Үүрийн голын гүүр буюу төсвөөс өндөглүүлэх арга

УИХ-ын намрын чуулганы завсарлагааныг ашиглан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн өдрүүдөд Хөвсгөл аймгийн Мөрөн, Их-Уул сумдад ажиллав.

УИХ-аас Монгол Улсын 2014 оны төсвийг батлахын өмнө төсөвт өртөг нь өссөн 200 гаруй обьектыг царцааж, Үндэсний аудитын газраар шалгуулж дүгнэлт гаргуулсны дараа уг асуудлыг дахин хэлэлцэн шийдвэрлэхээр болсон юм. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ хөрөнгө оруулалт нь царцсан барилга, обьектуудтай газар дээр нь танилцаж, компанийн төлөөлөлтэй уулзаж, холбогдох хүмүүсийн санал бодлыг сонслоо.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд төсөвт өртөг нь өссөн гэх жагсаалтад багтсан таван обьект байгаа юм. Үүний зэрэгцээ маргаантай хууль зөрчсөн асуудал ч хөндөгдлөө.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн хоёрдугаар дунд сургуулийн спорт заалны барилгын тендэр өнгөрсөн онд зарлагдаж, гүйцэтгэгч компани шалгарсан хэдий ч маргаан гарснаар цуцлагджээ. Ийм байтал 2014 онд спорт заалны барилга барихад шаардагдах хөрөнгийг 2014 оны төсвийн тодотголд суулгаж өгөх хүсэлтийг сургуулийн захиргаанаас тавьсан нь буруудав. Учир нь тендертэй холбоотойгоор маргаан гарсан бол дахин зарлаж, гүйцэтгэгч шалгарна. Тухайн шалгарсан компани ямар үнээр барихаа тодорхойлсон байх ёстой. Тэгж байж, төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах ажлын хөрөнгө улсын төсөвт суух ёстой атал тендэр нь зарлагдаагүй байхад “Хөрөнгийг суулгаж өг” гэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат холбогдох хүмүүст нь хэллээ.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн төвд Багш хөгжлийн ордон барихаар болж, суурийг цутгахад 100 сая төгрөг зарцуулсан ажлын явцтай танилцав. Аймгийн багш нарын тодорхойлсноор 2000 гаруй багш, ажилчинд өөрийн гэсэн байр байдаггүй, аймгийнхаа Хөгжимт драмын театрын 4-5 өрөөг гуйх замаар сургалт зохион байгуулахаас эхлээд зарим төрлийн ажлаа амжуулдаг. Тиймээс Багш хөгжлийн ордонтой болох нь чухал тул мөн л шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2014 оны төсвийн тодотголд суулгаж өгөх хүсэлтийг тавьсан юм.

Эл хүсэлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Багшийн хөгжлийн ордноос илүү цэцэрлэг, сургуулийн байрыг барьж ашиглалтад оруулах нь хоолойд тулсан их ажил болж байгаа. Нутгийн удирдлагын ордон гээд том байр аймгийн төвд байна. Түүнээс 4-5 өрөөг нь эзэмшээд үйл ажиллагаа явуулахад болохгүй гэх газаргүй. Өмнө нь аль ч аймаг Багшийн хөгжлийн ордонгүй хэрнээ сургуулийнхаа хичээлийн байрыг боломжоороо ашиглаад өөрсдийгөө ч хөгжүүлээд, өрөөлийг ч сургаад болж л байсан. Тэр цаг үетэй өнөөдрийг харьцуулахад боломж, бололцоогоо ашиглавал ордон барьж байгуулахгүйгээр хөгжөөд явах бололцоо байна” гэлээ.

Үүрийн голын гүүрийг барих шаардлагатай юу?

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт орших Үүрийн голын гүүрийг барихад одоо 8 тэрбум төгрөг шаардлагатай аж. Өнгөрсөн жилүүдэд 3.2 тэрбум төгрөг зарцуулж, зарим ажлыг гүйцэтгэжээ. Жил, жилд хөрөнгө оруулалт нь өссөөр өнөө жил 8 тэрбумд хүрээд байгаа энэ аж.

Орон нутгийн иргэдэд бол энэ гүүр маш их хэрэгтэй, цас ханзрах, мөстөхтэй зэрэгцээд Үүрийн голын гүүрээр гатлахад хүнд болдог. Зарим тохиолдолд машинтайгаа унаж эрсдэх ч аюултай. Тиймээс гүүрийг барьж ашиглалтад оруулчихвал орон нутгийн иргэдэд хамгийн их хэрэгтэй.

Гэвч 11.2 тэрбум төгрөгөөр гүүр барина гэдэг одоогийн нөхцөлд амаргүй аж. Мөн төсөвт өртөг нь үнэн зөв гарсан уу гэдгийг нягтлах ч шаардлагатай. Улсын хэмжээнд олон гүүр баригдаж байгаа ч үүн шиг 11.2 тэрбум төгрөг шаардаж босох өндөр өртөгтэй гүүр баригдаагүй. Тиймээс хөрөнгө оруулалтынх нь зардлыг нягтлах шаардлага бийг Д.Эрдэнэбат дарга онцоллоо.

Хөвсгөл аймгийн хувьд энэ онд баригдахаар төлөвлөгдсөн бас  нэг гүүр нь Рашаант сумын нутаг Сэлэнгэ мөрний дагуу баригдах Цацын булангийн гүүр аж. Ажлын гүйцэтгэл 20 орчим хувьтай. Нийт 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босно, үүнээс 500 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулж авсан. Үлдсэнийг нь өнөө жилийн төсвийн тодотголд суулгаад өгчихвөл Хөвсгөлчүүд Цацын булангаар дамжин явахад саадгүй болох аж.

Нөгөө талдаа Хөвсгөл-Улаанбаатар хот хооронд зорчих иргэдийн хувьд хамгийн дөт зам нь болдог гэдэг утгаараа энэ гүүрийг ашиглалтад оруулах нь хамгийн чухал юм байна. Цацын гүүрээр дамжин явахад 160-170 орчим км замыг дөтөлдөг байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ онд баригдахаар төлөвлөгдсөн хамгийн чухал бүтээн байгуулалтад олон улсын нисэх онгоцны замын өргөтгөл аж. Нийт 2.4 км зам барих ёстойгоос өнгөрсөн жил 650 метр замыг нь барьжээ. Эл замын өргөтгөл ашиглалтад орсноор олон улсын нислэг хүлээн авах боломжтой болно. Энэ нь эргээд Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлоготой яв цав нийцэх аж. Замын өргөтгөлийг барьж байгуулахад 3.2 тэрбум төгрөг шаардагдана гэх тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих