“Ухаалаг төр” гэдэг нэрээр дээрэм хийх нь ээ

 14220-1t

Д.АРИУН

“Зууны мэдээ” сонины редакцид даваа гаригт Нийслэлийн өм­чийн харилцааны газ­раас  гэнэтийн “зочин” ирлээ. Хотын өмчийн харилцааны газ­рын ажилтан “Ерөнхийлөгчийн зарлиг гарч, ухаа­лаг төртэй болох ажлын хүрээнд яамдыг нэг газар төвлөрүүлэх нэгдсэн байр барих талаар Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ дагуу Засгийн газраас Нийс­лэлд үүрэг өгөгдөж, танай энэ хавийг дахин төлөв­лөлтөд оруулах гэж бай­гаа. Танайх газраа, бай­шингаа, бизнесээ хэ­дээр үнэлэх юм. “Таванбогд”, “Хас” банк саналаа өгчихсөн байгаа, танайхаас одоо саналыг чинь авч байгаа нь энэ” гэж байна. Өөрийнх нь ярианаас хийгээд дараа нь өөр хүмүүсийн хэлснээр бол ийм уулзалт ганцхан “Зууны мэдээ” дээр ч биш, энэ хавийн хэд хэдэн байгууллага дээр болжээ. Бүр албан бичиг ч ирж. Газрынхаа гэрчилгээг хураалга гэж.Товчхондоо бол, барилгаа нураагаад шороогоо үүрээд холд, бид ухаалаг төрдөө байшин барих гэж байна хэмээн айлгаж байна.

Угтаа бол “Ухаалаг төр”-ийн тухай Ерөнхийлөгч зарлигдахдаа “…Төрийн ордны зүүн талд хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр бариулах” гэж цагаан дээр хараар бичсэн. Ерөнхийлөгчийн цахим хуудас руу орохоор зарлиг гэдэг хэсэгт хамгийн төгсгөл дээр нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” нэртэй уг зарлиг байна. Засгийн газарт өгсөн чиглэл нь гүйцэтгэх төвшиндөө нийслэлийн эрх бүхий байгууллагуудын мэдэлд ирж, хэрэгжүүлж эхлэх гэж байгаа хэлбэр нь энэ бололтой. Зарлигт заасан “хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр” гэдгээс нь хаа хамаагүй хальчихсан тэр хавийн хэдэн байгууллагын байшинг буулгаж,  тэр чигээр нь газарт оруулах  маягийн нугалаа, завхрал тал руугаа хандаж эхэлж байна. Худалдаж авах гээгүй, харилцан тохиролцож шийднэ, энэ хавийг яамдын цогцолбор болгох зураг гарсан гэх мэтээр тайлбарлах. Гэвч үүний цаана ухаалаг төрийн нэрээр “Улаанбаатар таймс” сонины барилгын эргэн тойрон дахь байгууллагуудын газрыг дээрэмдэж авах гэж байна гэхээс өөрөөр ойлгох аргагүй тийм нөхцөл байдал үүсч байна.

Хэвлэх үйлдвэрийн хуучин барилга дотор “Улаанбаатар таймс” гэдэг сонин байсан. Харин Нийслэлийн хуучин удирдлагууд хувьчлалыг нь буцааж, хурааж авсан. Эрхлэгчээр нь ажиллаж байсан  сэтгүүлч До.Чулуунбаатарыг шоронд хийчихээд байшинг нь хотын өмчинд, сонинг нь дахин хувьчиллаа гэсэн үйл явдлууд 2010-2012 он хүртэл өрнөсөн.

Хувьчилж аваад оруулсан хөрөнгө энэ тэр бол, эрхлэгчийг нь шоронд хийчихээд дахин хуваарилалт хийсэн хотын хуучин дарга нарт огт хамаагүй асуудал байсан биз ээ. Товчхондоо бол, хувийн өмчийг дээдэлдэг капитализм байгуулж байгаа ардчилсан Монголд хүний хөрөнгийг хурааж, шоронд хийсэн 1930-аад оны нугалаа завхрал дахин давтагдсан. Бас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг буруутгаж, орон шоронд суулгасан үхрийн бөөр шиг хэдэн юмных нь нэг нь балгас болсон энэ байшин байсан. Шоронгоор айлгасан ийм арга замаар дахин төрийн мэдэлд очсон хуучин хэвлэх үйлдвэрийн балгас болсон барилгын суурь гэхээсээ илүүтэйгээр газрыг нь хэн авах вэ гэдэг “цусгүй тулаан” одоо цагийн эрх мэдэлтнүүдийн дунд хөшигний ард тун хүчтэй өрнөж байдаг тухай ил, далд олонтаа ярьдаг. Балгасан дээр хэн байшин барьж, төрийн яамдад түүнийгээ түрээслэх вэ гэдгээс нь ялагчийг нь харж болох биз ээ. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн зарлигт “…төр түрээслэх нөхцөл бүхий, хувийн өмчийн барилгыг…” хэмээн заасан байгаа. Харин тэрхүү ирээдүйн ялагчид зөвхөн хэвлэх үйлдвэрийн газар хангалтгүй санагдаад байна уу. Эсвэл нийслэлийн төвшиндөө алдаа гаргаад байна уу. Аль алиныг нь холбогдох газрууд анхаарч, ялгаж салгаж үзэхгүй бол болохгүй нь. Зарлиг гаргасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч  хэрэгжилтэд нь анхаарах биз ээ.

Ардчиллын үнэт зүйлсийн нэг хувийн өмч. Хувийн өмч рүү дайрна гэдэг эргээд ардчилал руугаа дайрч, ардчиллаа устгах гэж байгаатай утга ижил гэдгийг ардчилсан төрийн, ухаажиж амжаагүй байгаа албатууддаа ойлгуулах, сануулах цаг болжээ, Ерөнхийлөгч өө. Тэгэхгүй бол “ухаалаг төр”-ийн төлөө гэдэг уриагаар халхавч хийн иргэдийнхээ хувийн өмч руу халдаж, дээрэмдэх нь.

Угаасаа бүх яамыг нэг байранд оруулна гэдэг нь ч час улаан, нэг том хөнжлөөр нийтээрээ хучиж унтдаг болох тухай соц үеийн шу-ко-гийн багш нарын ярьдаг байсан коммунизм гэдэг “мөрөөдөл” мэт байна гэж шүүмжлэх хүн ч олон байсан, одоо ч байгаа.  Шу-ко гэдэг нь шинжлэх ухааны коммунизмын онол гэсэн үг юм билээ л дээ. Нэгэнт зарлиг шийдвэр нь гарчихсан юм чинь одоо үүнийг яриад яахав гэх хүн ч бий. Гэтэл “ухаалаг төр”-ийн ажил соц үеийн мал нийгэмчилдэг шиг юм болох нь. Социализм байгуулахын төлөө амины малаа суурь сууриар нь тууж аваачин нийгмийнх, нэгдлийнх болгож байсан тэр цагийг мэдэх хачин хүмүүс олон байна. Гэтэл өнөөдөр “ухаалаг төр”-ийн төлөө гээд компаниуд байшингаа нурааж, газрын гэрчилгээгээ хотын даргад аваачиж тушаах болж байна уу.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих