Түүхийг улстөржүүлэхгүй байхыг уриалав

IMG_7594Сүхбаатарын хөшөөг буулгах талаар яриа гарсантай холбогдуулан МАН болон Монголын ногоон нам хамтран өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Хэвлэлийн бага хуралд МАН-ын Дотоод асуудал, хамтын ажиллагаа, ТББ хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, МНН-ын намын дарга О.Бум-Ялагч, жанжин Сүхбаатарын гэр бүлийг төлөөлж н.Сүхгэрэл нар оролцсон юм. Тэд “НИТХ-аас долоон хүн сууж байгаад шийдвэр гаргаж, жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн. Тэгвэл өдгөө Сүхбаатарын хөшөөг нүүлгэнэ гэсэн яриа гарах болсон нь дээрх жишээг давтахгүй байх баталгаа алга” гээд хэдхэн хүнээр асуудлыг шийдүүлж ардчиллын үндсэн зарчмаасаа гажсан, хөшөө дурсгалын байрыг өөрчлөх, нэршлийг солих зэргээр олон нийтийн анхаарлыг өөр асуудалд хандуулж, сатааруулах гэсэн үйлдэл хийхийн оронд ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, хог хаягдал гэсэн нийгмийн асуудлууддаа илүү анхаарах ёстой гэв.

Монгол орны тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан хүмүүсээ үгүйсгэх нь эргээд дурсах баялаг түүх, бахархах зүйлгүй болгож буйн нэг хэлбэр. Тиймээс түүхээр улс төржилгүй түүхээ түүх чигээр нь үлдээхийг энэ үеэр уриаллаа.

Б.Туул

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих