Нэрмэл архи үйлдвэрлэхэд 100 мянга хүртэл төгрөгийн хураамж төлнө
Батлагдсанаасаа хойш хэл ам дагуулсаар сүүлдээ нэмэлт өөрчлөлт оруулахдаа тулсан
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох гэж байна.
Олны анхаарлын төвд байгаа согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл олгох журамд өөрчлөлт орно. Ингэхдээ Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураахаар хуулийн төсөлд тусгаад байна.
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 400000-1 000 000 төгрөг, аймгийн төвийн суманд 240 000-600 000 төгрөг, бусад суманд 120 000-300 000 төгрөг байхаа тусгасан бол хугацааг нь сунгахдаа нийслэлд 120 000-300 000 төгрөг, аймгийн төвийн суманд 80000-200 000 төгрөг, бусад суманд 40000-100 000 төгрөг хураах нь.
Тэгвэл спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 120 000-300 000 төгрөг, аймгийн төвийн суманд 80 000-200 000 төгрөг, бусад суманд 40 000-100 000 төгрөг, хугацааг нь сунгахдаа нийслэлд 40 000-100 000 төгрөг, аймгийн төвийн суманд 30 000-70 000 төгрөг, бусад суманд 16 000-40 000 төгрөг гэж төсөлд тусгасан байна.
Харин гишүүд дээрх хэмжээг заримыг нь өндөр заримыг нь бага байх нь зүйтэй гэж үзэж байга аж. Тухайлбал: Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 600 000-1 500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 320 000-800 000 төгрөг, бусад суманд 200 000-500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 200 000-500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 160 000-400 000 төгрөг, бусад суманд 80 000-200 000 төгрөг зэргээр зарим өөрчлөлт хийх санал гаргажээ. Түүнчлэн сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөгийн хураамж төлөх заалтыг нэмэх саналыг гишүүд гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн олонх дэмжсэн байна.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар төрийн нэгдсэн бодлогоор зохицуулагдах түлш эрчим хүчний чиглэлийн ажил үйлчилгээ, химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах үйл ажиллагаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хураамжийг УИХ тогтоож байхаар тооцжээ. Мөн гадаадад зорчих болон гадаадын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх, консулын үйлчилгээ үзүүлэх, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, өөрөө явагч хэрэгслийн бүртгэл, сонин, сэтгүүл, радио телевизийн улсын бүртгэлийн хураамж, хуулийн этгээдийн улсын бүртгэл, санхүү, банкны үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, байгаль орчинд онцгой хор хөнөөл үзүүлж болзошгүй ажил, үйлчилгээнээс бусад зөвшөөрөл, боловсролын чиглэлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл зэргийг УИХ-аас тогтоосон хязгаарын дотор Засгийн газар тогтоож байхаар тусгажээ.Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг УИХ- аас тогтоосон хязгаарын хүрээнд аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоож байхаар хуулийн төсөлд тусгах, төсөлд дээрх өөрчлөлтүүдийг тусгахдаа хураамжийн хязгаарын дээд хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийн хэмжээгээр, доод хэмжээг 40 хувиар бууруулан тогтоох зарчим баримталжээ.
Мөн Засгийн газраас хуулийн төсөлд шинээр нэмж оруулж ирсэн их, дээд сургуулийн үйл ажиллагаа, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, магистр, докторын зэрэг олгох сургалт, галт зэвсэг үйлдвэрлэх, нийтэд худалдах, нийтэд худалдах зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр үржлийн мал, экспортод гаргахад лиценз олгоход хураах тэмдэгтийн хураамж, малын гүн хөлдөөсөн үр, үр хөврөл, хөврөл үр, цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гарах тусгай зөвшөөрөл олгох, цөмийн төхөөрөмж олгох тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг хууль батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх, харин төрөөс үзүүлэх тодорхой төрлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг нь энэ хуулиар бууруулан тогтоосон тухайн зүйл, хэсэг, заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгах саналыг ажлын хэсгийн санал дэмжлэг аваад байна.
URL: