Б.Үүрцайх аавыгаа хавцал руу унасан гэжээ
“Алтай таван богд” ууланд энэ сарын 13-ны өдрийн ням гарагт авирлт хийсэн бөгөөд бууж явахдаа сураггүй болсон байна. Түүнийг хайх эрлийн баг энэ сарын 18-ны өдөр буюу мягмар гарагт мэргэжлийн уулчид болон Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын албаныхан эрлийн ажиллагааг эхлүүлсэн ч үр дүнд хүрч чадаагүй байгаа юм.Эрлийн багийнхан өчигдөр Малчин уул руу авирч, самналт хийх байсан ч цасан шуурга, битүү манантай байгаа тул авиралтыг эхлүүлэх боломжгүй болжээ. Түүнтэй хамт явсан охин Б.Үүрцайх аавыгаа хавцал руу унасан гэсэн мэдээллийг өгөөд байгаа аж.
Одоо Малчин уулын орчимд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг болон уулчид ажиллаж байна. Уул руу өгсөх тусам хад асга, чулуу ихтэй, цасаар шуурч байгаа тул шөнө оройн цагаар эрэл хайгуул явуулах боломжгүй байгаа аж. Тиймээс эрлийн багийнхан өнөө өглөөнөөс эхлэн эртлэн Малчин уул руу авирахаар төлөвлөж байна.
Монгол Алтайн нурууны Алтай таван богд уул нь Монгол Улсын хамгийн өндөр оргил юм. Монгол орны дээвэр хэмээгддэг Таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог. Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш өнөөдрийг хүртэл 800 орчим уулчин авирсан гэх мэдээлэл байдаг. Алтай таван богд уул нь Хүйтэн /4374/, Найрамдал /4192/, Бүргэд /4068/, Малчин /4051/, Өлгий /4050/ гэсэн таван оргилтой бөгөөд уулчин Л.Болдбаатар, түүний охин Б.Үүрцайх нар Малчин оргилд авирахаар явсан юм. Б.Үүрцайх 28 настай, өдгөө Польшид ажиллаж, амьдардаг бөгөөд амралтаараа Монголд ирэхдээ аавтайгаа хамт авиралт хийхээр төлөвлөн замд гарчээ.
Н.Батаа
Эх сурвалж: new.mn
URL: