Үйлдвэржилтэд “гологдсон” бүсгүйчүүд

14219-2tГ.ГАНЧИМЭГ

Үндэсний статистикийн хорооны тооцсоноор Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо энэ оны нэгдүгээр сард 42.5 мянга байгаагаас 22.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн ажилгүйдэл өмнөх оны мөн үеийнхээс 2.4 пунктээр өсчээ. Харин Хөдөлмөрийн яамныхан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүгээр 40-өөс дээш насныхан, тэтгэвэрт гарсан ахмадууд, оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болно. Энэ бодлогынхоо хүрээнд 10 мянган оюутныг их бүтээн байгуулалтын талбартаа ажиллуулж, өндөр настнуудын туршлагыг ашиглах тусгай хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх юм. Шинээр 50 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно” гэж тооцоолжээ.

Одоогоор ажлын байр шинээр бий болгохын тулд хэд хэдэн сангаас иргэд, бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгож буй юм байна. Тухайлбал, өнгөрсөн онд 84 тэрбум төгрөгийн зээл олгосноос 14 тэрбумыг нь орон нутагт хуваарилжээ. Иргэдэд илүү ойр дөхөм буюу хамгийн их дэмжлэг болдог нь Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн эх үүсвэр. Энэ онд тус сангийн эх үүсвэрийг 500 тэрбум, сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 150 сая төгрөгт хүргэж нэмэхийг зорьж байгаа аж. Харин одоогоор Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх санд 246 тэрбум төгрөг эргэлддэг юм байна. Үүнийг хүн амын тооноос нь хамаараад нэг суманд 200-800 сая төгрөгөөр бодож хуваарилдаг аж.

Шинэчлэлийн Засгийн газар үйлдвэржилтийн бодлого төлөвлөн хэрэгжүүлж буй нь хөрснөө ингэж бууж байна. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Ажлын байр нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хот хөдөөгийн хаана ч ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр зуучлалын сүлжээ нэвтрүүлэх ажлууд үр дүнгээ өгч эхлээд байна. Ажлын байрны талаарх улсын хэмжээний мэдээллийн сан үүсгэж, интернэтэд холбогдсон сумд, нийслэлийн бүх хороог хамруулан 345 байршилд онлайн бирж байгуулсан нь хөдөлмөрийн салбарын үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэхэд түлхэц болсон” гэв.

Өнгөцхөн харахад, үйлдвэржилтийн бодлогоор эрчүүд ажилтай болоод байгаа мэт. Гэтэл эмэгтэйчүүдийн ажилгүйдэл өссөн дүр зургийг зарим нь арай өөрөөр тайлбарлаж байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх сайн буюу ажил хайж Хөдөлмөрийн биржид бүртгүүлэх нь олон. Өөрөөр хэлбэл, эрчүүдээс илүү эмэгтэйчүүд хөдөлмөр зуучлалын байгууллагад ханддаг болж таарах нь. Тиймээс эмэгтэйчүүдийн ажилгүйдэл өссөн мэт харагдаж байгаа гэж тайлбарлах нэгэн ч байна. Юутай ч албан ёсны статистик мэдээллээр эмэгтэйчүүдийн ажилгүйдэл өсөв. Магадгүй энэ нь уул уурхай, барилгын салбарын эрчимтэй өсөлттэй холбоотой ч байж болох юм. Тиймээс Дархан, Эрдэнэтэд хүнд үйлдвэрүүд буюу уул уурхай, барилгажилтаа дагуулан хөнгөн болон хүнсний үйлдвэр байгуулж байсан шиг бодлого хэрэгтэй болох нь гарцаагүй. Манай улс өндөр хөгжилтэй Япон, Солонгос шиг эхнэрийг нь хүүхэд харуулж, гэрт нь суулгаад нөхөрт нь хоёр хүний цалин өгч чадахгүй нь тодорхой. Ийм нөөц ч үгүй биз. Тиймээс хэдхэн жилийн дараа эмэгтэйчүүдээ ажлын байртай болгох бодлого үгүйлэгдэж болзошгүй. Эрчүүд хөл хүндтэй болох, хүүхэд асрах зэргээр ажлын байрнаасаа хөндийрдөггүй давуу талтай. Гэвч “Хүн хэлэхээс нааш санахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй”. Тиймээс үйлдвэржилтийн бодлоготойгоо хамт эмэгтэйчүүдийнхээ ажилгүйдлийг давхар тооцоолох хэрэгтэй болох нь.

 

 

 

Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр, 2014 оны 1 дүгээр сарын эцсийн байдлаар

 

 

 

Эх үүсвэр: Хөдөлмөрийн яамны сар бүрийн мэдээ

Ажил хайгч гэж ажилгүй эсхүл ажилтай боловч ажлын нөхцөлөө сайжруулах, нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн иргэнийг ойлгоно.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих