Хятад улсаас Монгол сурвалжлагч мэдээлж байна
Нэгтийн юань дээрх бүсгүй өвджээ
Хятадын мөнгөн тэмдэгтийн нэгтийн дэвсгэр дээр дүрээ мөнхөлсөн тракторчин эмэгтэй саяхан өвдөж Харбин хотын эмнэлэгт хүргэгдсэн талаар Хятадын хэвлэлүүд мэдээлэв.
Хармөрөн мужийн Миншүй тосгонд төрсөн, эдүгээ 85 настай Лянжүн нь Хятад улсын анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар билээ. Дундад улс байгуулагдсаны дараа шинээр хэвлэгдсэн нэг юань дээрх, трактор жолоодож яваа зураг нь түүнийг бүх Хятадын танил хүн болгосон юм. Харбин хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа Лянжүний биеийн байдал сайжирч байгаа ажээ.
Ганц мод боомтоор нэвтрэх хурдыг сайжруулав
Монгол улсаас Хятад руу гаргаж байгаа нүүрсийг тээвэрлэн өнгөрүүлдэг Ганц мод боомтын хяналт удирдлагын системийг автоматжуулснаар нэвтрэх хурдыг нэмэгдүүллээ.
Хоёр сая гаруй юаний өртгөөр хийгдсэн эл ажлыг Хөххотын Гаалийн газраас санхүүжүүлжээ. Хяналтын удирдлагын шинэ систем нь хилээр нэвтрэх машины хүндийн жинг хэмжих, жолоочийн болон машины талаарх мэдээллийг электрон самбарт уншуулах, замын хоригийг буулгах дээшлүүлэх зэргийг автоматаар гүйцэтгэхээс гадна видео хяналтын иж бүрэн төхөрөөмжийг суурилуулснаараа онцлог юм. Ингэснээр хилээр дамжин өнгөрөх хяналтын цагийг багасгаж хурдыг нь нэмэгдүүлжээ.
85 мянган бассейн шинээр байгуулжээ
Хятад улсын томоохон хотуудад хүүхэд залуусын амралт чөлөөт цагт зориулсан том усан сангууд барьж байгуулах ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 мянган усан бассейн байгуулаад байна.
Эдгээр байгууламжийг барихын тулд иргэд, байгууллагын эдэлбэр газрыг төрөөс худалдаж авсан бөгөөд нөхөн олговорт нь нийт 31 тэрбум 450 сая юань зарцуулжээ. Мөн шинээр барих усан сангийн газрыг чөлөөлөхийн тулд нүүлгэн шилжүүлсэн иргэдэд жил бүр 600 юанийн нөхөн олговрыг 20 жилийн туршид төрөөс өгөхөөр боллоо. Мөн байнгын оршин суух хаяггүй, нүүдэллэн ажиллаж амьдардаг иргэдэд төрөөс 147 тэрбум юанийн нөхөн олговор олгохоор шийджээ. Нийгмийн халамжийн сангаас тэдэнд олгох энэхүү мөнгөний хэмжээ жил бүр 1.5 хувиар нэмэгдэх юм байна.
Б.Занданхүү. Хөххот
URL: