд баталсан Аж ахуй нэгжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулийн заалтаа нарийвчлан сайжруулж, холбогдох арга хэмжээг даруй авах цаг нь болжээ.
Зууны мэдээ
URL: