Хууль бусаар мөнгө хураасан нь тогтоогдов
ЭМЯ-наас ирүүлсэн мэдээллийн мөрөөр Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн эрүүл мэндийн байгууллагад шалгалт хийж хууль бусаар мөнгө хураасан албан тушаалтанд хариуцлага тооцов.
Тодруулбал, Завхан аймгийн Отгон сумын Эрүүл мэндийн төвөөс 2013 оны 9 дүгээр сард цэцэрлэг, сургуулийн 2-6 насны 215 хүүхдэд цагаан хорхойн шинжилгээ, элэгний үйл ажиллагаа үзэх уробилиногены сорил хийнэ хэмээн хүүхэд бүрээс 2000 төгрөг, нийт 383 мянган төгрөгийг шинжилгээний төлбөрт авч эмнэлгийн үйл ажиллагаанд шаардагдах урвалж бодис, бусад материал худалдан авахад зарцуулжээ. Энэ нь анхан шатны эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламжийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх хууль тогтоомжийг зөрчсөн тул иргэдээс авсан төлбөрийг буцаан олгуулах, Эрүүл мэндийн байгууллагын эрхлэгч, лаборант нарт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу шийтгэврийн арга хэмжээ ногдуулжээ.
Б.Гантуяа
URL: