Орон сууцны захиалгыг ирэх сараас авна
Засгийн газраас зорилтот бүлэгт чиглэсэн хямд өртөгтэй орон сууц ашиглалтад оруулж, орон сууцны журам баталсантай холбогдуулан Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Буянт-Ухаа1” хорооллын эхний ээлжний 567 айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд энэхүү орон сууцанд орох иргэдийн талаархи нарийвчилсан журмыг ТОСК-оос гаргахаар ажиллаж байгаа аж. Тодруулбал, төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, залуу гэр бүлүүдэд тавигдах шаардлага ямар байх талаар нарийвчилсан журам батлах аж. Иргэдээс өргөдөл авахдаа цахим хэлбэрээр буюу ТОСК-ийн вэб сайтаар дамжуулан бүртгэлийг авах юм байна.
“Буянт-Ухаа 1” хорооллын 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувийн зорилотот бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, залуу гэр бүлийхэнд олгох юм. Иргэдээс өргөдөл авахын тулд цахим бүртгэлийг ашиглаж байгаа бөгөөд тодорхой хэмжээний зохицуулалт, хийх ажил байгаа учраас ирэх сарын эхээр өргөдлөө авч эхлэхэээр төлөвлөж байгаа гэж ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга хэлсэн. Иргэд өргөдөл, материалаа өгөхийн тулд ТОСК дээр дугаарлах, урт дараалал үүсгэх шаардлагагүй бөгөөд зөвхөн цахим хэлбэрээр бүртгүүлж, өөрийн нууц дугаарыг авах боломжтой. Цахим хэлбэрээр бүртгүүлсэн, 30 хувийн урьдчилгаа мөнгөө төлсөн тохиолдолд байр авах эрхийг нь ТОСК-оос баталгаажуулснаар банкинд хандах юм байна.
Иргэдээс ирсэн материал ашиглалтад орсон байрны тооноос илүү гарсан тохиолдолд олон нийтэд ил тод байдлаар сугалаа сугалах аргаар байр өгөхөөр ТОСК ажиллаж байгаа гэлээ. Үүнээс гадна төрийн албан хаагчид, төрийн байгууллагад тодорхой квот тогтоох юм байна. Төрийн байгууллагууд квотын дагуу дотроо сонгон шалгаруулалтаа явуулснаар ТОСК-ийн цахим хуудаст бүртгүүлж, урьдчилгаа 30 хувь, бусад материалаа өгснөөр байрандаа орох боломжтой. Иргэдэд Засгийн газраас тавьсан журмын дагуу шалгуур тавих юм.
“Буянт-Ухаа 1” хорооллын үлдсэн хэсэг нь тавдугаар сарын 23-нд ашиглалтад орох бөгөөд сургууль, цэцэрлэг, худалдааны төв зэрэг бүрэн үйлчилгээтэй цогцолбор юм. ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга “Хямд өртөгтэй орон сууц “Буянт-Ухаа 1” хорооллоос гадна ирэх жил 10 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар судалаа ажлаа хийж байна. ТОСК-ийн зүгээс иргэдээ орон сууцжуулах зорилгоор цаашид ч ажилласаар байх болно. Ганц энэ удаа боломжит орон сууц оруулах биш цаашид олон боломж бий болно гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй байх” гэлээ.
Ш.ЧИМЭГ
URL: